Эмч нарын цалингаас хассан уу

Хуучирсан мэдээ: 2015.10.12-нд нийтлэгдсэн

Эмч нарын цалингаас хассан уу

Өнөөдөр эмч нарын төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд “Төсвийн хэмнэлт нэрийдлээр халдварт, сүрьеэ, сэхээн амьдруулах зэрэг хүнд нөхцөлд ажилладаг эмч, сувилагчдын цалинг хасч эхэллээ. Энэ бол одоогийн Эрүүл мэнд спортын сайдын тушаалаар хэрэгжиж буй таагүй шийдвэр. Уг нь 2010 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн тушаалаар дээрх хүнд нөхцөлд ажилладаг эмч, ажилчдын цалин дээр нэмэгдэл болгон 50 хувийг олгохоор заасан хэдий ч хэрэгжихдээ 20 хувь болон буурсан. Тодруулбал, хүүхэд, нярай, сүрьеэ, яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, сувилагч нарын нэмэгдэл цалин байхгүй болж, цалингийн хэмжээ дунджаар 50-100 мянган төгрөгөөр буурсан” хэмээн ярьлаа.

Гэвч дээрх мэдээллийг Эрүүл мэнд, спортын сайд үгүйсгэж, тайлбар хийлээ. Ингэхдээ одоогоос таван жилийн өмнө гарсан С.Ламбаа сайдын шийдвэр огт хэрэгжээгүй. Шалтгаан нь хүнд нөхцөлд ажилладаг эмч, сувилагчдын цалинг нэмэх тушаалаа, тухайн үеийн Засгийн газар, Сангийн яамтай хэлэлцэж гаргаагүй. Энэ нь эргээд улсын төсөвт цалингийн нэмэгдэл суугдаагүй өдийг хүрсэн. Үндсэндээ 2014 оны долдугаар сард тухайн үеийн Сангийн сайд асан Ч.Улааны тушаалаар 2010 оны дөрөвдүгээр сард гарсан эмч, сувилагч нарын цалинг 50 хувиар нэмэх шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэсэн албан ёсны мэдэгдлийг гаргасан байдаг. Нэгэнт ингээд хэрэгжих боломжгүй шийдвэрийг хүчингүй болгохоос өөр арга байгаагүй. Гэхдээ Эрүүл мэнд, спортын салбарын 2015-2016 оны хэлэлцээрт цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг 20 хувиар нэмэгдүүлж, бууруулахгүй гэсэн хэлэлцээрийн заалтыг хүчингүй болгоогүй. Товчхондоо бодитоор хэрэгжээгүй, хэрэгжих боломжгүй хийсвэр тушаалыг хүчингүй болгосон. Ажлаа хийж буй эмч нарын цалингаас 50 хувь байтугай нэг ч төгрөг хасагдахгүй гэж Г.Шийлэгдамба сайд тайлбарлав.

Мөн "Улаан бурхан" өвчний дэгдэлтийн үед ХӨСҮТ-ийн эмч, ажилчид цаг наргүй ажилласан. Улмаар Засгийн газраас дээрх хугацааны илүү цагийг үнэн бодитойгоор тогтоож, цалинг олго гэсэн заавартайгаар 100 сая төгрөгийг улсын төсвөөс хуваарилжээ. Гэтэл одоог хүртэл тус эмнэлгийн ажилчид илүү цагийн хөлсийг авч чадаагүй тухай ҮЭХ-ноос мэдэгдэж, уг асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн. Энэ хүсэлтэд ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба "ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг удаа дараа шалгасан. Мөн салбар яамнаас дээрх эмнэлэгт аудитын шалгалт хийж, санхүүгийн хэлтэс ажлаа хийж чадахгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Иймээс холбогдох албан тушаалтнуудад хариуцлагыг хүлээлгэж, асуудлыг шийдвэрлэхээр салбарынхантайгаа хэлэлцэж байна" гэсэн хариултыг өглөө.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж