Иргэд өвлийн хүйтэнд 30, 40 минут автобус хүлээх нь энүүхэнд. Өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж байгаа автобуснуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5км/цаг байна. Өмнө нь үйлчилгээнд явж буй автобусны хөдөлгөөнд оролцох дундаж хурд нь 34 км/цаг байсан бол одоо хоёр дахин буураад байгаа аж.
Гол шалтгаан нь нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд журам зөрчсөнөөс нийтийн тээврийн хөдөлгөөнд саад учруулж байгаа гэж албаныхан мэдээлсэн. Тиймээс маргаашнаас /2020.01.07/ автобусанд байрлуулсан камерыг ашиглан, нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлэх ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболдоос тодрууллаа.
-Авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон жолооч нарт хуулиараа хариуцлага тооцож, торгууль ногдуулдаг. Гэтэл дахиад нийтийн тээврийн автобуснуудад суурилуулсан камераар баримтжуулан нэгдүгээр эгнээгээр зорчиж буй жолооч нарт хариуцлага хүлээлгэхээр болсон гэх. Тодорхой мэдээлэл өгөөч?
–Ер нь нийтийн тээвэрт суурилуулсан камерыг ашиглах чиглэлээр 2015 оноос нийслэлийн Тээврийн газарт хүсэлт тавьсан. Тухайн үед нийтийн тээврийн үйлчилгээнд “U-Money” смарт карт нэвтэрч эхэлж байсан юм. Гэвч нийтийн тээвэрт суурилуулсан камерууд шаардлага хангахгүй, мэдээллийн бааз тогтвортой биш байсан учраас тэр үедээ 4000-5000 орчим зөрчил илрүүлээд, дахин зөрчил илрүүлээгүй.
Нийтийн тээврийн үйлчилгээний камерын хүчин чадал сайжирсан учраас маргаашнаас авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон болон автобусны буудлуудад зогсох зогсоолын дүрмийг зөрчиж буй зөрчлүүдийг илрүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажиллахаар болсон. Энэ оны нэгдүгээр сардаа багтан энэ чиглэлээр торгууль ногдуулах системийн үйл ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна.
-Ер нь энэ чиглэлийн зөрчил хэр олон гардаг вэ?
-Эхний ээлжинд нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусанд суурилуулсан камерын хүчин чадлыг үзээд, мэдээ мэдээлэл боловсруулах ажилтнуудыг томилсон. Тэгээд Замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээллээ ирүүлбэл хуулийн дагуу арга хэмжээ ногдуулах болно. Ер нь Улаанбаатар хотын хэмжээнд камерын хяналтаар жилд 550 орчим мянган зөрчлийг илрүүлж байна. Ойролцоогоор 12 тэрбум төгрөгийн торгууль ногдуулдаг гэсэн үг. Үүнд, авто машины хурд хэтрүүлэх, гэрлэн дохио зөрчих, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчих, үзлэг оношилгоонд хамрагдаагүй гэх мэт долоо, найман төрлийн зөрчлийг илрүүлдэг.
-Камерын тусламжтайгаар нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах боломжтой гэж үү?
– Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөнд байрлуулсан суурин камераар нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийн зөрчлүүдийг илрүүлдэг. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар суурин камер өнгөрсний дараагаар буцаж нэгдүгээр эгнээгээр зорчих зөрчил их гарч байна. Үүний улмаас нийтийн тээврийн үйлчилгээ удааширч, үйлчилгээнд явж байгаа автобуснуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5км/цаг байна. Үүний гол шалтгаан нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцох давуу талыг алдагдуулж байгаатай холбоотой .
Хуучин үйлчилгээнд явж буй автобус хөдөлгөөнд оролцох дундаж хурд нь 34 км/цаг байсан бол одоо хоёр дахин буураад байгаа. Тиймээс бид камерыг хөдөлгөөнт байдлаар автобусанд суурилуулснаар энэ зөрчлийг таслан зогсоож, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахад үр дүн гарч эхэлнэ.
-Зөрчлийн тухай хуулиар ямар хариуцлага хүлээлгэх вэ. Торгуулийн хэмжээ өөрчлөгдөх үү?
-Зөрчлийн тухай хуульд зааснаараа л хариуцлага тооцно. Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ нь тусдаа тэмдэг тэмдэглэгээтэй байдаг. Тэр тэмдгийг зөрчсөн тохиолдолд 20 мянган төгрөгөөр жолоочийг торгоно. Торгуулийн хэмжээ өөрчлөгдөхгүй.
-Ер нь жолооч нар замын уулзвар нэвтрэхийн тулд заавал нэгдүгээр эгнээгээр орох шаардлагатай болдог гэдэг. Энэ тохиолдолд жолооч нар хэрхэн замын хөдөлгөөнд оролцох ёстой вэ?
-Жолооч нар өөрсдөө замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмагаас ийм гомдол хэлдэг. Замын тэмдэг, тэмдэглэгээ үйлчилдэг орон зай гэж бий. Жишээлбэл, Энхтайвны өргөн чөлөөнд үргэлжилсэн цагаан шугам нэгдүгээр эгнээнд татсан бол бид тэр эгнээгээр хөдөлгөөнд оролцох дүрэм байхгүй. Жолооч нэр тэр дүрмээ биелүүлээгүйгээс үргэлжилсэн шугам давж, эргэх үйлдэл хийж болохгүй. Зарим жолооч Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр ирж, бичлэг үзээд үргэлжилсэн шугам давсан гэдгээ мэдээд явдаг. Өвлийн улиралд үргэлжилсэн шугам цасанд дарагдаад харагдахгүй гэх асуудлыг ч ярьдаг. Тэр тохиолдолд хадаасан тэмдэглэгээг зам дээр байрлуулсан байгаа.
-Гэр хороолол болон хотын төв хэсгийн замын нэгдүгээр эгнээ машины зогсоол болчихсон байдаг. Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ гэсэн тэмдэглэгээг зөвхөн хотын төвийн зам дээр байрлуулах боломжтой юу?
-Гэр хорооллын авто замд чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ гэсэн тэмдэглэгээ тавиагүйгээс жолооч нар замын нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулдаг. Ер нь Энхтайвны өргөн чөлөөний замын хөдөлгөөнийг хурдан шуурхай явуулахын тулд зөвхөн тус өргөн чөлөөнд чиглэлийн тээврийн хэрэгслийн тэмдгийг тавьсан байгаа. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн нутаг Таван шарын уулзвараас Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны тойрог хүртэлх замын хөдөлгөөнд хэрэгжиж байгаа. Өөр ямар ч газар энэ тэмдгийг тавиагүй.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Д.БҮЖИН
Холбоотой мэдээ