УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарах улс төрийн шийдвэр гаргахаар болжээ. Энэ талаар түүнээс тодруулахад "Н.Энхбаяр гэдэг хүн 11 удаа намайг МАХН-аас хөөсөн. Хамгийн сүүлд Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын хэрэгтнийг нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг намайг хөөцөлдөж оруулсан гэж намайг гүтгэлээ. Гэтэл би тэр заалтыг нь дэмжээгүй, тэр асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаанд нь ч оролцоогүй. Гэтэл намайг гүтгэсэн. Ер нь Н.Энхбаяр гэдэг хүн намайг олон удаа намаасаа явуулахыг хүсэмжилж байгаа. Тиймээс би улс төрийн шийдвэр гаргахаар болсон. Одоогоор албан ёсоор намаасаа гарах өргөдлөө өгөөгүй байна. Намаасаа гарлаа гэхэд намууд санал тавибал бодож үзнэ" гэж тодотголоо.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд 2012, 2016 онуудад МАХН-аас нэр дэвшиж, хоёр удаа парламентад сонгогдсон. Одоогоор парламент дахь цорын ганц МАХН-ын гишүүн юм. Хэрэв О.Баасанхүү намаасаа татгалзвал МАХН парламентад суудалгүй нам болох юм.
Сануулахад, УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарна гэдгээ удаа дараа хэлж байсан бөгөөд өнгөрсөн 2018 онд намын их хурлаа зохион байгуулж, өөрөө намын даргаар сонгогдож, Улсын дээд шүүхэд хандаж байсан удаатай. Гэвч Улсын дээд шүүх МАХН-ын энэ асуудлыг дотооддоо шийд хэмээн буцааж байсан юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ