Прокурорын мөрдөн байгуулах "сонирхолгүй" эрх баригчид

Хуучирсан мэдээ: 2020.01.07-нд нийтлэгдсэн

Прокурорын мөрдөн байгуулах "сонирхолгүй" эрх баригчид

Прокурорын мөрдөн байгуулах "сонирхолгүй" эрх баригчид

Бидний хэлдгээр Прокурорын мөрдөн 2002 оны есдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж, цагдаа, тагнуул, АТГ, шийдвэр гүйцэтгэх, шүүгч, прокурорын холбогдсон хэргийг шалгаж, эрүүдэн шүүх, хүнлэг бус харилцах явдалд нь хариуцлага тооцдог институц байлаа. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаснаас хойш хууль хяналтынхан дураараа дургисаар ирэв.

УИХ-аас 2014 оны нэгдүгээр сарын 24-нд Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж, тухайн үед шүүгч, прокурор, цагдаа, тагнуул, АТГ-ын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн холбогдсон хэргийг шалгадаг байсан 10 жилийн түүхтэй Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан юм.

Прокурорын мөрдөнг татан буулгах тус хуулийг тухайн үеийн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Бурмаа, О.Баасанхүү, Л.Цог, Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, А.Тлейхан нар санаачилж өргөн барьсан. Хуулийг батлах явц маш түргэн хугацаанд үргэлжилж, санаачилсан гишүүдийн нэрийг нууцалж байв. Ш.Түвдэндорж дээрх хуулийг нэгдүгээр сарын 9-нд өргөн бариад, Хууль зүйн байнгын хороо хэлэлцэхийг дэмжиж, нэг, хоёрдугаар хэлэлцүүлгээр оруулан АН, МАН, МАХН-аас бүрдсэн хууль санаачлагчид УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр батлуулсан байдаг. Ийнхүү Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа авлига, албан тушаалын хэргүүдийг АТГ-т, ахуйн чанартай хэргүүдийг цагдаад шилжүүлж байв.

Хуулийн төслийг хэлэлцэх үеийн протоколуудаас харвал эдгээр хуулийн төсөл, тогтоолын төсөлд прокурорын байгууллагаас ажлын хэсэгт оруулаагүй бөгөөд зөвхөн АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц, Тамгын газрын дарга Д.Доньжчимбуу, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог нар орж байжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тус мөрдөх албыг 1994 оны хуулийн өөрчлөлтөөр хийсэн ч Үндсэн хууль зөрчиж байгуулсан гэдэг дүгнэлт гараагүйг онцолж байв. Тухайн үеийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 2015 онд Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх хуулийн төслөө УИХ-д өргөн барьсан. Н.Алтанхуягийн төсөл хэдийгээр Прокурорын мөрдөнг байгуулах зорилготой гэх боловч АТГ-т харьяалан шалгадаг 10 гэмт хэргээс хээл хахууль өгөх, авах зуучлах гэмт хэргийг үлдээж, үлдсэн долоог нь цагдаагийн байгууллагад өгөх зорилготой байсан гэдэг. Тодруулбал, АТГ-ын төрийн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлэх, урвуулах, төрийн бус нэгжийн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлэх, урвуулах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүй хөрөнгөжих, хээл хахууль өгөх, авах, зуучлах, мөнгө угаах гэсэн гэмт хэргүүдийг цагдаагаар шалгуулах шийдэл байсныг хуульчид ярьж байна.

Тухайн үед УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба АТГ-т шилжсэн түүх хөшигний ард маш эмгэнэлтэй. Энэ бол оператив үйл ажиллагаа явуулдаг арга хэрэгслээрээ прокурор болон АТГ газар ганцаараа биш цагдаа, тагнуулын байгууллагатай зодоон хийсэн учраас сүүлдээ ийм үр дагаварт хүрсэн. Маш олон хэргийг нэр устай нь прокурор дээр хэрэгсэхгүй болгоод, авлига аваад, тэр нь батлагдаад, АТГ-т шалгах гэтэл прокурор АТГ-ын мөрдөн байцаагчдыг өөрийн Мөрдөн байцаах албаараа эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Ингэж зодоон үүссэнээс болсон шүү. Энэ бол хөшигний ард болсон тусдаа асуудал. “Гуя дагаж хүзүү” гэгчээр хамгийн том зөрчил нь шүүх, прокурор цагдаа гэх мэтчилэн алба хаагчдын авлигын хэргийг АТГ-т шалгуулахгүй гээд прокурор татаж авснаас болоод дахиад энэ хууль зүйн хэрүүл болж хувирсан. Эндээсээ болоод нэг хэсэг гишүүд санаачилга гаргаад, УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албыг татан буулгаад, АТГ руу явуулчихсан” гэж хэлж байв.

УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаснаар цагдаа нь цагдаагаа шалгаж чаддаггүй, АТГ шүүх, прокуророо "атгаж" айлгасаар ирэв. Мөн иргэнийг эрүүдэн шүүх явдал гаарч, мөрдөн байцаагчдын дур зоргын асуудал ихэссэн. АТГ, цагдаад хувааж өгсөн хавтаст хэргүүд замхрав.

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, Эмнести интернэшл, Хүний эрхийн үндэсний комисс болон хүний эрхийн бусад байгууллагууд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг дахин байгуулах асуудлыг тавьсаар ирэв. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор П.Оюунчимэг "УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-т шилжүүлснийг шинэчлэл гэж харахгүй байгаа. Энэ албыг татан буулгаснаар Засгийн газар эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн дагуу хүлээсэн үүргээсээ ухарч байгаа явдал” гэж хэлсэн.

Харин Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж "Улсын ерөнхий прокурорын дэргэд байсан мөрдөн байцаах албыг татан буулгасан үеэс Монголд эрүүдэн шүүх асуудал газар авч эхэлсэн. Одоо хууль хяналтын байгууллагууд нэгнийхээ хууль бус байж болох үйлдлийг шалгахдаа тойроод бие биеэ хянаж шалгадаг болсон. Одоо хууль хяналтын байгууллагынхан өөрсдийнхөө үйлдлийг “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна, нотлогдсонгүй” гээд орхидог болсон" гэж хэлсэн юм.

Хүний эрхийн үндэсний комисс болон олон улсын хүний эрхийн байгууллагуудын удаа дараагийн зөвлөмж, саналын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, тусгай субьектуудын үйлдсэн хэргийг харьяалан шалгах бүтцийг хэрхэн байгуулах талаар судлах ажлын хэсэг байгуулснаа мэдэгдсэн. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Ажлын хэсгийн зорилго бол энэ хууль хяналтын байгууллагын бусармаг үйл ажиллагааг яаж таслан зогсоох вэ, ямар бүтэцтэй байгууллага байгуулах вэ гэдэг санал зөвлөмж боловсруулах байлаа. Бид тусгай субьектуудын үйлдсэн хэргийг шалгадаг байгууллагыг гүйцэтгэх засаглалын дэргэд байгуулах санал дүгнэлтэд хүрээд байна” гэсэн мэдээлэл өгсөн билээ.

Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг Засгийн газрынх. Харин УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг "Прокурорын мөрдөн"-г Засгийн газрын дэргэд байгуулах гэж байгаа нь харьяалан шалгадаг албан хаагчид нь Засгийн газрын агентлагуудынх учир маргаан дагуулж буй юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар  энэ бүхэн яригдсан, ажлын хэсгийн түвшинд Засгийн газар Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах албыг байгуулна хэмээн ярьснаас цаашгүй л байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж