2019 оны дэлхийн спортын ертөнцийн хамгийн том дуулиануудын нэг яахын аргагүй WADA буюу дэлхийн допингийн эсрэг агентлагиас ОХУ-ыг тамирчдадаа зохион байгуулалттай допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглүүлдэг байсан хэмээн буруушааж дөрвөн жилийн турш томоохон тэмцээн уралдаанд ОХУ-ын шигшээ баг тамирчдыг оролцох эрхийг хассан шийдвэр байлаа. Энэ нь ОХУ-аас төрөн гарч ирсэн олон олон авьяаслаг баг тамирчид болон тэдгээрийн дасгалжуулагч, арын албаныханд хүнд цохилт болсон нь гарцаагүй. Тэгвэл таньд ОХУ-ын шигшээ баг тамирчдаас өмнө хэн хэн гэдэг тамирчид хар тамхи, допингийн асуудалд орж байсан тухай хүргэе.
- Майкл Фелпс
2004 оны Афин, 2008 оны Бээжин, 2012 оны Лондон, 2016 оны Рио зэрэг дөрвөн олимпийн наадмаас 23 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль тус тус хүртэж 39 удаа дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон АНУ-ын домогт усанд сэлэгч Майкл Фелпс усанд донтохоос гадна хар тамхинд донтож байжээ. 2009 онд түүний Марихуана татаж байсан зураг нь олон нийтэд ил болж нилээн шуугиан дэгдээж байжээ.
- Диего Марадона
Бурхны хүү Диего Марадона хөлбөмбөгийн ертөнцөд этгээд гаж үйлдлүүдээрээ алдартай нэгэн билээ. Өдгөө 59 настай Аргентин эр 20 жилийн турш кокайны хамааралтай байж, гурван удаа ял шийтгэл хүлээн, олон удаагийн хар тамхины шинжилгээнд бүдэрч байсан.
- Лен Биас
1986 оны NBA-ийн драфтын хоёрдох сонголтоор Бостон Селтикс багт сонгогдож байсан Mэрилэйндийн их сургуулийн довтлогч Лен Биас нь NBA-ийн драфтаас хоёр хоногийн дараа өөрийн төрөлх гэртээ хэт их кокайн хэтрүүлэн хэрэглэсний улмаас зүрхний хэм нь алдагдаж нас баржээ. Тэрбээр Мэрилэйндийн их сургуульд хоёр жил тоглохдоо 23,2 оноо 7 самбар дунджлан 1985, 1986 онуудад ACC дивизоны оны шилдэг тоглогч болж 1986 оны Бүх Америкийн нэгдүгээр багт нэрлэгдсэн шилдэг залуу тоглогч байсан юм.
- Лэнс Армстронг
Мэргэжлийн дугуйн спортын домгуудын нэг АНУ-ын тамирчин Лэнс Армстронг 2012 онд допинг хэрэглэсэн нь тогтоогдож түүнийг бүх насаар нь уралдах эрхийг нь хасч 1998 оны наймдугаар сараас хойшхи гаргасан бүх амжилтыг нь хүчингүйд тооцсон билээ. Үүний дотор мэргэжлийн дугуйн спортын хамгийн том тэмцээн болох Тур де Францын 1999 оноос 2005 он хүртэл нийлбэр дүнгээр 7 дараалж түрүүлсэн дээд амжилт нь ч хүртэл орж байсан юм. Тэрбээр дугуйн спортын түүхэндэх хамгийн том скандалын эзэн болсон билээ. Мөн түүнийг спортын түүхэнд хамгийн нарийн төлөвлөгөөтэй допинг хэрэглэж байсан тамирчнаар тодруулсан аж.
- Ламар Одом
Сагсанбөмбөгийн ертөнцийн дуулиантай залуусын нэг Ламар Одом гурван жилийн турш 50 мянган ам.долларын үнэ бүхий кокайныг татжээ. Тэрбээр Невада мужийн нэгэн зочид буудалд кокайн хэтрүүлэн хэрэглэж зүрхний шигдээс болон үхэл амьдралын зааг дээр очиж байсан билээ.
- Мариа Шарапова
Талбайн теннисний үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Мариа Шарапова 2016 онд Австралийн нээлттэй тэмцээний допингийн шинжилгээнд бүдэрч хоёр жил их спортоосоо хөндийрөх болсон билээ. Гэвч Орос теннисчин маань спортын арбитрын шүүхэд хандан эмчийнхээ заавраар допингийн төрлийн эм хэрэглэсэн гэдгээ мэдүүлж 15 сарын дараа их спортдоо эргэн ирсэн билээ.
- Сунь Ян
Гурван удаагийн олимпийн аварга, долоон удаагийн дэлхийн аварга Хятадын усанд сэлэгч Сунь Ян 2014 онд Хятадын усан сэлэлтийн холбоо болон Дэлхийн допингийн эсрэг агентлагиас тус гурван сарын шийтгэл хүлээн авсан. Гэвч түүний эмч нь түүнд 2008 оноос хойш хориотой эмийн жагсаалтанд орсон зүрхний эмийг хэрэглүүлдэг байснаа хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр 2019 оны усан сэлэлтийн ДАШТ-нд алтан медаль хүртсэн ч мөнгөн медаль хүртсэн Австралийн усан сэлэлтийн тамирчин Мак Хортон түүнтэй хамт шагналын тавцанд гарахаас татгалзсан билээ.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ