Олимпийн эрхийн төлөө зодоглох Монгол тамирчид | News.MN

Олимпийн эрхийн төлөө зодоглох Монгол тамирчид

Олимпийн эрхийн төлөө зодоглох Монгол тамирчид

Олимпийн эрхийн төлөө зодоглох Монгол тамирчид

Япон улсын Токио хотноо зуны Олимпийн XXXII наадам эхлэхэд хэдхэн сар үлдсэн ч дэлхий дахинд олимпийн наадамд оролцох эрхийн төлөө өнөөдрийг хүртэл тамирчид өрсөлдөж байна. Энэхүү итгэл найдварын төлөөх тэмцээнд Монгол Улсын тамирчид ч олимпийн эрх авахаар зодоглож байгаа юм. Спортын ямар төрөлд хэн, хэн хүч сорьж байна вэ гэдэг мэдээллийг хүргэе.

ЖҮДО

Олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд Монголоос олон тамирчин оролцож, өндөр амжилт гаргах магадлалтай. Монголын жүдочдын хувьд олон улсын жүдо бөхийн холбооны 2020 оны тавдугаар сарын 25-нд гаргах чансаагаар жин тус бүртээ эхний 18-д багтсан тамирчид Олимпийн эрхээ шууд өвөртөлнө. Гэхдээ нэг жинд нэг улсаас нэг л тамирчин оролцох ёстой. Мөн тивүүд тодорхой квот буюу эрхийн заалттай аж. Тухайлбал эрэгтэйд Европт 13, Африкт 10, Азид 10, Америк тивд 10, Далайн орнуудад 5, эмэгтэйд Европт 12, Африк, Азид тус бүр 10, Америк тивд 11, Далайн орнуудад 5 квот олгожээ.

Спортын шинжээчдийн үзэж буйгаар Монголын 10-12 жүдоч Токиогийн татамид гарах боломжтой гэж харж байна. Эрхийг хувь тамирчинд бус улсад олгох бөгөөд яг олимпод хэнийг оролцуулахаа тухайн улс өөрөө шийдэх юм байна.

Дашрамд сануулахад Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг олон улсын жүдо бөхийн холбооны тэмцээнүүдэд 2010-2019 оны хооронд оролцож, нийт 35 медаль хүртсэн амжилтаараа Гиннесийн амжилтын эзэн болоод байгаа билээ. Токиогийн олимпийн эрх авахад түүнд өрсөлдөгч байхгүй гэж спортын салбарынхан дүгнэж байна.

ЧӨЛӨӨТ БӨХ 

Монгол Улсын тамирчид Олимпийн наадамд өндөр амжилт үзүүлдэг нэг төрөл бол Чөлөөт бөх.  Чөлөөт бөхийн төрөлд Олимпийн эрхээ гавьяат тамирчин С.Батцэцэг, Т.Тулгат нар аваад байна. Үүний зэрэгцээ амралтын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 3-6-ны хооронд болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хэд хэдэн аварга төрсөн. Гэхдээ аль тамирчнаа Олимпод сойх эсэх нь монголчууд өөрсдөө шийднэ.

Үүнээс гадна, чөлөөтийнхөнд Олимпийн эрхээ нэмэх хоёр тэмцээн үлдсэн. Эхнийх нь 2020 оны гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиан хотноо болох Ази тивийн Олимпийн эрх олгох тэмцээн. Энэ тэмцээнд жин тус бүрт эхний хоёрт буюу алт, мөнгөн медаль хүртсэн бөхчүүд эрхээ авна. Харин энэ тэмцээнээс олимпийн эрхээ аваагүй бөхчүүд 2020 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 3-нд Болгарын Софи хотноо болох Олимпийн эрх олгох дэлхийн тэмцээнд мөн л жин тус бүрт алт, мөнгөн медаль авч байж эрхээ авах юм.

3X3 САГСАН БӨМБӨГ 

3Х3 Сагсан бөмбөгийн төрөл энэ удаагийн Олимпийн наадамд шинээр бичигдэн, орж ирж байгаа билээ. Энэ төрөлд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг олимпийн наадмын эрхээ аваад байгаа бол эрэгтэй шигшээ баг 2020 оны гуравдугаар сард Энэтхэгт болох Олимпийн эрхийн төлөөх тэмцээнд нийт 20 баг оролцох бөгөөд Монгол Улсын шигшээ баг чансаагаар нэгдүгээрт бичигджээ. Энэ тэмцээнээс олимпийн нэмэлт гурван эрх олгогдох юм. Өөрөөр хэлбэл, эхний гурван байрт шалгарсан багууд олимпод оролцох эрхээ авах юм. Энэтхэгт болох тэмцээнд шалгарч чадаагүй дэлхийн чансааны дараагийн зургаан баг дөрөвдүгээр сард Унгар улсын нийслэл Будапешт хотноо болох Олимпийн эрх олгох тэмцээнд өрсөлдөх юм. Энэ тэмцээнээс нэг л эрх буюу аварга болсон баг олимпод оролцох эрхээ авах юм.

БОКС:

Боксын тэмцээний хувьд олимпийн эрх олгох хоёр тэмцээн болно. Ази болон Далайн орнуудын олимпийн эрх олгох тэмцээн 2020 оны хоёрдугаар сарын 3-14-нд БНХАУ-ын Үхань хотноо болох бөгөөд энэ тэмцээнээс болон бусад тивийн эрх олгох тэмцээнээс эрхээ авч чадаагүй орны боксчид 2020 оны тавдугаар сарын 13-24-нд Францын Парис хотноо болох Олимпийн эрх олгох дэлхийн тэмцээнээс сүүлчийн боломжоо хайх хэрэгтэй болно. Энэ тэмцээнээс жин тус бүрт 3-5 эрх олгох юм.

ТЭКВОНДО:

Тэквондогийн хувьд манай улсын тамирчид 2020 оны дөрөвдүгээр сарын 10-11-нд БНХАУ-ын Үши хотноо болох  тэмцээнд жин тус бүрт финалдсан буюу алт, мөнгөн медаль хүртсэн тамирчин олимпийн эрх авах боломжтой.  Монгол Улсын тэквондочид “Рио-2016” Олимпод анх удаа энэ төрөлд оролцсон билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж