АН-ын зөвлөл тэтгэврийн зээлийг тэглэх ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэлэлцэн зөвлөлийн байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
ҮАБЗ өөрийн бүрэн эрхийн хэмжээнд тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай зөвлөмжийг гаргасан байна. Энэ зөвлөмжийн хүрээнд АН иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн санаачилга гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшихэд АН "Монгол хүн бүрийг нэг удаа өрийн дарамтаас чөлөөлөх" захидал илгээж байсан. Энэ асуудлын хүрээнд төрийн тэргүүний гаргасан улс төрийн санаачилгыг ҮАБЗ хүлээж авчээ гэж бид ойлгож байна.
Монгол Улсын иргэн бүр өрийн дарамтгүй амьдрах ёстой. Энэ нь тулгамдсан асуудлын нэг учраас АН иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх тухай санаачилгыг ч гаргасан. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилгыг бүрэн дэмжиж байна. Ингэхдээ иргэдээ ялгаварлалгүйгээр, шударгаар өрийн дарамтаас чөлөөлөхөд бүгд санал нэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. ҮАБЗ-ийн шийдвэрийг УИХ авч үзэх байх. Засгийн газар ч гэсэн тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар одоо хуралдаж байна.
Бид энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг, Засгийн газарт зарим шаардлагыг хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Тэтгэврийн зээлийг тэглэхдээ байгалийн баялгаас олсон ашгаас шийдвэрлэнэ гэж байна. Гэхдээ энэ нь Үндсэн хуульд заасан тэгш эрх, шударга ёсны зарчмыг баримтлах зайлшгүй шаардлагатай. Сонгуулийн шоу болгож эдийн засгаа баллаж болохгүй. АН Ерөнхийлөгчийг сонгуульд нэр дэвшихэд Монгол хүн бүрийг нэг удаа өрийн дарамтаас чөлөөлөх захиас өгсөн. Ингэхдээ тэтгэвэр, цалин, оюутны сургалтын төлбөрийн зээлийг өрийн дарамтаас чөлөөлөхдөө байгалийн баялгаас иргэдэд хүртээх өгөөж болон иргэдэд оногдох хувьцааны ногдол ашгаас чөлөөлөх асуудал ярьсан. Нийгмийг талцалд хувааж болохгүй. Зөвхөн Салхитын ордыг ярьж болохгүй, бид эрх зүйн орчноо шинэчилж нийт стратегийн ордыг төрийн нийтийн үйлчилгээний компани байгуулах нь зүйтэй. ҮАБЗ-ийн шийдвэр нь үүнийг хэрэгжүүлэх эхний алхам болж байна гэж харж байгаа. Асуудлын гол нь дараа нь гарах үр дагаврыг зөв тооцоолох нийт иргэдээ өрийн дарамтгүй болгоход стратегийн ордуудаа эргэлтэд оруулах стратегийн компани байгуулах шаардлагатай. Энэ асуудлаар хуулийн төсөл боловсруулаад УИХ-д өргөн барих нь зүйтэй. Мөн 2020 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүснэ. Газрын хэвлийн баялгийг иргэдэд хүртээхдээ Үндсэн хуулийн суурь зарчмыг баримтлах ёстой.
Асуудлыг цаашид өргөн хүрээнд харж зөвхөн ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх тухай асуудал биш цаашид нийт иргэдийнхээ өрийг стратегийн ордуудын үр өгөөжөөс барагдуулах зэрэг асуудалд өргөн утгаар нь хандана. УИХ-ын гишүүн З.Нарантуяа нарын гишүүд Төрийн нийтийн зориулалттай өмчийг иргэн, ААН-д эзэмшүүлэх, ашиглуулах тухай хуулийг санаачлан УИХ-д өргөн барина” гэв.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
Тэтгэврийн зээлийг тэглэх тухай асуудалд мэргэжлийн үүднээс хандах шаардлагатай байна. Газрын доорхи баялгийг нийт иргэддээ тэгш, хүртээмжтэй, өгөөжтэй хуваарилах асуудал яагаад яригдав гэдгийг эргээд харвал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийгдсэн судалгаанаас үндэслэгдэж хөндөгдсөн асуудал. Монгол Улс газар доорх баялгаа 1997 оны Ашигт малтмалын тухай хууль гарснаас хойш ямар байдлаар байгалийн баялгийг иргэн, ААН-үүдэд эзэмшүүлж байв гэхээр зөвхөн ашигт малтмал, хайгуулын лицензийн хүрээнд л ашигт малмалыг ашиглуулсан ирсэн байдаг. Стратегийн оруудад тооцогддог УИХ-аас тогтоол нь гарсан 16 орд дээр нэмж стратегийн ордод тооцох олон ордны асуудал яригддаг. Бид хэнд газрын баялгаа ямар зарчмаар ашиглуулж байгаагаа мэдэхгүй өнөөг хүрсэн. Тийм учаас хамгийн эхэнд иргэдийн тэгш бус байдал, нийгмийн ялгаа, орлогын тэгш бус хуваарилалтыг арилгая гэвэл баялгийнхаа хуваарилалтаас эхлэх ёстой гэсэн судалгааны хүрээнд АН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр анх энэ асуудлыг хөндөж байсан. Гол санаа нь Үндсэн хуульд заасанчлан газрын баялгийг иргэддээ тэгш, хүртээмжтэй өгөөжтэй хуваарилах зарчмыг баримтлах ёстой. Сая Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ч тусгагдсан ийм заалт. Үүнийг хангахын тулд тусгайлан нэг ордыг авч үзэх гэхээсээ илүүтэй асуудлыг цогцоор нь авч үзэхэд Засгийн газар анхаарах ёстой.
ҮАБЗ тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг хөндөхдөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тусгасан заалтыг барьж асуудалд хандсан гэж ойлгож байгаа. Стратегийн ордуудаа хэрхэн, яаж ашиглах зарчмаа эхлээд тодорхойлохын тулд төрийн, нийтийн зориулалттайгаар иргэн, ААН-д ашиглуулах, эзэмшүүлэх бол ямар зарчмаар ашиглуулах вэ гэдэг хуулиа эхлээд батлах ёстой гэж би хувьдаа үзэж байна. Би энэ тухай хуулийн төслийг боловсруулаад хоёр жил гаруй болж байна. Энэ төслөө одоо ярих цаг нь болсон гэж үзэж байна. Зөвхөн нэг ордыг эргэлтэд оруулж бонд босгон тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ гэж онцгойлон авч үзэх нь үүсээд байгаа асуудлыг төгс шийдэж чадахгүй. Энэ нь нийгмийн нэг хэсгийг ялгаварлан авч үзэж байгаа шийдвэр болно. Бүх иргэнээ зээлийн дарамтгүй, орлогын тогтвортой эх үүсвэртэй болгоё гэвэл зөвхөн Салхитын мөнгөний орд бус Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр зэрэг иргэдэд эзэмшүүлж болох бүх хувьцааг нь УИХ-ын тогтоолоор иргэддээ эзэмшүүлэх явдал юм. Орд бүхэн өөрийн онцлогтой, нөөцтэй. Хэдэн хувийг нь иргэдэд эзэмшүүлэх вэ гэдэг үндсэн зарчмаа хуулиар тогтоож иргэдийн хувьцааны ногдол ашгийг нь жил бүр өгдөг байхыг баталгаажуулж өгөх ёстой. Ингэснээр зээлтэй, зээлгүй гэж ялгаварлагдахгүйгээр Монголын бүх иргэн хувьцааны ногдол ашгаас тогтвортой орлоготой болно. Ингэж байж өрхийн орлогыг бодитойгоор дэмжинэ. Бид холбогдох хуулиудыг боловсруулсан. Удахгүй олон нийтийн дунд хэлэлцүүлж УИХ-д өргөн барина.
Мөн Ирээдүйн өв сангийн тухай хууль өнөөгийн нийгмийн шаардлагыг хангаж чадахгүй байгаа учир Баялгийн сангийн тухай хуулийг УУХҮ-ийн яамтай хамтраад боловсруулсан. Энэ хуулийн төслийг яаралтай өргөн барих шаардлагатай.
Асуудалд олон талаас нь тооцоо судалгаатай хандаагүйгээс эдийн засгийн хор хохирол нь төсөөлснөөс өндөр гардаг" гэдгийг тэрбээр тодотголоо.
Холбоотой мэдээ