Австрали улсад жил бүр л их бага хэмжээний ой хээрийн түймэр гарч байдаг. Гэвч энэ удаагийн түймэр шиг их хохирол амссан түүх байхгүй. Австраличууд хэдий түймрийн гамшигт маш сайн бэлтгэгдсэн, эрсдлийг даван туулах хөтөлбөр төлөвлөгөөг хангалттай боловсруулсан байдаг ч энэ удаад үнэхээр хүчин мөхөсдөж, өвдөг сөхөрч байна. Энэ бүхний шалтгаан юу байв, хэр их хохирол амсав, үүнд хэн хариуцлага хүлээх вэ?
АВСТРАЛИЙН ТҮЙМРИЙГ ЦАГ ХУГАЦААНЫ ДАРААЛЛААР ТОЙМЛОВОЛ
- 2019 оны есдүгээр сарын 6-ын өдөр түймэр Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн хойд хэсэгт эхэлжээ.
- Маргаашнаас нь түймэр хяналтаас гарч Зүүн өмнөд болон Хойд Күийнсландийн бүс нутгийн айл хот руу оров.
- Түймрийн хоёр дахь өдөр Күийнсландийн Гол Коаст хотод байдаг 86 жилийн настай түүхэн барилга галд шатав.
- Аравдугаар сарын эхээр Коала баавгайн үржүүлгийн газар түймэрт өртсөний улмаас хэдэн зуун коала баавгай амьдаараа шатав.
- Шинэ Өмнөд Уэльсийн алслагдсан ойд хэд хэдэн ойн түймэр гарч эхлэв.
- Австралийн алслагдсан муж арал болох Тасманд түймэр хүрэв.
- Арваннэгдүгээр сарын эхэн гэхэд Шинэ Өмнөд Уэльс мужийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1,2 сая акр талбай шатав.
- Ойн түймрийн улмаас цаг агаар маш их хуурай, халуун болж, ард иргэд гэрээс гарахын аргагүй болж, арьс нь улайж түлэгдэж, астмагаар өвдөж, амьсгалахад хүндрэлтэй болж эхлэв.
- Сарын дундуур эрх баригчид түймэр хурдацтай тархаж байгаа учраас Өмнөд Австралийн оршин суугчдыг ойн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж, зарим бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж эхлэв.
- Түймрийн улмаас олон зуун сургуулиуд хаалгаа барив.
- Арванхоёрдугаар сарын эхэн үеийн байдлаар экологичдийн тооцоолж байгаагаар Австралийн коала баавгайн 30 орчим хувь буву 8000 нь ойн түймрийн улмаас үгүй болсон гэсэн тооцоо гарав.
- Машин дээр нь шатсан мод унасны улмаас хоёр сайн дурын гал унтраагч нас барав.
- Түймрийн утаа 2,300-аад километрийн алсад орших Шинэ Зеландын тэнгэрийг бүрхэж, тус улсын мөсөн арал түймрийн тортогт хучигдаж, элсэн шаргал өнгөтэй болж хувирав.
- Түймрийн өтгөн утаанаас үүдэн олон арван нислэгүүд цуцлагдав.
- Түймэр Австралийн эргийн дагуух бүст ирснээс орон нутгийн иргэд болон жуулчид нийлсэн 4,000 орчим хүн гарах гарцгүй болон хашигдаж, завин дээр толгой хорогдож байв.
- Австраличууд шинэ оноо цусан улаан тэнгэр доор, гэр орноосоо дайжсан байдалтай угтав.
- Нэгдүгээр сарын 05-ны өдөр түймрийн зарим бүс нутагт бороо орж, агаарын хэмийг тодорхой хэмжээнд буруулсан ч энэ нь тив даяар шатаж буй түймрийг унтраах хэмжээний хүчтэй бороо биш байв.
ЭХ ОРОН НЬ ШАТАЖ БАЙХАД ЕРӨНХИЙ САЙД НЬ ХАВАЙД АМАРЧ БАЙВ
Арванхоёрдугаар сарын 20-ны үеэр эх орон нь дүрэлзэн шатаж байхад гэр бүлийн хамт Хавайн арал дээр амарч зугаалж явсан Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисоныг олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэв. Хүнд хэцүү цаг үед эзгүй байгаа Ерөнхий сайдаа ард иргэд нь цахим сүлжээнд #WhereisScoMo, #WhereTheBloodyHellAreYou зэрэг хаштаг ашиглан сураглаж эхэлсэн бөгөөд түүнийг Хавайд амарч байгаа гэдэг цуурхал тарсан байв. Харин Засгийн газрын зүгээс Хавайд амарч байгаа гэсэн мэдээллийг эрс няцаагаад байсан ч харамсалтай нь энэ нь үнэн болж таарсан юм. Хавайд амарч байгаагаа хүлээн зөвшөөрөөд, болж буй бүх үйл явдлын мэдээллийг цаг алдалгүй авч байгаа гээд ард иргэдээсээ хүлцэл өчиж, амралтаа төлөвлөсөн хугацаанаасаа эрт дуусган эх орон руугаа буцсан. Одоо ч түүнийг гал, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, гал түймрийг бага дээр нь дарах асуудалд хойрго хандсан хэмээн буруутгасаар байгаа.
Скотт Моррисон болж буй нөхцөл байдлын талаар Ням гаригт /2020.01.05/ мэдэгдэл хийж, гал түймрийн аюул нэгэнт хяналтаас гарсныг мэдэгдээд түймэр цаашид хэдэн сар ч үргэлжилж магадгүйг анхааруулав. Мөн тэрбээр олон сарын турш хүнд нөхцөлд ажилласан гал сөнөөгчдөд болон түймэрт орон гэрээ алдсан ард иргэдэд тусламж үзүүлэхээ амлав. Энэ ажилд нийт 1,3 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулахаар болсон ба гал түймэртэй 10-аас дээш өдөр тэмцсэн гал сөнөөгчид болон сайн дурийнханд хүн тус бүрт 4,200 ам.долларын урамшуулал олгохоор болов.
ХАГАС ТЭРБУМ АН АМЬТАН АМЬДААРАА ХУЙХЛАГДАВ
CNN агентлаг түймрийн улмаас амссан хохирлыг тоон үзүүлэлтээр жагсаажээ.
- Есдүгээр сараас хойш нийт 24 хүний алтан амь эрсдэв
- 480 сая орчим ан амьтад амьдаараа хуйхлагдав
- Зөвхөн Австралид л амьдардаг коала баавгайн гуравны нэг нь буюу 30 гаруй хувь нь устав.
- Сиднейн агаарын чанар аюултай түвшнөөс 11 дахин өсөв.
- Одоогоор улс даяар зургаан мужид 14,7 сая акр газрыг хамарсан 146 хэсэгт түймэр шатаж байна.
- 2,700 орчим гал сөнөөгч түймрийн голомтод ажиллаж байгаа ба үүн дээр 3,000 орчим цэргийг нэмж дайчилж байна.
Цахим сүлжээ болон дэлхийн хэвлэлүүдээр нийтлэгдэж буй амьдаараа хуйхлагдсан, галаас зугтаан хүмүүсээс аврал эрэн амь тэмцэж буй амьтдын зураг Австралид гарч буй түймэр гамшгийн хэмжээнд хүрээд байгааг тод харуулж байгаа юм. Мөн өөр нэг сэтгэл шимшрэм дүр зураг хэвлэлүүдээр гарсан нь гал түймэртэй тэмцэж байгаад амиа алдсан эцгийнх нь эр зоригийн одонг ой гарантай хүүд нь зүүж өгч буй зураг байв.
АЛДАРТНУУД ТҮЙМРИЙГ УНТРААХАД ХАНДИВ ӨРГӨЖ ЭХЛЭВ
Австралийн хошин урлагийн жүжигчин Селесте Барбер өөрийн сошиал сүлжээндээ хандивын аян өрнүүлж 35 сая ам.доллар, Америкийн дуучин Пинк 500 мянган ам.доллар,жүжигчин Николь Кидман 500 мянган ам.доллар гэх зэргээр хандив өргөж байгаа бол Ким Кардашиан, Леонардо Дикарио, Селена Гомез, Их Британийн ханхүү Харрийгийн гэр бүл зэрэг олон арван алдартнууд өөрсдийн дагагч нараа уриалан хандивын аян өрнүүлэх замаар түймрийг унтраахад хувь нэмрээ оруулж байна. Түүнчлэн нэгэн инстаграм хөгжүүлэгч эмэгтэй өөрийн нүцгэн зургуудаа 10 ам.доллараар зарах замаар 500 мянган ам.доллар цуглуулж хандивласан нь цахим сүлжээ хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татжээ.
ХҮЧИН ЗҮЙЛС БА СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ГАРСАН БУСАД ТОМООХОН ТҮЙМРҮҮД
Хүн төрөлхтөн сүүлийн 30 жилд хүн төрөлхтөн ойн нөөцийнхөө тал хувийг нь түймэрт өргөжээ. Сүүлийн хоёр жилд л гэхэд дэлхийн ойн нөөц бүхий газруудад дөрвөн том түймэр гарсан юм. АНУ-ын Калифорнид 2018 онд гарсан түймэр хоёр сая акр газрыг хамарсан бол 2019 оны нэгдүгээр сард дэлхийн уушги гэгддэг Амазоны ой түймэрт автаж дэлхий нийтийг сандаргасан. Энэхүү гамшигт үзэгдэлийн дараахан ОХУ-н Сибирийн ойд түймэр гарч 6,7 сая акр газар шатсан. Улмаар агаар мандалд 49 мегатонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгарсан нь 36 сая автомашинаас ялгарах утаатай тэнцэхүйц хэмжээтэй байна хэмээн мэдээлж байв. Харин есдүгээр сараас өнөөдрийг хүртэл үргэлжилж буй Австралийн түймэр нь Сибирьт гарсан түймрээс даруй хоёр дахин их газар нутгийг хамраад байна.
Эдгээр томоохон түймрийн шалтгааныг хүмүүс өөр өөрийн өнцгөөс тайлбарладаг. Ихэнх нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэлтэй гэдэг бол нэг хэсэг нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж үздэг. Харин зарим нь улс төржүүлж байгаа нь ч харагддаг. Ерөнхийдөө ой хээрийн түймрийн хамгийн том хүчин зүйл бол хүн төрөлтхтний амьдралын буруу хэв маягаас үүдэж буй дэлхийн дулаарал, цаг уурын өөрчөлт. Тиймээс энэ гариг дээр амьдарч буй хүн бүр байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж байх нь ирээдүйн эрсдлээс урьдчилан сэргийлэх ач тустай юм.
Холбоотой мэдээ