С.Бямбацогт: Цалинг бууруулж болохгүй

Хуучирсан мэдээ: 2015.10.12-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: Цалинг бууруулж болохгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөл болон УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Бүлэг төсвийн хуулиудыг хэлэлцээд орлого, зарлагаа бодитой тооцоогүй, мөн Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн төсвийг хянах ёстой гэж үзжээ. Дээр нь өрийн асуудал толгой өвтгөж буйг онцоллоо.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ тухай “Ирэх жил Монгол Улс зээлийн үйлчилгээний төлбөрт нэг их наяд орчим төгрөг төлнө. Үүнийг 2012 онтой харьцуулбал бараг 30 дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, 2012 онд 30 орчим тэрбум төгрөгийг төлдөг байсан бол ирэх жил 1 их наяд төгрөгт хүрнэ. 1000 цэцэрлэг барих мөнгө. 2012 онд Атар талх 650 төгрөг байсан, өнөөдөр 1100 төгрөг болсон. 2012 онд төрийн албанаас цалин авдаг хүмүсийн цалингийн сан 1,2 их наяд байсан бол өнөөдөр 1,8 их наяд болсон. Нэг ёсны 600 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, цалингийн зардал. Тэгсэн хэрнээ цалин нэмэгдээгүй. Энэ мөнгө хаашаа орсон бэ гэхээр энэ хэмжээгээр төрийн албыг данхар болгосон. Төрийн албаны шаардлагагүй орон тоонууд нэмэгдсэн.

Засгийн газар 2016 оны наймдугаар сарын 1-нээс 9 яамтай ажиллахаар ирэх оны төсвийг өргөн мэдүүлсэн. Энэ нь дараагийн сонгуулиар байгуулагдах Засгийн газрын бүрэн эрхэнд халдаж байна гэсэн үг. Тиймээс Засгийн газар 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс бүтцийн өөрчлөлтөө хийх хэрэгтэй” гэлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа 2015 оны төсвийн тодотголоор 25.7 тэрбум төгрөгийг хасахаар оруулж ирсэн. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа тул бид төсвийн тодотгол болон 2016 оны төсөвт маш хатуу бодлого баримтлах ёстой. Тухайлбал, төсвийн орлогыг 504.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, зардлаа 530.3 тэрбум төгрөгөөр хасахаар тодотголд тусгасан байна. Орлогын өөрчлөлтын гол заалт нь аж ахуйн нэгжүүдээс авах татварын өрөөс 325 тэрбум, шатахууны татвараас 61.3 тэрбум төгрөгийн орлого авна гэж тооцсон. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн байдал хүндэрч, жижиг дунд үйлдвэрүүд дампуурч, томоохон үйлдвэрүүд орон тоогоо цомхотгож байхад татварын өр барагдуулах боломж бол тун хомс. Тиймээс төсвийн орлогыг нэмэгдүүлэх 325.4 тэрбум төгрөгийг биелэх боломжгүй гэж үзэж байна. МАН-ын бүлэг 2015 оны төсвийн тодотголыг эргэж харах ёстой гэсэн байр суурьт хүрсэн. Төсвийг тодотгож оруулах саналуудаа дахин тооцож гаргаж ирнэ гэж үзэж байгаа. Төсвийн тодотголын ДНБ-д эзлэх алдагдлын хэмжээг 5 хувиар тооцсоныг ойлгохгүй байгаа.

Монгол Улсын 2016 оны төсвийг хэтэрхий өөдрөгөөр төсөвлөсөн. Төсвийн зардлыг 446 тэрбум төгрөгөөр бууруулаар тооцож оруулж ирсэн байтлаа нэмэгдүүлэх зардал нь 697 тэрбум төгрөг. Хассан зардал дээрээ нэмээд 200 гаруй тэрбум төгрөгийн зардлыг нэмэгдүүлэхээр төсвийн төслөө оруулж ирсэн. Тэгэхээр энэ төсөв эрүүл болж чадаагүй байна. Нийт урсгал зардлын 12.7 хувь нь зээлийн үйлчилгээний төлбөрт явах төсвийн төслийг оруулж ирсэн. Тэгэхээр энэ төсвийн төслийн хэд хэдэн зүйл дээр анхаарах ёстой байна гэж МАН-ын бүлэг үзлээ. Нэгэнт хяналтын горимонд шилжиж байгаа бол төсвийг төвлөрүүлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд эдийн засаг өссөн гэдэг шалтгаанаар бүх аймагт Орон нутгийн хөгжлийн сан, Сумын хөгжлийн сан, нийслэл, томоохон төсөвтэй газруудыг бие даасан эрх мэдэлтэй болгосон. Тиймээс эдгээр үр ашиггүй зүйл зарцуулагдаад байгаа төсвийг Сангийн яаман дээрээ төвлөрүүлж, юунд зарцуулах вэ гэдгийг тодорхой болгож өгөх нь зүйтэй гэж үзлээ. Хөрөнгө оруулалтуудыг дахин хянана. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаар 20 гаруй обьектыг улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар 100 гаруй обектийг шинээр барьж 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэж байна. Үүнийг 2016 онд эхэлж, тухайн ондоо дуусгана гэж оруулж ирсэн. Үүнийг бид цэвэр сонгуулийн шоу гэж харж байгаа. Бид төсөв батлах бүртээ яг ийм маягаар төсвөө баталж ирсэн. Тиймээс манай бүлэг ирэх жил шинээр барилга барихгүй байя гэсэн саналтай байгаа юм. Харин эхэлсэн царцсан обектуудаа дуусгая. Ингээд бүлэг дээр ажлын хэсэг гараад хөрөнгө оруулалтын зардлыг салбар, аймаг бүрээр нь хянаж байгаа. Үүнээс үр агшиггүй, өнөө маргаашдаа хэрэггүй хөрөнгө оруулалтыг танана.

Гуравдугаарт, урсгал зардлуудыг бууруулах ямар боломж байна вэ гэдгийг судалж үзнэ. Бүх аймаг, дүүрэг, төсвийн бүх газрын урсгал зардал дээр анализ хийж үзнэ. Дөрөвдүгээрт, Нийгмийн даатгалын сан, Улаанбаатар хот, Өмнөговь аймаг гэх мэт том төсөвтэй газруудыг хянаж үзнэ. Бүлгээс ажлын хэсэг гаргаж нийслэлийн төсвийг хянана. Өнөөдөр нийслэл дэндүү том төсөвтэй, дэндүү дураараа газар болсон. Гуравдугаарт нь урсгал зардлыг бууруулах ямар боломж байгааг судалж үзнэ. Бүх яамдууд аймаг, төсвийн байгууллагуудын урсгал зардал дээр анализ хийж үзье. Урсгал зардлыг их хэмжээгээр таналаа гэж төсвийн тодотголд оруулж ирж байгаа ч гэсэн хасаж танаж болох ямар зардлууд байна, тэвчиж болох ямар зардлууд байна гэдгийг судалж үзнэ.

Тавдугаарт дотоод, гадаад бонд, Чингис, Самурай бонд, Хятадын зээл, Үнэ тогтворжуулах зээлэнд үндсэндээ нэг их наяд төгрөг төлж байна. Цаашдаа 2016, 2017 онд ямар болох вэ, зээлийн үйлчилгээний төлбөр нэмэгдэх тусам, төсвийн чадамж ямар байх вэ. Үүнтэй уялдуулаад ямар орлогыг олж чадах бололцоо байна вэ. Төсөвт ирэх өрийн ачаалал дээр дүгнэлт хийж, УИХ дээр тайлагнана. Хөрөнгө санхүүг үр ашигтай зүйлд зардаггүй байдлаас хямрал эхэлсэн. Тийм учраас эдийн засагт бодит үнэлэлт дүгнэлт өгөөд танилцуулах талаар бүлэг дээр ярилцсан. Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг бууруулахгүй гэдэг дээр санал нэгдсэн. Орох ёстой орлого бодит амьдрал руу орж чадахгүй байна. Үүнийг бодит байдал руу оруулья гэсэн шийдэлд хүрсэн гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-“Оюутолгой”-н гэрээний асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: “Оюутолгой”-н асуудлаар МАН-ын бүлэгт Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. “Оюутолгой” компани Өмнөговийн гурван суманд жил бүр таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Энэ санхүүжилт нь зардалд сууж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл, хандив нэрийдлээр манай мөнгөөр хөрөнгө оруулчихаад түүнийг нь зардалдаа суулгаж байна. Тэгэхээр Дубайн гэрээг эргэж харах хэрэгтэй.

-Ирэх оны төсвийн төсөлд танай бүлэг ямар байр суурьтай байна вэ? Агентлагуудыг татан буулгах, яамдыг цомхотгохыг дэмжиж байгаа юу?

-Ирэх онд бүтцийн өөрчлөлт хийнэ гэсэн тооцоо судалгаагаа бидэнд ирүүлээгүй. Агентлагуудыг цомхотгож байгаа асуудлыг бүлэг дээр ярьсан. Жишээлэхэд Үндэсний статистикийн газар, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийг нэгтгээд Засгийн газар дэргэдээ авна гэж байгаа. Энэ нь буруу. Аль ч улс оронд Статистикийн газар нь Засгийн газрын харьяаны бус байгууллага. Өөрөөр хэлбэл, статистикийн тоо судалгаа нь ямар нэг дарамт шахалтгүйгээр олон нийтэд мэдээлж байх ёстой. Бараа ажил үйлчилгээ худалдан авах агентлагийг татан буулгаад яамдад байршуулах гэнэ. Энэ бол хамгийн боломжгүй алхам. Бараа ажил үйлчилгээ худалдан авах ажлыг цахим хэлбэрт шилжүүлж, нээлттэй явуулахаар зохицуулсан. Харин одоо яам тус бүртээ тендэр шалгаруулах гэж байна. Энэ нь зарчмын хувьд буруу.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: 2015 онд төсвийн тодотголоор 6.1 их наядын орлого, ирэх онд 6.9 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцсон. Ирэх жилүүдэд эдийн засгийн хүндрэл улам хэцүү болно. Энэ үед орлогыг 800 тэрбум төгрөгөөр тооцож байгаа нь бодитой биш тоо юм. Үүнтэй холбогдуулж зарлагыг нэмэгдүүлж байгаа нь бас буруу. Ирэх жилүүдэд 7.8-7.9 их наядын зарлага гаргахаар оруулж ирсэн байна. Хямралтай үед зарлагыг бууруулж, хямгадахаас бус нэмэгдүүлж байгаа нь буруу. Уг нь зарлагыг бууруулна гэсэн. Бодит байдал дээр 500 орчим тэрбум төгрөгөөр зардал нэмэгдэхээр төсөл өргөн баригдсан.

-Төсвийн орлого нэмэгдүүлэх ямар боломж байна вэ?

-С.Бямбацогт: Орлогыг бодитой төлөвлөхгүй сонгуульд зориулсан зардлаа санхүүжүүлэхийн тулд орлогыг хиймлээр тооцох нь буруу. Бид аль болох бүсээ чангалж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага байна. Дотоодынхоо эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх юм бол нэмүү өртөг бий болно, улсын төсвийн орлого татвараар нэмэгдэнэ. Гэтэл баялаг бүтээгчдээ бүгдийг нь айлгаад хянана, шалгана гэснээс татварын өр бий болж, эдийн засаг агшиж байна. Эдийн засаг агшиж байхад төсвийнхөө үрэлгэн зардлуудаа багасгах ёстой байтал зардлаа 500 тэрбумаар нэмэгдүүлнэ, үнийгээ санхүүжүүлэхийн тулд орлогоо хиймлээр нэмэх нь буруу.

-Дэлхийн банк жил бүхэн 100, 100 саяар зээл олгоно гэж ярьж байна.

-1990 оноос 2012 он хүртэл 2 тэрбум ам.долларын зээл гаднаас авсан. 2012-2015 оныг хүртэл 3 тэрбум ам.долларын зээл, дээр нь “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 2 их наяд төгрөг зарцуулсан. Нийтдээ 5 их наяд долларыг эдийн засаг руу хийсэн мөртлөө 2012 онд эдийн засгийн өсөлт 17.5 хувь байсан бол 3 хувь болж буурсан. Ийм үед 100 сая долларын зээл эдийн засагт сэргэлт авчирах уу, та бүхэн тооцоо хийгээд үз.

-Ерөнхий сайдад өгсөн шаардлагын хариу ирсэн үү?

-Өнгөрсөн пүрэв гаригт шаардлага өгсөн, тодорхой хугацаатай. Хүлээж байна.

-Өршөөлийн хууль яагаад саатчихав. Танай бүлэг завсарлага авсан?

-Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны төвшинд процедурын алдаа гарсан. Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихдаа зүйл заалт бүрээр тавьсан. Энэнийх нь дагуу хоригийг хүлээж авах эсэхийг шийдэхдээ зүйл заалт бүрээр хураасан.

Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг байнгын хороогоор хэлэлцэж, санал хураахдаа нийт 11 зүйл заалтаар санал хураасан боловч түүнийгээ чуулган руу оруулахдаа Өршөөлийн хуулийг баталъя гэдэг нэгхэн санал хураалтаар явуулна гэдэг асудал яригдсан. Энэ нь алдаа болсон гэдгээ Хууль зүйн байнгын хороо хүлээн зөвшөөрсөн. Үүнийг өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч байнгын хорооны даргын томилгооны асуудлаас болж, байнгын хороо хуралдаж чадаагүй, завсарлага авсан. Байнгын хорооны даргаа хурдан шийдээд Өршөөлийн хуульд оруулах өөрчлөлтийг зүйл заалтаараа батлаад явах. Өөрөөр хэлбэл, уг хууль зүйл заалтаар батлагдах юм бол хэн ямар санал өгч байгаа нь ил тод харагдана.

Ерөнхийд нь батлах юм бол хэн авлига албан тушаалын гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэхийг дэмжиж байна, дэмжихгүй байна вэ гэдэг тодорхой биш болно.

Г.ДАРЬ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж