Монгол Улсын 2020 оны төлөв гадаадынхны нүдээр

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Монгол Улсын 2020 оны төлөв гадаадынхны нүдээр

Монгол Улсын 2020 оны төлөв гадаадынхны нүдээр

Монгол Улсын 2020 оны улс төр, бизнес, эдийн засаг, санхүүгийн төлөв байдлыг  “IntelliNews” сайтад бичсэнийг орчуулан хүргэж байна.

УЛС ТӨР

Монгол Улсад 2020 онд УИХ-ын сонгууль болно. Ардчиллын баян бүрд гэж нэрлэгддэг Монгол Улс нь газар зүйн байршлаар ОХУ, Хятад гэх хоёр их гүрний дунд оршдог. Монгол Улс нь парламентын засаглалтай боловч бодит байдал дээр хууль тогтоогчдын үүрэг саажиж байна. Том төсөл, хөтөлбөрүүдийг батлахад удаашралтай, Улаанбаатарын агаарын бохирдол гэх мэт байгаль орчны асуудалд маш бага хүчин чармайлт гаргадаг зэрэг ужиг болсон асуудлуудтай Монгол Улс нүүр тулдаг.

Үүний зэрэгцээ ирэх 2021 онд популист Ерөнхийлөгч Х.Баттулга улиран нэр дэвших эсэх тодорхойгүй байна. Тэрбээр 2017 онд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан. Гэхдээ намтайгаа ойр биш Дональд Трампархуу улстөрч. Ажиглагчдын зүгээс 2009, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан Ц.Элбэгдорж улс төрд эргэн ирэх идэвхтэй байдал ажиглагдсаныг онцолж байна. Хэрэв тэрбээр эргэн ирвэл Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших Х.Баттулгын замд саад болно.

Ерөнхийдөө, Монголын парламентын сонгуулийн үечлэл нь амлалтаа биелүүлж чадаагүй эрх барих намын эсрэг ард түмний олонх нь саналаа өгөх байдлаар ээлжилдэг. Эрх баригчдын тоглоом Монгол Ардын нам болон Ардчилсан намын хооронд ямар ч бодлогын залгамж халаагүй ээлжлэн өрнөдөг.

Сонгуулийн үеэр нэр дэвшигчид Монгол Улсын байгалийн арвин баялгийн талаар онцолдог. Ингэхдээ нэр дэвшигчид гадаадын энгийн уул уурхайн компанийг хардаг монголчуудын сэжгийг улам батжуулах оролдлого хийдэг. Монголчууд тэдний уул уурхайн баялгийг ард түмэн биш цөөн хэдэн тооны хүмүүс захиран зарцуулж байгаад байнгын уур бухимдалтай байдаг. Сонгогчдын олонх нь Монголын уул уурхайн эзэмшлийг нийтийн өмч байхад таатай ханддаг. Иймээс 2020 оны сонгуулийн үр дүнд нөлөө үзэх гол зэвсгийн нэг нь уул уурхайн салбар юм.

Энэ нөхцөл байдал нь Рио Тинто компанийн алт, зэсийн олборлолтын Оюутолгой төсөлд таагүй нөхцөл байдлыг үүсгэсээр ирсэн. Монголын уул уурхайн амжилт, уналт нь ерөнхийдөө гадаадын хөрөнгө оруулалтын барометр болдог. Оюутолгойн 66 хувийг Рио Тинтогийн охин компани Туркойз Хилл Ресурс, 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. Өнгөрсөн 2019 онд парламентын ажлын хэсгээс Оюутолгойн гүний уурхайн төслийн гэрээний заалтад өөрчлөлт оруулахыг шаардсанаас Рио Тинто хүндрэлтэй нүүр тулсан. Улстөрчдийн зүгээс уг гэрээ нь Монгол Улс 2039 он хүртэл ногдол ашиг авахгүй байх заалтыг эсэргүүцжээ. Монгол нь Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардалд оруулах өөрсдийн санхүүжилтийн хувь хэмжээгээ Рио Тинто компани болон бусад зээлдэгч нараас зээлсэн юм. Энэ өрийг ногдол ашгийн орлогоор төлж байгаа аж. Өмнө нь Рио-Тинто компаниас төслийн санхүүжилтийн зардлыг бууруулах нь хоёр талд ашигтай гэх байр суурийг илэрхийлж байжээ. Хэрэв 2020 оны УИХ-ын сонгуулиар өнөөгийн эрх барьж буй Монгол Ардын нам Ардчилсан намаар солигдвол Рио-Тинтотой хийх хэлэлцээрт асуудал үүсэх магадлалтай.

БИЗНЕС

Оюутолгой гүний уурхайн төслийн анхны үр дүн нь энэ 2020 онд гарах байсан. Гэвч одоо энэ нь 2021 оны хоёрдугаар хагас хүртэл хойшлох төлөвтэй болжээ. Энэ мэт удаашрал нь уурхайн бэлэн мөнгөний урсгалд сөргөөр нөлөөлнө. Менежментийн доголдол, геополитикийн бэрхшээлээс үүдсэн төслийн хэрэгжилт гүйцэхэд илүү урт хугацаа шаардлагатай болсон нь гүний уурхайн төслийн зардлыг анх 5,3 тэрбум ам.доллароор төсөөлснөөс 6-8 тэрбум ам.доллар болж өсчээ. Оюутолгой нь 2013 оноос хойш алт, зэс олборлож байна.

Монголын эдийн засаг 2018, 2019 онуудад нүүрс гэх уул уурхайн салбарын гол сегментээс нэлээд ашиг олсон. Хятад руу нийлүүлэх нүүрсний экспорт нэмэгдсэнийг дагаад олборлолт 2019 оны эхний 11 сарын байдлаар өмнөх оныхоос 38,1 хувиар өссөн. Пёньяны цөмийн хөтөлбөрийн үйл ажиллагааны эсрэг олон улсын хоригоос болж 2017 онд Бээжин нь Хойд Солонгосоос авах нүүрсний импортоо Монголоос авах болсон юм. Мөн Австрали улсаас авч байсан нүүрсний импортын хэмжээгээ бууруулж, Монголоос авах болжээ. Хятад руу экспортлох Монголын нүүрсний сегмент нь нэгээс-арваннэгдүгээр сарын хооронд өмнөх оныхоос 12 хувиар өссөн байна.

Энэ нөхцөл байдалд Монголын төрийн өмчийн Эрдэнэс Тавантолгой компани энэ онд Хонгконгийн хөрөнгийн биржид нэг тэрбум ам.долларын өртөгтэй “IPO” худалдахаар болсон. “IPO” гаргахад АНУ-ын банк болон “Credit Suisse” групптэй хамтрахаар болжээ. Тавантолгой уурхай нь зургаан тэрбум тонны нүүрсний нөөцтэй бөгөөд өндөр чанартай коксжих нүүрсний гуравны нэгийг агуулдаг. Хонгконгийн бирж дэх амжилттай худалдаа нь Тавантолгой компанийн мөнгө босгох гурав дахь оролдлого юм. Өмнө нь 2011, 2015 онд “IPO” гаргахаар оролдож байв. Харин 2018 онд Монголын хууль тогтоогчид Тавантолгойн 30 хувийг худалдах төлөвлөгөөг баталжээ. Одоогоор “IPO” гаргах хэмжээ, цаг зэрэг нарийн мэдээлэл тодорхойгүй байна.

Монголын эдийн засгийн хөдөлгөгч хүчний нэг нь мал аж ахуйн салбар. Гэвч мал аж ахуйн салбар нь уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол гэх мэт асуудалтай нүүр тулгарч байна. Мал аж ахуйн салбар нь Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 90 орчим хувийг эзэлж, 25 хувийг ажлын байраар хангаж байна. Гол асуудал нь зуны улирал илүү хуурай, халуун болсны зэрэгцээ бэлчээрийн даац хэтэрснээс болж цөлжилт илүү хурдацтай явагдаж байна. Цөлжилтөөс үүссэн шар тоос нь эргээд хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Засгийн газраас энэ асуудалтай тэмцэхийн тулд Мал аж ахуйн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон ч бодит байдал дээр үр дүнгүй байна. Дорвитой арга хэмжээ аваагүйгээс 2020 онд байгаль орчны асуудал мөн л халуун сэдэв хэвээр байх болно.

Засгийн газраас өнгөрсөн оны есдүгээр сард хонь, тэмээний ноосыг үйлдвэрт нийлүүлж буй малчдад урамшуулал олгохоор баталсан. Мөн ноолуурын үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжсэн 2018 оноос хэрэгжиж эхэлсэн дөрвөн жилийн хөтөлбөр нь  эдийн засгаа төрөлжүүлэх оролдлогын нэг. Гэвч хөтөлбөрийн хэрэгжилтэд бэлчээрийн даац хэтрэлт, цөлжилт мөн л асуудал болсоор байна. Монгол нь бохир эсвэл угаагүй ноолуурын хоёр дахь том үйлдвэрлэгч орон бөгөөд ямааны тоо толгой 27 саяд хүрч, жилд 9400 тонн ноолуур үйлдвэрлэх хүчин чадалтай. Дэлхийн банкны Бизнес хийхэд хялбар жагсаалтаас харвал Монголын бизнесийн орчин нөхцөл бага зэрэг дээшилжээ. Монгол нь жилийн өсөлтөөр 0,1 хувиар нэмэгдэж, 67,8 оноотой болжээ.

ЭДИЙН ЗАСАГ

Дэлхийн банкны мэдээллээр Монгол Улсын эдийн засаг 2019 оны эхний есөн сард өмнөх жилийнхээс 6,3 хувиар өсчээ. Гэхдээ 2018 оны мөн үетэй харьцуулахад 0,3 хувиар буурсан байна. Бага зэргийн удаашралтыг эс тооцвол эрдэс баялгийн олборлолт, экспортын өсөлтөөс хамаарсан Монголын эдийн засаг өсөлтөө хадгалжээ. АНУ-тай хийж буй геополитик, худалдааны дайн хүндэрч, Хятадын эдийн засаг удааширвал Монгол Улс нүүрсний экспортын өсөлт удаан үргэлжлэхгүй.

Европын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын банкны тооцооллоор Монголын эдийн засаг 2019 онд 6,2 хувьтай байсан нь өмнөх оныхоос 0,7 хувиар бага үзүүлэлт аж. Харин энэ 2020 онд Монголын эдийн засгийн өсөлт 5,0 хувьтай байх таамгийг гаргажээ. Энэ нь Хятадын эдийн засгийн удаашрал, 2020 оны парламентын сонгуулийн үр дүн тодорхойгүй гэх зэрэг байдалтай холбоотой.

Үүний зэрэгцээ эдийн засгийн өсөлт нь Оюутолгой төслийн бүтээн байгуулалт хэрхэн өрнөхөөс хамаарна. Төслийн үйлдвэрлэл нь жинхэнэ орлогыг нэмэгдүүлж, цалин хөлснийг нэмэгдүүлснээр эдийн засгийг дэмжих аж.

Монголын Дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд Дэлхийн банк илүү эергээр харсан. Дотоодын хэрэгцээ хүчтэй, гадаадын хөрөнгө оруулалтын урсгал тогтворжиж, барааны экспорт нэмэгдсэн зэргээс шалтгаалан Монголын ДНБ-ны өсөлт 2019 онд  6,9 хувьтай байхыг Дэлхийн банк таамагласан. Мөн төсвийн алдагдал нь 2019-2021 оны хооронд ДНБ-ны 1,5 хувьтай тэнцэнэ гэж үзжээ. Сүүлийн үеийн төлвөөр импорттой холбоотой хөрөнгө оруулалтын өсөлт нь 2020-2021 оны хооронд дунд зэрэг саарах ч, одоогийн алдагдлыг багасгах аж. 2018 онд төсвийн алдагдал ДНБ-ны 15 хувьтай байжээ.

Монголын гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний 11 сард 1,5 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 1,1 тэрбум ам.доллароор өсчээ. Энэ нь экспортын хэмжээ жилийн дүнгээр 8,9 хувиар өссөнтэй холбоотой. Ялангуяа, Монголын экспортын нийт орлогын 35 хувийг эзэлж буй нүүрсний экспорт нэмэгдсэн нь сайн үр дүнг үзүүлжээ. Сүүлийн үеийн мэдээллээр 2019 оны  нэгээс-арваннэгдүгээр сарын хооронд Монголын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн өмнөх оныхоос 12,8 хувиар өсч, 16 их наяд төгрөг буюу ойролцоогоор 5,24 тэрбум еврод хүрчээ. Үүний дөрөвний нэгийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна.

Монголын жилийн хэрэглээний үнийн инфляц өнгөрсөн арваннэгдүгээр сард 5,2 хувьтай байсан нь сарын үзүүлэлтээр 0,4 хувиар буурчээ. Инфляц нь өсөлт, үйлдвэрлэлт өнгөрсөн аравдугаар сараас  эхлэн буурснаар өсч эхэлжээ. Энэ нөхцөл байдал 2020 онд үргэлжлэх төлөвтэй байна.

САНХҮҮ

Монгол Улс нь 2019 онд Олон улсын валютын сангийн тэргүүлсэн 5,5 тэрбум ам.долларын тусламжийн хөтөлбөрөөс үргэлжлүүлэн санхүүжилт авсан. Зарим таамаг мэдээллээр Монгол Улс 2019 онд нийтдээ 800 сая ам.долларыг тусламжийн хүрээнд авна гэж тооцжээ. Монгол нь 2017 онд батлагдсан хөтөлбөрийн хүрээнд 700 сая ам.доллар, 2018 онд 800 гаруй сая ам.долларыг олон улсын зээлдэгч нараас авчээ.

“Fitch Ratings” болон “Standard & Poor” байгууллагаас Монголын зээлжих зэрэглэлийг тогтвортой “В” хэмээн үнэлсэн. “Moody” харин  өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголыг тогтвортой ‘B3’ гэж үнэлжээ.

“Fitch” байгууллагаас Монголын төсвийн алдагдал нь 2020 онд дөрвөн хувь орчим буюу 2018 онд ДНБ-ны 2,6 хувьтай байснаас нэмэгдэх төлөвийг гаргажээ. Энэ нь мөн л парламентын сонгуулийн үр дүнтэй уялдах аж.

Монголын гадаад өр 2020 онд үргэлжлүүлэн өсч 200 гаруй хувьд хүрнэ гэж тооцжээ. Өнгөрсөн 2018 онд гадаад өр ДНБ-ны 219 хувь, 2017 онд 240 хувь байжээ. Монгол Улсын Төв банкнаас  өнгөрсөн есдүгээр сард мэдээлснээр гадаад өр 2019  оны эхний есөн сарын байдлаар 29,9 тэрбум ам.долларт хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж