Сонгуулийн тухай хуульд 2020 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар болсон учраас хоёрдугаар сарын 1-ээс өмнө МАН тойргоо хувааж, мандатын тоогоо тодорхой болгох хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 12.1-д тойргийг УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө байгуулна хэмээн заасан тул 2020 оны нэгдүгээр сарын 25-нд багтаан тойргоо зурж, батлуулах үүрэгтэй.
Тэгвэл МАН нэг мандаттай орон нутгийн мандатын тоог нэмж, тойргоо 26-30 орчим байхаар тогтжээ. Тодруулбал, хамгийн их хүн амтай нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хоёр хувааж, тойргийн тоог нэмэгдүүлэх бол нэг мандаттай аймгуудын мандатыг хоёр болгож нэмэгдүүлэхээр тохиролцжээ.
Өөрөөр хэлбэл, орон нутгийн мандатын тоог нэмэгдүүлж, хотын мандатыг цөөлнө гэсэн үг. Жишээлбэл, Говьсүмбэр, Дундговь, Булган, Сүхбаатар зэрэг нэг мандаттай аймгуудын мандатын тоог хоёр болгож нэмэх юм.
Үндсэндээ МАН 2008 онд олонх болж байсан туршлагаа энэ удаад ашиглахаар төлөвлөж буй. Тухайн жилд МАН /хуучнаар МАХН/-аас 39 гишүүн, АН-аас 25, ИЗНН-аас 1, бие даагч 1 гишүүн тус тус сонгогдож байжээ. Ингэхдээ сонгуулийн үр дүнд 7, 18, 25 дугаар тойргууд маргаантай байсан учраас 66 гишүүн тангараг өргөж, МАН эрх барьж, засгийн эрх авч байсан түүхтэй.
2008 ОНД
- Хүн амын тоо 2.564.285
- Сонгуулийн насны хүний тоо-1.607.825
- Нэрийн жагсаалтад бичигдсэн хүний тоо-1.542.617
- Санал өгсөн хүний тоо-1.179.448 /76,46 хувь/
- Хүчинтэй саналын хуудасны тоо-1.160.326 /98,38 хувь/
- Тойрог-26
- Сонгуульд оролцсон нам, эвсэл-12 нам, 1 эвсэл
- Нэр дэвшигч-356
Энэ удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулахгүй ч олонхын суудал авна хэмээн тооцоолсон учраас томсгосон тойргийг сонгосон нь энэ. Гэхдээ МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ сан болон бусад сан, яллагдагчаар татагдсан гишүүдтэйгээ сонгуульд оролцохгүй хэмээн ярьж байгаа гэж улс төрийн хүрээнд төдийгүй, МАН дотор яригдаж буй.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ