Монгол Улсад нийт 871,350 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 501,934 буюу 57,6 хувь нь нийслэлд бүртгэлтэй. Үүнээс 10 ба түүнээс дээш торгуультай 63 мянга гаруй жолооч замын хөдөлгөөнд оролцож байна.
Хурд хэтрүүлсэн, улаан гэрлээр орсон, нэгдүгээр эгнээгээр зорчсон жолоочийг тухай бүрт нь торгож, торгуулийн хуудсыг гэрийнх нь хаягаар хүргэдэг болоод олон жилийг үдэж буй. Гэсэн ч хуульд “15 хоногийн дотор торгуулиа төл” гэж заасныг биелүүлдэг чих зөөлөнтэй нөхөд ховор.
Банк болон банк бус санхүүгийн байгууллагын лизингээр машин авсан жолооч нар л торгуулийн төлбөрөө хугацаандаа төлдөг гэхэд болно. Харин бусад нь автомашинаа зарах үедээ л өрөө төлж барагдуулдаг гэхэд хилсдэхгүй. Заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий албан тушаалтан харьяалах шүүхэд хүсэлт гаргах ёстой.
Торгуулиа төлөөгүй байхад Тээврийн цагдаагийн алба /ТЦА/ албадан арга хэмжээ авах хуулийн зохицуулалт байхгүй учраас жолооч нар торгуулж буйгаа ч юман чинээ боддоггүй бололтой. Түүнээс биш 100 удаа торгуулна гэдэг бол өөртөө дүгнэлт хийж, жолоо барихад тэнцэж чадаж байна уу гэдгээ шүүн тунгаачих хангалттай дохио.
ТЦА-аас 2019 онд нийт 2.02 сая зөрчил илрүүлж, 1.7 саяд нь торгуулийн шийтгэл ногдуулсан нь гуравхан сая хүн амтай нийслэл хотод мэдээж ахадсан их тоо. Ингэхдээ бусдын автомашин жолоодож яваад зөрчил гаргасан тохиолдолд тухайн жолооч болон автомашин хоёрт тус тусдаа торгууль бичигддэг байна.
Тодруулбал, 2019 оны байдлаар 100-гаас дээш удаагийн торгуультай нийт 86 жолооч, 200-гаас дээш торгуультай гурван жолооч бусад нь 101-ээс дээш 174 удаагийнх хүртэл торгуультай байна. Харин 100-гаас дээш удаагийн торгуультай нийт 351 автомашин, 300-гаас дээш торгуультай хоёр, 200-гаас дээш торгуультай ес, 101-231 хүртэл удаагийн торгуультай нийт 340 автомашин байгаа аж.
ТОРГУУЛЬТАЙ 100 ЖОЛООЧ ТУТМЫН 78 ЖОЛООЧ ТОРГУУЛИА ХУГАЦААНД НЬ ТӨЛЖ БАРАГДУУЛДАГ
ТЦА-ны мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Зоригоо “2019 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар зам тээврийн ослын улмаас улсад учруулсан хохирлын хэмжээ 31.8 тэрбум төгрөг. Үүнээс 28.2 тэрбум төгрөгийг төлүүлсэн. Харин замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол бэлэн бусаар торгууль оногдуулдаг. Тодруулбал, зөрчил гаргасан жолооч болон ослын үед буруутай хүнд хуулийн дагуу ногдуулсан бэлэн бус торгууль 50 орчим тэрбум төгрөг болсон.
2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар торгуулийн буцаан төлөлт 78 хувьтай байна гэсэн судалгаа байна. Энэ нь торгуультай 100 жолооч тутмын 78 жолооч торгуулиа хугацаанд төлж барагдуулаад, зөрчил гаргаагүй хөдөлгөөнд оролцож байна гэсэн үг. Харин үлдсэн 22 хувьд буй жолооч нар удаа дараа зөрчил гаргасан.
Тэгсэн мөртлөө шийтгэлээ хүлээж, торгуулиа хугацаанд нь төлөөгүй байгаа тээврийн хэрэгслүүд байна. Мөн бид торгууль шийтгэлээ төлөхгүй, хуулийн хариуцлагаа хүлээхгүй байгаа иргэд рүү чиглэж хариуцлагыг чанаржуулж, сургалтад хамруулах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.
Эргэн сануулахад, нийслэлийн удирдлагууд замын хөдөлгөөний ачаалал бууруулахын тулд нэгэн мэргэн санаа олсон нь нийслэлийн замыг гурван бүсчлэлд хуваах санал байв. Тухайн үед иргэд “Машинтай байхын ч хэрэг алга” хэмээн шогширч байсан ч удаатай. Шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлсэн торгуулиа төлөөгүй, улсын үзлэгт хамрагдаагүй бол А, Б бүс рүү нэвтрэх эрхгүй хэмээн яригдаж байсан удаатай. 100, 200 удаагийн торгууль тавиулсан хэрнээ хашрахгүй, дахин, дахин дүрэм зөрчиж байгаа жолооч нарын толгойг илэх хэрэггүй. Жолоо барих эрхийг нь хасдаг болооч ээ. Хууль эрх зүйн боломжгүй байгаа бол санал гаргаад хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй шүү дээ.
ЖОЛООЧИЙН ТОРГУУЛЬ
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТОРГУУЛЬ
Э.БУРАМ
Холбоотой мэдээ