"Хичээл тарах хугацааг хойш нь сунгахгүй"

Хуучирсан мэдээ: 2020.01.07-нд нийтлэгдсэн

"Хичээл тарах хугацааг хойш нь сунгахгүй"

"Хичээл тарах хугацааг хойш нь сунгахгүй"

Монгол Улсын Засгийн газрын өчигдөр /2020.01.06/-ийн хуралдаанаар Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг долоо хоногоор сунгахаар болсон. Ингэснээр нийслэлийн сурагчид нэгдүгээр сарын 20-ныг хүртэл амрах юм.  Ханиад, томууны дэгдэлт нэмэгдэж буйтай холбогдуулан гаргасан Засгийн газрын уг шийдвэрийг зарим иргэд эсэргүүцэж байна.

Тэд сурагчдын амралтыг сунгах нь томуу, томуу төст өвчнийг  эсрэг авч буй сайн арга биш. Харин ч хүүхэд хичээлдээ явахгүй байх нь олон сөрөг талтай. Харах хүнгүй,  гэртээ ганцаар үлдэж буй хүүхэд аюулгүй байдлын хувьд эрсдэлтэйгээс гадна утасны хамааралтай болох, гадуур тэнэх, PC тоглоомд донтох, хичээлээ мартах, осгох, хөлдөх зэрэг асуудал тулгардаг аж.

Дээр нь өвлийн ийм урт амралт сурагчдын сурлагын чанарт нөлөөлж мэдэх юм. Ялангуяа дөнгөж үсгээ нүдэлж байгаа бяцхан хүүхэд хийгээд төгсөх ангийн сурагчдын бүтээмжид өөрчлөлт гарах нь дамжиггүй. Үүнээс гадна манай улс суралцах хугацаагаар дэлхийн бусад улстай харьцуулахад хамгийн бага орны тоонд ордог. Ийм байхад бид сурлагын чанар, дэлхийд өрсөлдөх тухай яриад ч хэрэггүй мэт.

Ер нь сурагчдын амралт сунгаснаар ямар сөрөг талтай талаар бид БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад,

“Бидний хувьд хичээлийн жилийн дуусах хугацааг ямар ч байсан хойшоо сунгахгүй байхыг л зорьж байна. Зун хичээл дуусах хугацааг 7-14 хоногоор сунгачихвал багш нар зургадугаар сарын 20-н хүрч амарна. Тэгвэл тэд наймдугаар сарын 31-н хүртэл ажилдаа орж ирэхгүй.

Ингэхээр бид багш нартаа мэдээ, мэдээлэл өгч, сургалтад хамруулж чадахгүйд хүрнэ. Мөн дотуур байрны сурагчдын хувьд зургаан сар эхлэнгүүт гэр рүүгээ явчихдаг. Хэрэв тэдний хичээл дуусах хугацааг уртасгавал тал нь хичээлдээ суухгүй. Тэгэхээр мал аж ахуйгаа түшиглэдэг манай орны хувьд онцлогоо харгалзаж үзэх хэрэгтэй болж байгаа юм. Тиймээс бид аль болох хичээлийн бүтцэд өөрчлөлт оруулахгүй байхаар шийдэж байна. Өөрөөр хэлбэл, хичээл тарах хугацааг хойш нь сунгахгүйгээр улирлын амралтыг зохицуулах асуудлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар өөрсдөө шийдэх юм. Энэ дагуу бид тухайн орон нутагт тохирсон арга хэмжээг авна. Түүнээс биш бүгдийг хавтгайруулж сунгахгүй” гэсэн юм.

Уг нь амбулаторийн үзлэгийн 15 хувийг томуу, томуу төст өвчин эзэлбэл сургууль, цэцэрлэгийг түр хугацаанд хаах арга хэмжээ авдаг байна. Гэтэл өнөөдрийн байдлаар нийслэлд өвчлөлийн байдал 10 хувьтай байгаа аж.

Өөрөөр хэлбэл, сурагчдын амралтыг сунгах хүртэл арга хэмжээ авахаар үзүүлэлт биш юм. Үүнээс гадна өвчлөгсдийн 85 гаруй хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд гэсэн судалгаа байна. Тэгэхээр сургуулийн сурагчдыг бус харин цэцэрлэгийн хүүхдүүдийг амраавал илүү үр дүнтэй байх болов уу. Бага насны хүүхэд биеийн эсэргүүцэл муу учир ханиад, томуу тусахдаа амархан. Өвдөж, өвчин хүндрэхдээ ч хурдан. Тиймээс цэцэрлэгийн хүрээнд эхлээд арга хэмжээ авах шаардлагатай байгааг эмч нар сануулж байна.

Үүний дараа төр засгаас хүүхдийн эм, тариа хямдруулахаас эхлээд ээж, аавыг нь ажлаас нь цалинтай чөлөөлөх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Ингэж байж томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бид тогтоон барьж чадна. Түүнээс биш Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын тулд сурагчдын амралтыг сунгаад, гэрт нь суулгаснаар асуудал шийдэгдэхгүй. Харин урьдчилан сэргийлэх арга хэмжээ, вакцинжуулалт, нөлөөллийн ажлуудаа сайн хийж, эмчилгээ, орны хүрэлцээгээ сайжруулж, томуу, томуу төст өвчний дэгдэлтийг таван хувиас дээш гаргахгүй байх тал дээр анхаарах нь зүйтэй гэдгийг эцэг, эхчүүд ярьж байгаа юм.

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам ч мөн үүн дээр хойшид анхаарах шаардлагатай. Судалгаа сайн гаргаж, сурагчдын улирлын амралтыг зөв зохион байгуулах хэрэгтэй.

Нэгдүгээр улирлын амралт дулаан үед таардаг тул нэг долоо хоног амарч, ес эхэлсэн хүйтэн улиралд амралт ахиу байхаар төлөвлөж, хавар гуравдугаар улирлын амралтаар мөн нэг долоо хоног амрах байдлаар асуудлыг шийдмээр байгаа юм. Үгүй бол бид жилийн жилд сурагчдын амралтын хуваарийг ярьсаар, маргасаар л байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж