ОХУ энэ 2020 онд хүн амын тооллого явуулахаар бэлтгэж байна. Тооллого албан ёсоор ирэх аравдугаар сард явагдах ч гэлээ хүн хүрэхэд төвөгтэй, алслагдсан бүс нутгуудад тооллогыг дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөжээ. Тооллогын урьдчилсан дүнг 2021 оны хавар мэдээлж, эцсийн дүнг 2022 онд зарлана хэмээн ОХУ-ын Үндэсний Статистикийн хороо мэдээллээ.
Энэ удаагийн тооллогын нэг гол онцлог нь хүссэн иргэн цахимаар тооллогод хамрагдах боломжийг бүрдүүлсэн явдал. Төрийн үйлчилгээний нэгдсэн портал gosuslusi.ru сайт болон тооллогод зориулан гаргасан гар утасны аппликэйшнээр дамжуулан бүртгэлээ хийх боломжтой юм. Цахимаар бүртгүүлэхэд дахин давтагдашгүй код өгөх бөгөөд бүртгэлийн ажилтан хаягаар нь очиж кодыг тулган баталгаажуулна.
Үндэсний Статистикийн хорооны дарга Павел Малковын хэлснээр төрийн үйлчилгээний нэгдсэн порталд одоогоор 60 сая орчим иргэн бүртгэлтэй байгаа нь хүн амын бараг тал хувь бөгөөд энэ удаагийн тооллогыг цахимаар явуулснаар бараг 100 мянган бүртгэлийн ажилтны орон тоог хэмнэх ажээ. Өмнөх тооллогод нийтдээ 470 мянган хүн ажилласан бол энэ удаад 360 орчим мянган хүн ажиллана гэж тооцож байгаа ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ