ОБЕГ: Нэгж авах гэж ажлаасаа гараад сураггүй алга болжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.07-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Нэгж авах гэж ажлаасаа гараад сураггүй алга болжээ

ОБЕГ: Нэгж авах гэж ажлаасаа гараад сураггүй алга болжээ

Онцгой байдлын Ерөнхий газарт өчигдөр /2019.01.06/ объектын түймрийн таван дуудлага иржээ. Тодруулбал,  

  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдүгээр багийн нэгдүгээр гудамжинд иргэн С-ын 8х4 метрийн хэмжээтэй граж ,
  • Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст  багийн Салхин сэнсгэдэг газар иргэн Б-ын Норд бенз загварын ачааны автомашин,
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 41 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатжээ. Галын улмаас 46 настай эрэгтэй У, 40 настай эрэгтэй И нар  нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
  • Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн  наймдугаар гудамжинд иргэн Б-ын 5 ханатай гэр,
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн  малчин М-ийн 8х30 метрийн хэмжээтэй өвөлжөө, 30 тн өвс шатаж байсныг алба хаагчид тус, тус унтраасан байна.

НЭГЖ АВАХ ГЭЖ АЖЛААСАА ГАРЧ ЯВААД СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ

Үүнээс гадна Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн 17 дугаар гудамжинд Нүнжиг хүнсний цехд ажилладаг тус сумын харьяат иргэн 44 настай эмэгтэй У энэ сарын 2-ны өдөр сураггүй алга болжээ. Тэрбээр  тус өдөр 11.00-12.00 цагийн орчим утасны нэгж авах гэж ажлаасаа гарч яваад сураггүй болсон учраас  тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Ийн ар гэрийнхэн нь эрэн хайх хүсэлтийг энэ сарын 5-ны өдрийн 11.00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сайн дурын нийт 25 хүн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байсан ч ар гэрийнхэн нь өөрсдөө хайх шийдвэр гаргасан учраас алба хаагчид эрэн хайх ажиллагаанд оролцохоо больжээ. 

  • Мөн Баян-Өлгий аймгийн Сагсай сум зургадугаар багийн Даян нуур гэдэг газар  иргэн А-ын жолоодож явсан Стивр загварын ачааны автомашин  2019 оны  арванхоёрдугаар сарын 1-ний өдөр  Даян нуур дээр зорчиж яваад мөс цөмөрч живсэн байна. Цаг агаарын байдлаас шалтгаалж автомашиныг татан гаргах ажиллагааг тухайн өдөр зогсоосон бөгөөд энэ сарын 5-ны  өдрийн байдлаар нуурын усанд гурван  метрийн гүнд дөрвөн  удаа шумбалт хийж, осолдсон автомашиныг Зил-130 загварын ачааны  гурван автомашинаар татаж,  автомашиныг эрэг дээр татан гаргажээ. Осолдсон иргэний цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжлүүлж буй.

ТЦА: СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН АРВАН  ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Харин Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс  өчигдөр /2019.01.06/ нийт 205 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 152 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас   гурван хүн гэмтэж бэртэж  орон нутагт нэг  хүний амь нас хохирчээ. Тухайлбал, өчигдөр  өдрийн 17.20 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын   дөрөвдүгээр  баг Улаан-уул гэх газар шороон замд Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 33 настай эрэгтэй Ж нас баржээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон арван  жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

ЭНХТАЙВНЫ ГҮҮРНЭЭС УНАЖ, АМИА АЛДЖЭЭ

Мөн өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 7-ны 03.00 цагийн үед Энхтайван гүүрнээс эрэгтэй хүн уналаа гэдэг дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг хэрэг Энхтайваны гүүрний камерын хяналтын бичлэгт бичигдэж үлдсэн бөгөөд талийгаач гүүрний хашлага дээр зогсч байгаад ямар нэгэн гаднын нөлөөгүйгээр арагшаа унасан хэмээн эх сурвалж хэллээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж