УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.01.06/ хуралдлаа. Уг хуралдаанаар Засгийн газраас өнөөдөр өргөн барьсан иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцээд олонх нь дэмжжээ. Энэ тухай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Тэтгэврээ барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаад чөлөөлөх хуулийн төслийг бүлгийн гишүүд дэмжсэн. Тэтгэврийн зээлийг тэглэж байгаа явдал нь нийгмийн халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа том арга хэмжээ юм. Ялангуяа бага орлоготой иргэдэд дэмжлэг болно гэж үзэж байгаа. Тиймээс уг хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжих нь зөв гэсэн шийдвэр гаргасан. Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.
Хуулийн төслийн талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Тэтгэврийн зээлийг ахмадууд өөрсдийнхөө хэрэгцээнд зарцуулж чаддаггүй. Ажил хийхгүй залуус ээж, аавынхаа тэтгэврийн мөнгөөр амьдардаг гэсэн шүүмжлэл бий. Зээлийг тэглэхийн оронд ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд анхаарч болоогүй юм уу?
– Тэтгэврийн зээл бол цэвэр арилжааны банкны бүтээгдэхүүн. Нийтдээ 229 мянган иргэд тэтгэврээ барьцаалсан зээл авсан. Тэдний 90 хувь нь 6 саяас доош төгрөгийн тэтгэврийн зээлтэй. Хангалуун амьдралтай иргэд зээл авдаггүй нь тодорхой. Тодорхой хугацааны тэтгэвэр барьцаалсан зээл аваад гар дээрээ нэг ч төгрөгийн тэтгэврийн мөнгөө авахгүй амьжиргаагаа авч явна гэдэг хүнд. Манай Засгийн газар тэтгэврийн зээлийг үе шаттай бууруулж байгаа ч зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа ахмадуудаа нэг удаа төрөөс харж үзэх зорилгоор энэ арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэж байгаа. Нөгөө талаар Засгийн газраас эдийн засгийн өсөлт, төсөв санхүүгийн боломжид үндэслэн МСҮТ-д суралцаж байгаа залуусыг дэмжих бодлого барьж байгаа. Энэ жилээс тэтгэлгийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ. Гадаадаас авах ажиллагчдын тоог 50 хувиар бууруулах зорилт тавьж ажиллаж байна. 2018 оны дүнгээр 42 хувиар гадаадаас авах ажиллах хүчний тоо буурсан. Хөрөнгө санхүүгийн боломж бүрдэхийн хэрээр бүтээн байгуулалт өрнүүлж байгаа.
-Салхитын мөнгөний ордын өмчлөлийн асуудал нь шүүх дээр маргаантай байгаа. Эргэлтэд ороогүй, үр ашгаа өгч эхлээгүй байгаа ордод түшиглэн бонд босгож тэтгэврийн зээлийг тэглэх нь хэр зохистой юм бэ. Энэ мөнгийг бүтээн байгуулалтад зарцуулж болоогүй юм уу. Жишээ нь Түлэнхийн төвийн эмнэлэг 2013 онд баригдаж эхэлсэн ч хөрөнгө мөнгөгүйгээс өнөөдрийг хүртэл царцанги байна. Энэ мэтчилэн нийгэмд үр өгөөжтэй бүтээн байгуулалтад зарцуулах нь зөв юм биш үү?
-Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргасныг өмнө нь ашиглаж байсан Хятадын компани Захиргааны шүүхэд өгсөн байдаг. Анхан болон Давж заалдах шатны шүүхээс Салхитын ордын лиценз Засгийн газрын талд шийдвэрлэсэн. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар ямар нэгэн эргэлзээ байхгүй. Салхитын ордын тусгай зөвшөөрөл төрийн мэдэлд учраас Эрдэнэс Монгол компанийн охин компани үйл ажиллагаа хэвийн явуулах боломжтой. Цагаан сараас өмнө Салхитын мөнгөний ордод бонд босгож дотоодын арилжааны банкуудад худалдаалах замаар тэтгэврийн зээлийг тэглэх бүрэн боломжтой гэж үзсэн. Нийтдээ таван жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэй хаалттай бонд гаргана. Монголбанк болон арилжааны банкуудтай урьдчилж ярилцсан. Үндсэндээ бэлэн мөнгөний санхүүжилт бус. Мөн төсвөөс тусдаа зохицуулагдана.
-180 мянган ахмад зээл аваагүй. Тэдэнд ямар нэгэн дэмжлэг үзүүлэх үү?
-ҮАБЗ-ийн зөвлөмжөөс тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх асуудлыг хөндсөн учраас энэ дагуу л тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа төрөөс хариуцан төлөх хууль эрхзүйн орчны бүрдүүлэхээр ажиллаж байна. Зээл аваагүй 180 мянган ахмадуудын асуудал ямар нэг байдлаар яригдаагүй.
Холбоотой мэдээ