Өр нэмсэн бондуудын эдийн засагт нөлөөлсөн "гавьяа"

Хуучирсан мэдээ: 2020.01.07-нд нийтлэгдсэн

Өр нэмсэн бондуудын эдийн засагт нөлөөлсөн "гавьяа"

Өр нэмсэн бондуудын эдийн засагт нөлөөлсөн "гавьяа"

Засгийн газар төрийн сан, Үндэсний засгийн газраас гаргасан бонд хамгийн аюулгүй, урт хугацааны хөрөнгө оруулалтад тооцогддог. Засгийн газар бондын ирээдүйн ханшийг таамаглан тооцох нь улс төрийн тогтвортой байдал, түүний мөнгөний ханш, инфляцийн эрсдэл зэргийг тооцно гэсэн үг юм.

Монгол Улсын Засгийн газар өрийг өрөөр дарж байгаа нь хугацаа л хожсон асуудал болохоос эдийн засагт ашигтай, хэрэгтэй шийдэл биш юм.

Эдийн засаг хямарсан гэж ярихаас илүү дорвитой ажил хийгээгүй Засгийн газрыг дефолт зарлах хэмжээнд хүргэж байж өрөө төлөх арга хэмжээ авсаар ирсэнд нь олон нийт шүүмжлэлтэй хандсаар байгаа юм.  Ингэхдээ энэ бүр нь сонгуультай уялддаг, алсаа бодсон шийдвэрүүд биш байсныг мэргэжлийн хүмүүс сануулсар ирсэн. Гэвч энэ удаад сонгуулийн жилийн босгон дээр Ерөнхийлөгч, МАН-тай хамтран тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргав. Гүйцэтгэх засаглал ямар шалтгаануудын улмаас бонд ар араас нь гаргасныг эргэн саная.

ЧИНГИС БОНД. Монгол Улс анх бонд гаргасан 2012 оноос хойш найм дахь жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл, хүүгийн түвшинд ихээхэн өөрчлөлт орсон. 2012 онд Чингис бондыг 5.175 хувийн хүүтэй гаргаж байсан бол 2016 онд 11.7 хувийн хүүтэй гарч, Монгол Улсын зээлжих зэрэглэл 3-4 удаа буурч, гадаад зах зээл дээрээс өр авах хүүгийн түвшин 2.6 дахин нэмэгджээ.

Монгол Улс Олон улсын валютын сантай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлснээс хойш “Гэрэгэ”, “Хуралдай” зэрэг бонд харьцангуй бага хүүтэйгээр авч чадсан. Одоо Монгол Улсын зээлжих зэрэглэл буцаад 2012 оны түвшин рүүгээ дөхсөнийг эдийн засагчид онцолж байгаа юм.

Засгийн газар 2012 оноос хойш нийт долоон бонд гаргаж, долоон их наяд гаруй төгрөг босгосон. 2021 онд Мазаалай, 2022 онд Чингис, 2023 онд Самурай, Гэрэгэ, 2024 онд Хуралдай бондын өрийг төлнө.

“Чингис бонд гараагүй бол эдийн засаг хямрах байлаа” гэж тухайн үеийн сангийн сайд Ч.Улаан хэлж байв. Дэлхийн банкны мэдээллээр, уг бондыг гаргасан 2012 онд манай улсын эдийн засгийн өсөлт 12.3 хувьтай байв.

Мөн энэ үед дэлхийн томоохон санхүүгийн байгууллагууд болох Дэлхийн банк, ОУВС манай улсын мөнгөний бодлого дээрх эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй тул мөнгөний бодлогоо өөрчлөхийг санал болгож байжээ.

Ч.Улаан “Чингис бондын өр төлбөрөөс айх хэрэггүй. Тус бондыг босгосноор арилжааны банкнуудын чадавхи сайжирч, валютын хүрэлцээ нэмэгдэж, эдийн засаг баталгаатай боллоо” хэмээн хэлж байв. Бондын мөнгөөр улсаа сайхан болгох төсөөлөл байсныг үгүйсгэхгүй ч нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалт цөөн байгааг шинжээчид хэлж байна. Жишээ нь, шинэ төмөр зам төсөлд Чингис бондоос 347.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн, гүйцэтгэл нь 87 хувьтай гэж Хөгжлийн банк мэдээлжээ. Бондын эргэн төлөлтийн хуваарийг харвал 2021-2024 оны Засгийн газрын гадаадын өрийн эргэн төлөлт манай улсын төсөвт ихээхэн дарамт учруулахаар байгаа юм. Чингис бондын эхний өр Гэрэгэ бондоор төлөгдсөн билээ. Чингис бондыг гаргаж байх 2012 онд олон улсын санхүүгийн байгууллагууд Монголын Засгийн газрын бондод хөрөнгө оруулахад тохиромжтой биш гэсэн дүгнэлт өгч байв. “Ройтерс” агентлаг “Монголын Засгийн газрын зээлжих зэрэглэл “ВВ-” үзүүлэлттэй байгаа нь тус улсын эдийн засаг эрдсийн экспортоос хэт хамааралтай, улс төрийн бодлого тогтворгүй, хөгжил буурайгаас хамаарч байна” гэж дурджээ.

ЕВРО БОНД. Монголын эдийн засаг хүнд байсан цаг үед Хөгжлийн банк нийт 600 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний, дунд хугацааны евро өрийн бичиг гаргасан. Үүний үр дүнд шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн жагсаалтад орсон төсөл, хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэх боломж нээгдсэн юм. Өнгөрсөн хугацаанд тус бондын мөнгө төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн, зээл олгосон зэрэгт л зарцуулагдсан шуугиан дэгдэж байв.

ХАТУУ ХЯНАЛТТАЙ САМУРАЙ БОНД. Засгийн газраас 2013 оны 12 сард 30 тэрбум иений бондыг арван жилийн хугацаатай, 1.52 хувийн хүүтэй, гадаад валютаар, хаалттай хэлбэрээр Японы үнэт цаасны зах зээлд арилжаалсан. Энэхүү бондыг гаргахад Японы Засгийн газар батлан даасан бөгөөд зарцуулалтад хатуу хяналт тавьдаг. Энэ хөрөнгийг монголчууд чулуу болгож чадвал том боломж хэмээн эдийн засагчид үзсэн. “Самурай” бондын хөрөнгийг Япон, Монгол хоёр улсын хамтарсан томоохон дэд бүтэц, нийгмийн бүтээн байгуулалтын төслүүд болон газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг үйл ажиллагаанд ашиглахаар төлөвлөсөн ч тус бондын хөрөнгө гудамж талбай гэх мэт аар саархан зүйлд зарцуулагдсан гэхэд хилсдэхгүй.

Засгийн газар “Чингис” бондыг 4.1-5.1 хувийн хүүтэйгээр арилжсан бол “Самурай” бондыг 2.5 дахин бага хүүтэйгээр арилжсан нь “Чингис” бондоос ашигтай хувилбар гэж үзсэн.

ДОТООДЫН ҮНЭТ ЦААСЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ДИМ САМ БОНД.  Нэг тэрбум юань буюу 160 сая долларын бондыг 2015 онд олон улсын зах зээлд арилжаалсан ба энэ нь гурван жилийн хугацаатай, 7.5 хувийн хүүтэй юм. Бондыг арилжаалсан зорилго нь 2015 онд хугацаа нь дууссан Засгийн газрын өндөр хүүтэй дотоодын үнэт цаасыг санхүүжүүлэх явдал байв.

Өнгөрсөн 2018 онд Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлд “Гэрэгэ” бонд гаргаж, 800 сая ам.долларын санхүүжилт босгосон бөгөөд энэхүү бондын санхүүжилтээр “Дим Сам” бондын 160 гаруй сая ам.долларын эргэн төлөлтийг хийж гүйцэтгэсэн.

ХАМГИЙН ӨНДӨР ХҮҮТЭЙ МАЗААЛАЙ БОНД. 2016 оны гуравдугаар сард таван жилийн хугацаатай 500 сая долларын бондыг 10.875 хувийн хүүтэй гаргасан. Энэ нь Засгийн газрын 2011 оноос хойших хамгийн өндөр хүүтэй бондод тооцогддог. Тухайн үед төсвийн алдагдал их наяд орчим төгрөгт хүрээд байсан ба алдагдлыг нөхөх зорилгоор Мазаалайг гаргажээ. Мазаалайгийн хүүд 2018 оны нэгдүгээр сарын 19-ний байдлаар нийт 131 тэрбум 805 сая, өдөрт 72 сая 221 мянга, цагт нэг сая 203 мянга, секундэд 20.061 төгрөг төлж байв.

Өнгөрсөн оны гуравдугаар сарын байдлаар, "Мазаалай" бондын ханш сүүлийн нэг жилд 3.4 хувиар унаж, хөрөнгө оруулагчдын шаардах өгөөж нь 10 орчим хувиар унажээ.

ХАГАС ЖИЛД 65 ТЭРБУМЫН ХҮҮТЭЙ ХУРАЛДАЙ БОНД. Евро бондын өрийг дарахын тулд Хуралдайг 2017 онд босгосон ба 8.75 хувийн хүүтэй, 600 сая долларын өрийг 2024 онд төлнө. Үндсэн төлбөр хийгдэх хүртэл гэрээний дагуу хагас жил тутам хүү төлж байна. Манай улс уг бондын хүүд хагас жил тутамд 26 сая 250 мянган доллар буюу 63 тэрбум гаруй төгрөг төлөх ёстой. Бид өмнө нь байсан өндөр хүүтэй өрөө бага хүүтэй өрөөр өөрчилж, хугацааг нь сунгаж, хүүг нь бууруулсан гэсэн үг гэж тухайн үед Засгийн газраас тайлбарлаж байв. “Хуралдай” бондын 76 хувийг АНУ-ын хөрөнгө оруулагчид, 18 хувийн Европын хөрөнгө оруулагчид, зургаан хувийг Азийн хөрөнгө оруулагчид бүрдүүлсэн гэх мэдээлэл байдаг.

ГЭРЭГЭ БОНД. Чингис болон Дим Сам нарын өрийг төлөх зорилгоор Засгийн газар 2017 оны 10 сард 5.5 жилийн хугацаатай 5.625 хувийн хүүтэй 800 сая долларын Гэрэгэ бондыг арилжаалсан байна. Бондын эргэн төлөлтийг 2023 онд хийх учиртай.

Өмнөх бондоо шинээр санхүүжүүлж, өрийн менежмент хийсэн. “Мазаалай”, “Хуралдай” бондтой харьцуулахад “Гэрэгэ” бондын хүү буурсан. Үүнд Засгийн газрын ОУВС-тай байгуулсан өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа нь голчилж нөлөөлсөн. Мөн олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотойгоор төлбөрийн тэнцлийн алдагдал буурсан зэрэг эерэг мэдээлэл ч нөлөөлсөн гэдэг.

Төгсгөлд өгүүлэхэд, Засгийн газрын 2019 оны 76 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд шалгалт хийж 62 зөрчил, дутагдал илрүүлсэн. Улмаар 2012-2016 онд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгосонтой холбоотой асуудлаар банкны эрх бүхий албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, зээлээ хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн зээлийг төлүүлэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандахыг даалгасан. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, ажилдаа хариуцлагагүй хандаж, хууль, дүрэм, журам мөрдөж ажиллаагүй гүйцэтгэх удирдлагыг нэн яаралтай өөрчлөх, банкны менежментийг олон улсын туршлагатай багт хариуцуулах асуудлыг судлан шийдвэрлэхийг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгасан билээ.

Харин одоо Салхитын мөнгөний ордыг түшиглэх бондын нэр тодорхойгүй ч өр тэглэх нь тодорхой болоод байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж