Иран, АНУ-ын хурцадмал байдал газрын тосны үнийг хөөрөгдлөө

Хуучирсан мэдээ: 2020.01.07-нд нийтлэгдсэн

Иран, АНУ-ын хурцадмал байдал газрын тосны үнийг хөөрөгдлөө

Иран, АНУ-ын хурцадмал байдал газрын тосны үнийг хөөрөгдлөө

Нефть буюу газрын тос, нефтийн гаралтай бүтээгдэхүүн нь тээврийн хэрэгслийн шатахуунаас эхлээд тѳрѳл бүрийн үйлдвэрлэлд голлох орц болон ашиглагддаг. Олон янзын бүтээгдэхүүн үйлчилгээний суурь зардал болдог учраас нефтийн үнэ нь дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хѳрѳнгѳ оруулалт, үйлдвэрлэл, тэр ч бүү хэл иргэдийн худалдан авалт хийх шийдвэрт нѳлѳѳлдѳг. Улмаар ажил эрхэлт, цалин, инфляци гэх мэт эдийн засгийн бүхий л талбарт нөлөөлдөг. Иймд ихэнх улс орнууд, тэр тусмаа жижиг эдийн засагтай улс орнуудын хувьд дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ нь анхааралтай ажиглах ёстой нэг чухал үзүүлэлтийн нэг яах аргагүй мөн билээ.

Тэгвэл сүүлийн үед өрнөөд буй АНУ болон Иран улсуудын сөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өсч, нэг баррель нь 70 ам.долларт хүрсэн тухай дэлхийн хэвлэлүүд мэдээллээ. АНУ-ын арми өнгөрсөн баасан гаригт /2020.01.03/ Иракт агаарын дайралт хийх үеэр Ираны армийн генерал Касем Сулеймани амь насаа алдсан нь асуудлыг бүр хурцдуулж хоёр улсын дайсагналцал дээд цэгтээ хүрч байна. Иран генералийнхаа өшөөг авна гэж мэдэгдсэн бол АНУ-ын зүгээс Иран нэг л удаа АНУ-руу халдах юм бол эдийн засаг, соёлын түүхэн дурсгалт 52 байршлыг бөмбөгдөнө хэмээн сүрдүүлж буй.

Ийнхүү газрын тос олборлогч томоохон улсуудын хоорондын сөргөлдөөнөөс болж даваа гаригт /2020.01.06/ 2020 оны гуравдугаар сард нийлүүлэгдэх “Brent” маркийн газрын тосны үнэ Лондонгийн бирж дээр 2,8 хувиар нэмэгдэж нэг баррель тутам нь 70 ам.доллар болж өсчээ.

“Brent” маркийн газрын тосны баррелийн үнэ 70 ам.доллараас давсан хамгийн сүүлийн тохиолдол 2019 оны тавдугаар сард гарч байсан юм. Тухайн үед Персийн буланд газрын тосны хоёр танкер халдлагад өртөж, АНУ энэ хэрэгт Ираныг буруутгаж байснаас үүдэн үнэ нэмэгдэж байсан ба нөхцөл байдал тэр хэвээрээ үргэжилбэл дэлхийн ДНБ-ий үзүүлэлт 0,5 хувь болон түүнээс дээш хэмжээгээр буурч болзошгүй гэж шинжээчид мэдэгдэж байв. Өмнө нь ч мөн дэлхийн топ олборлогчдын хоорондын сөргөлдөөн, томоохон гүрнүүдийн геополитик, улс төр, эдийн засгийн хурцадмал асуудал, иргэний дайн, бослого үймээн зэргээс үүдэн газрын тосны үнэ хэлбэлзэж ирсэн билээ. 

Харин одоогийн нөхцөл байдалд Ойрхи Дорнодод зөрчил маргаан үргэлжилсээр байвал газрын тосны үнэ нэг дахин буюу 150 ам.долларт хүрч хөөрөгдөж болзошгүйг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

АНУ-ын хувьд 2019 оны аравдугаар сарын байдлаар дэлхийн газрын тосны нийлүүлэлтээр наймдугаарт эрэмбэлэгдэж байсан ба жилд ойролцоогоор 48 тэрбум ам.долларын нефть экспортлодог байна. Энэ нь дэлхийн нийт газрын тосны нийлүүлэлтийн 4,3 хувийг дангаараа нийлүүлж байна гэсэн үг юм. Харин Ираны хувьд энэ үзүүлэлтээр АНУ-ын өмнө буюу долдугаарт эрэмбэлэгдэж байгаа. Тус улс нь жилд 50,8 тэрбум ам.долларын газрын тос нийлүүлж, дэлхийн газрын тосны экспортын 4,5 хувийг бүрдүүлж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж