“Мартагдашгүй” үдэш

Хуучирсан мэдээ: 2015.10.12-нд нийтлэгдсэн

“Мартагдашгүй” үдэш

Монголын рок, поп урлагт 1990-ээд онд хөвгүүдийн хамтлаг хүч түрэн орж ирж өөр хоорондоо ширүүхэн өрсөлдөж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “Guys” хамтлагийнхан ийнхүү нэгэн тайзнаа чуулахаар “Мартагдашгүй” тоглолтын товоо зарлаад байсан юм.

Товлосон тоглолт цагаасаа хоцорч эхэлсэн ч тайзнаа “Номин талст” хамтлагаас бусад нь ар араасаа гарч ирэн хит уран бүтээлээ бүжиг, тайзны бүтээлийн тавилттайгаар хүргэн үзэгчдийн цөсийг хөөргөлөө.  Үе үеийн залуусын зүрх сэтгэлийг уран бүтээлээрээ эзэгнэсээр байгаа тэднийг танхим  дүүрэн үзэгчид халуухан алга ташилтаар хүлээн авч, тоглолтын гурван цаг нисэх мэт өнгөрөв.

“Сүнс” хамтлагийнхан 1990 онд бүжиглэж байсан тэр л дэглэлтээ энэ үдэш тайзнаа дахин толилуулж бут авсан бол “Салхи” хамтлагийнхан тайзнаа тусгайлан зассан дэлгэцнээ театрчилсан тоглолт үзүүлж, “Guys” хамтлагийнхан үзэгчдийн хуйлруулан дуулж,  “Камертон”-чууд Эбагүйгээр хит дуунуудаа хоолой салган дууллаа.

Дөрвөн хамтлаг тайзнаа гурвантаа ээлжлэн гарч 2-3 уран бүтээлээ сорчлон хүргэн үзэгчдэд уйдах ч зав олгоогүй юм.  Энэ л “Мартагдашгүй” үдэш “Салхи” хамтлагийн “Хагацал хүсээгүй хайр”-ыг илчилж, “Харц”-ыг магтан дуулж, “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” зориулсан бол “Сүнс” хамтлагийнхан дуу бүртээ өөрсдөө бүжиглэж, “Чиний дүр”, “Цаг нь болоогүй хайр”, “Чи хуурамч” дуугаараа тайзыг доргиосон.  

Харин “Guys” хамтлагийнхан “Good Luck”, “Эмзэгхэн хайр” “Амьдрал үргэлж сайхнаараа” зэрэг хит дуугаараа үзэгчдийн доргион “Салхи” хамтлагтай хамтран гаргасан “Хөөрхөн охин”-г дуулж, танхим дүүрэн үзэгчдийг бүжиглүүлж чадсан юм.

“Камертон” хамтлагийн Эба онгоцноосоо хоцрон тоглолтод амжиж ирж чадаагүйг хамтлагийн ахлагч Д.Болд үзэгчдэд учирлан хэрвээ тоглолтоос өмнө амжаад гадаа ирэх юм бол дуулсан бүх дууны бадгийг түүгээр дуулуулах шийтгэл ноогдуулсан гэлээ. Харин тэр шийтгэлээс эдлээгүй. Гэхдээ “Камертон”-чууд “Явах цаг боллоо” дуугаа “Guys”-ын Мяагаатай хамтран дуулсан нь үзэгчдэд гэнэтийн бэлэг болсон юм. “Би чамд хайртай”, “18 нас” хуучны танил хийгээд дотно аялгуунууд ар араасаа эгшиглэн одоо ч чихнээ сонстоно.

“Guys” хамтлагийнхан

“Чамайг мартъя гээд мартаж чадахгүй юм

Хайр гэдэг чинь энэ л юм болов уу…” хэмээн дуулахад тэдний араас  “Салхи” хамтлагийнхан

“Шөнийн тэнгэрт одод түгээд

Шөнийн саран орчныг гийгүүлж

Саяхан танилцсан чиний минь царай…” хэмээн эгшиглүүлж, “Сүнс” хамтлагийнхан

“Зүсэр бороо шаагисан тэр үдэш

Зөөлөн үнсээд ичингүйрэхэд чинь

Сэтгэл эмзэгхэн догдолж

Эр хүн зүрхэндээ харуусна…” дуулан араас нь "Камертон" хамтлагийнхан

“Хар шингээсэн харцаар амрагийг чинь зовоохгүй ээ

Хайрыг чинь харамлаж хорвоог би зүхэхгүй

Гэрэлт орчлонд ханьсах хувьгүй заяагаа дагаад

Гэгээн ариун багийн дүрийг чинь дотроо үлдээе”  хэмээн дуулахад үзэгчид дуу алдан уухай хадаан тэднийг түрсэн юм. Тэд хамтдаа “Номин талст” хамтлагийн “Хайртай байсныг чинь мэдсэнгүй” дууг дуулахад танхим дүүрэн үзэгчид доргин түрэн дуулж байлаа.

Энэ бол тэдний үзэгчдэд бэлдсэн тэдний гайхалтай “Поппури” байсан юм. Энэ л агшинд тайзнаа “Титэм” хамтлагийн дуучин, продюсер Л.Тайванбат гарч ирсэн. Тэрээр энэхүү тоглолтыг хийх анхны санаачлагыг гаргасан эрхэм хүндтэй эрхэм бөгөөд уран бүтээлээрээ эдгээр хөвгүүдийг хамтлагийг бойжуулсан гавьяатай “Том ах” юм.

“Мартагдашгүй” тоглолтод “Номин талст” хамтлагийнхан оролцоогүй. Тус хамтлагийн ахлагч Д.Батсүх тайзнаа гарч ирэн ирсэн бүх зочдод талархал илэрхийлэн “Манай хамтлагийн гишүүнд уй гашуу тохиолдсон учраас бид энэ удаагийн тоглолтод оролцож амжсангүй” хэмээн уучлал гуйсан.  Мөн попын хөвгүүдийн таван хамтлаг нэгдсэн энэхүү тоглолтын бүх орлогыг тэд “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэргийн эмчилгээний  зардалд хандивлахаар төлөвлөөд байсан. Гэсэн ч тэрээр энэ сарын 7-нд хорт хавдрын улмаас бурхан болсон. Тиймээс тоглолтын бүх орлогыг хорт хавдартай хүүхдүүдэд зориулах юм байна.

Мөн тоглолтын үеэр Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц шигшээ багт тоглож байхдаа өмсөж байсан өмсгөл, пүүз, "Их Монголын алтан одод" сагсан бөмбөгийн бүх ододын тоглолтын алтан медаль бүхий багцаа дуудлага худалдаанд оруулж, 2 сая 600 мянган төгрөгөөр худалдсан юм. Тэрээр энэхүү орлогоо Т.Дэлгэрмөрөнгийн гэргийн эмчилгээнд нь зарцуулахаар төлөвлөж байсан учраас дээрх орлогыг ман адил хавдартай хүүхдүүдэд зориулахаар болсныг тэд дуулгасан юм.

“Мартагдашгүй” тоглолт хэзээ ч мартагдашгүй хөвгүүдийн хамтлагтайг дахин сануулж чадсан юм. Тэд “Мартагдашгүй” хөвгүүд…

Г.ДАША

Эх сурвалж: www.eagle.mn

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж