Нийслэлийн МАН-ын хороо, НИТХ дахь МАН-ын бүлгээс энэ оны 10-р сарын 03-07-ны өдрүүдэд Нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт 30 гаруй мянган иргэд/ онлайн судалгаа 20 мянга орчим, экспресс судалгаа 11 мянга/-ийн дунд явуулж дүнг нэгтгэхэд онлайн судалгаанд оролцогчдын 95,9%, экспресс судалгаанд оролцогчдын 51.1 хувь нь нийслэл хотын албан татварыг эдийн засаг хямралтай, иргэдийн худалдан авах чадвар муу байгаа үед цагаа олоогүй буруу шийдвэр болсон төдийгүй нийслэл, дүүргийн данхайсан бүтцийг багасгах, төсөвтөө хяналт хийх замаар нийслэл хотын татвараар босгох хөрөнгийг бүрдүүлж болох байсан гэж үзжээ.
Судалгаанд оролцсон нийт иргэдийн 31,9% нь 18-35 насны залуучууд, 41,1% нь 36-55 насныхан, 27% нь 56-аас дээш насны хүмүүс хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 43,1% нь эрэгтэйчүүд, 56,9% нь эмэгтэйчүүд, тэдний 51,5% нь дээд боловсролтой, 12% нь тусгай дунд боловсролтой, 36,5% нь бүрэн дунд боловсролтой иргэд оролцсон байна.
Хотын дарга Э.Бат-Үүлийн санаачлан батлуулсан, хотын иргэдээс хуульд заасан хэмжээнээс хамгийн өндөр хувиар буюу 1.0 хувийн татвар хураах болсон амьдралд нийцээгүй шийдвэрийн эсрэг байр сууриа илэрхийлсээр ирсэн НИТХ дахь МАН-ын бүлэг иргэдээс ирсэн санал асуулгын дүнг үндэслэн Хурлын дарга Д.Баттулгад хотын иргэдээс суутган авах татварын хувь хэмжээтэй холбоотой тогтоолын төсөл өргөн барьлаа.
Тогтоолын төсөлд:
1. “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-1.0 хувийн хязгаарт багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.” гэж УИХ хуульчилж өгсөн. Эдийн засгийн хүндрэлтэй, ард иргэдийн амжиргааны түвшин, худалдан авах чадвар эрс буурч байгаа энэ үед “Нийслэл хотын албан татвар”-ын хувь, хэмжээг бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинд 1.0 хувь, бүх төрлийн баар, ресторан, зочид буудал, амралтын газрын үйлчилгээнд 0.0 хувиар тогтоох.
2. “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т “энэ хуулийн 4.1.5-д заасан амралтын газрын үйлчилгээ;”, “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 “тусламж, хөнгөлөлт;”, 5 дугаар зүйлийн 5.1.2-т “ахмадын зориулалттай амралт, сувилалын газарт амрах эрхийн бичгийг хөнгөлөлттэй үнээр олгох;” гэж тус тус заасан тул “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам”-ын төсөлд “Ахмадын зориулалттай амралт, сувилалын газрыг Нийслэл хотын албан татвар суутгагчаас хасна.” гэж нэмэх.
3. “Татвар суутгагч” буюу иргэн, хуулийн этгээд татварын орлого төвлөрүүлэх ажиллагаанд оролцогчийн хувьд төрөөс үзүүлэх дэмжлэг, урамшууллын асуудлыг уг журманд нэмж зохицуулах.
4. “Нийслэл хотын албан татвар”-ын тухай хууль 2015 оны 10-р сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан НИТХ-ын 29-р хуралдаанд МАН-ын бүлгээс оруулсан “Үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл” олгоход өндөр үнээр, давхар төлж буй Тэмдэгтийн хураамж-ийн талаар холбогдох байгууллагад тавьж хэрхэн шийдвэрлэсэн талаар ээлжит хуралдаанд танилцуулах зэрэг асуудлыг тусгаж, НИТХ дахь МАН-ын бүлгээс өргөн барьсан тогтоолын төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хотын удирдлагуудаас хүсчээ.
О.БАТ