Ардын намын байр ахиад шатах вий!

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Ардын намын байр ахиад шатах вий!

Ардын намын байр ахиад шатах вий!

МАН яг ялчихлаа гэж хөөрч байна. Тэтгэврийн зээлийг тэглэснээр тэдэнд 230 мянган ахмадын санал бэлэн гэж үзэж байна. Дээр нь, хүүхдийн мөнгийг хүүхэд болгонд өгөхөөр болсон, Сонгуулийн тухай хуулиа өөрсдөдөө зориулж батлуулчихсан. Тиймээс МАН өнөөдрийнх шигээ үнэмлэхүй олонх болж чадахгүй юмаа гэхнээ засгийн эрх барьсан хэвээр үлдэнэ гэж тооцжээ. Тэд Ерөнхийлөгчөөс бусдын үгийг сонсохоо больж, ерөнхийдөө их "том" харагдаж байна.

Гэвч, “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэж үг бий. Өмнөх Ардчилсан намын алдаанаас Ардын нам одоо ч сургамж аваагүй л явна.

УИХ-ын 2016 оны Сонгуулийн тухай хуулийг Ардчилсан намынхан өөрсдөдөө зориулж баталсан. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааны 30 хувийг төр худалдан авах нэрээр 300 мянган төгрөгөөр сонгогчдыг авлигадсан. Харамсалтай нь, Ардчилсан нам ердөө дөнгөн данган бүлэг байгуулах хэмжээний суудалтай үлдсэн.

Өнгөрсөн сонгуулиар МАН  сайндаа ч ялаагүй, АН-ын энэ мэт олон алдаа тэдэнд эерэг оноо болж очсон хэрэг. Ард түмнийг улстөрчид цагаан цаас гэж боддог болохоос ард түмэн цагаан цаас биш л дээ. Тэтгэврийнхээ зээлийг МАН-аар тэглүүлж аваад тэс өөр сонголт хийж мэднэ.

Тэтгэврийн зээлийг энэ сард тэглэх Ардын засгийн шийдвэртэй зэрэгцээд Ардчилсан нам байгалийн баялгийг тэгш хүртээх хуулийн төсөл боловсруулснаа мэдэгдэж, МАХН малчны, цалингийн, ипотекийн зээлийг хүүг тэглэхийг шаардав. Болдог юм ч болдгоороо болж байна. 2008 онд АН, МАН адилхан ингэж амлалтаар уралдаж, халамжаар хайр найргүй бөмбөгдсөн юм. Энэ нь үндсэндээ Эрээнийг дэмжих бодлого болоод дууссан билээ.

Сонгуулийн тогтолцоогоо томсгосон 26 тойргоор явуулах хуулиа МАН өөрсдөдөө зориулж баталсан. Ардын намын баталсан хууль, зурсан зургийн дагуу УИХ-ын 2020 оны сонгууль явагдана. Одоо сонгуулийн тойрог дээрээ МАН ид сууж байна. Маргаан нэлээд дагуулна. У.Хүрэлсүх ухаантай хандахгүй бол Н.Энхбаярын нам руу урваж, шарвах хүн Ч.Улаанаас эхлээд бий. Тойргийн тоо, зураг тодорхой болсны дараа МАН-аас хэчнээн хүн МАХН-д элсэхийг таашгүй.

МАН-ыхан Монголыг бодож тойргоо хуваана гэвэл үүнд хүүхдүүд ч итгэхгүй. Үлгэр бүхэн ч амар сайхандаа жаргадаггүй. Сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар болсон нь Монголын хөгжил, төсөв мөнгийг бодолцсондоо МАН-ынхан ингэж шийдсэн юм биш.

Ямар тогтолцоогоор, тойргоо яаж хуваах нь  МАН-д ашигтай вэ гэж толгойгоо гашилгаж суугаа. Чоно цатгалан үлдэх нь тэдний хувьд нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй. Бүр хэнийг хаана сойхоос хамаараад түүнд зориулж тойргоо зурна. Энэ бол МАН-ын гэм биш, Ардчилсан нам ч өмнө нь өөрсдөдөө зориулж тойргоо хувааж авч байсан.

МАН-ын тоглоомын дүрэм нэгэнтээ тодорхой болж байна. У.Хүрэлсүхийн намынхны сонгуулийн өрсөлдөөний тактикийг харахад халамж, луйвраар санал авах санаатай байгаа нь илэрхий.

2008 онд МАН яг л ийм замаар эрх мэдэлд хүрэхээр  сонгуулийг томсгосон тойргоор явуулж, байгалийн баялгийг ард түмэндээ тэгш хүртээх нэрээр иргэн бүрт “Эх орны хишиг” гэж 1.5 сая төгрөгийг бэлнээр тараах амлалт өгч байлаа.  

2010-2012 онд 1.9 сая иргэнд “Хүний хөгжлийн сан”-гаар дамжуулан сар болгон 21 мянга, нэмээд оюутны төлбөр, залуу хосын мөнгө гээд нийтдээ дөрөв орчим их наяд төгрөгийг тараасан. Зөвхөн 2011 онд төрийн хишиг болгон хүртээсэн 800 тэрбумаар тухайн үед 20 эмнэлэг, 80 сургууль, нефть боловсруулах үйлдвэр барих боломжтой гэсэн судалгааг ч эдийн засагчид гаргаж байв.

Эх орны хишиг тараахаас өмнө ядуурал 33 хувьтай байсан бол 39 хувьд очиж, инфляци албан бусаар 17 хувьд хүрсэн гэдэг.

“Эх орны хишиг”-ийг МАН-ынхан Оюутолгой, Тавантолгойг барьцаалж зээл авч тараасан бол энэ удаад Салхитын мөнгөний ордоос олборлосон мөнгөөр тэтгэврийнхний зээлийг тэглэх тооцоо судалгаагаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулжээ. Түүний танилцуулснаар мөнгөний нөөц нь 808 тонн, алтных нь нэг тонн гаруй Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэнэ. Ордыг эргэлтэд оруулахын өмнө Засгийн газар бонд гаргаж, арилжааны банкууд дахь 800 тэрбум орчим тэтгэврийн зээлийг тэглэх аж. Яг л 2008 оны түүхээ МАН давтахаар шийдэж.

Томсгосон тойргоор сонгууль явуулснаар сонгогчдын санал гээгдэх хамгийн том эрсдэл бий. Товчхондоо, томсгосон тойрогт намууд бодлогоор биш халамжаар уралддаг, жишээ нь зээлүүдийг тэглэх тухай намуудын дараалсан мэдэгдлүүд. Тэтгэврийн зээлийг тэглэснээр инфляци хоёр оронтой тоонд шилжиж, төгрөгийн ханш одоогийнхоос ч илүү суларна.  Ардын нам засгийн эрхийг авснаас хойш ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш 2735 болтлоо суларсан. Долларын ханш өсвөл шатахууны үнэ нэмэгдэнэ. Талх чихэр, гурил, будаа мах, хиамны үнэ дагаад өснө. Төр нэг гараараа зээл тэглэж, нөгөө гараараа иргэдийн халааснаас илүү их мөнгө татна. Атар талхны үнэ өнөөдөр 1400 төгрөг бол тэтгэврийн зээлийг тэглэснээр инфляцийн хөөрөгдлийг дагаад хэлж болж өсөхийг хэлэхэд хэцүү. Инфляцийн хөөсрөлт, үнийн хөөрөгдөл баячуудын хөрөнгийг нэмэгдүүлж, ядуусын үмх талхыг булаадгаараа онцлогтой.

Гэтэл МАН яг 2008 он шиг бүхнийг бярдаж, хүчилж, луйвардаж авахаар зүтгэж байна. Ингэвэл 12 жилийн өмнөх гашуун түүх дахиад давтагдаж, Ардын нам байр ахиад шатаж мэднэ! 2008 оны долдугаар сарын 1-нд таван хүн рүүгээ буу шагайсан Монголын төрийн эмгэнэл хуучраагүй, эцэг эхийнх нь хагацлын нулимс бараг хатаагүй байгаа. Харин байраа шатаалгасан Ардын нам “Тусгаар тогтнол”-ын ордноо 14.6 тэрбумаар барьсны 11 тэрбум  нь татвар төлөгчдийн мөнгө байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
7
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж