Сонгуулийн жилийн поп өнгө

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Сонгуулийн жилийн поп өнгө

Сонгуулийн жилийн поп өнгө

Гарч буй 2020 оны өнгийг Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ мэндчилгээ тодорхойллоо. Энэ бол поп өнгө юм. Тэтгэврийн зээлийг тэглэх мэдэгдэл нь он солигдох мөчийн оргилуун дарсны буудах чимээг ч дарж орхилоо.

Сонгогдсон цагаасаа олон нийтэд хандан хэлсэн мэдэгдэл болгон нь шахуу нийгэмд талцал үүсгэж ирсэн Ерөнхийлөгч энэ удаад ч зуршлаасаа гажсангүй.

Парламентыг тараах шаардлага, уул уурхайг нийгэмчлэх, 30 гэр бүлийг нийгмийн дайсан болгох, улс орны эрх мэдлийг ҮАБЗ-д өгөх зэрэг мэдэгдлүүдийг эргэн саная. Эдгээр мэдэгдэл нь төрийн тэргүүний амнаас биш сөрөг хүчний, тэр дундаа дажгүй поп удирдагчийн амнаас гарсан байхад явган улс төр гээд бодоод өнгөрч болохоор зүйл.

Он солигдох мөчийн поп өнгө энэ жил болох парламентын ээлжит сонгуульд ч өнгө нэмлээ. Сонгууль болгоны өмнө бүх зүйл сайн тал руугаа өөрчлөгдөх юм шиг мэдрэмж төрүүлээд эцсийн дүндээ нэмэгдэхүүний л байр солигдсон байдаг гэнэн сонголт энэ жил бас давтагдах уу. Нийлбэрийн дүнг өөрчлөхгүйн төлөө эрх баригч хүчин ч хамаг чадлаараа чардайж байна. Сонгуулийн хуулийг хэрхэн баталснаас энэ чармайлт харагдана. Супер ажиллаж, ард иргэдээ жаргааж байгаа гэсэн тархи угаалтын хуурамч сүржин мэдэгдлүүдийн давтамж улам ихсэх нь нөгөө л поп өнгө.

Харамсалтай нь поп өнгөнд хамгийн нэрвэгдэх нь Монголын эдийн засаг, цаашилбал Монголын ирээдүй.

Шувтраад удаагүй байгаа 2019 оны эхний гурван улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 6.3 хувьтай байсан нь муугүй үзүүлэлт боловч энэ өсөлт нөгөө гоочлоод байдаг, поп улстөрч болгоны оноо авах сэдэв болсон уул уурхайн салбараас бий болжээ. Экспортын бараанд тэргүүлэх байрыг чулуун нүүрс, дараа нь зэс эзэлж байна.

Энэ оны хувьд ч уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийг хангах гол салбар хэвээр байх нь тодорхой. Ялангуяа “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хонконгийн хөрөнгийн бирж дээр хийх IPO ихээхэн анхаарал татаж байгаа. Өмнө мэдээлснээр нэг тэрбум ам.долларын хөрөнгө босгох төлөвлөгөөтэй байна. Олон улсын хэвлэлд мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой”-н IPO гаргах ажилд АНУ болон Европын нөлөө бүхий банк оролцох эхний шатны яриа хийгджээ. Гэхдээ энэ ажил поп улс төрөө даах уу гэдэг асуулт хамгаас илүү анхаарал татна. Эрх баригч МАН-ын сонгуулийн сурталчилгааны сүржин улс төрийн нэг нь яах аргагүй “Эрдэнэс Тавантолгой”-н IPO байх болно.

Сайн чанарын коксжих нүүрсний арвин нөөцтэй Тавантолгойн ордыг өмнө нь хоёр ч удаа олон улсын зах зээлд гаргах гээд улс төрөө даалгүй унасныг бид бэлхнээ мэднэ.

Харин монгол ямааны ноолууран бүтээгдэхүүнийг АНУ руу татваргүйгээр гаргах яриа хэлэлцээ энэ 2020 онд ажил хэрэг болох магадлал өндөр байгаа нь эдийн засгаа солонгоруулах олон жилийн мөрөөдлийн биелэл болно.

Тэтгэврийн зээлийг тэглэх мэдэгдлийг гүйцэлдүүлэхийн тулд 770 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлсэн. Мэдээж хаа нэгтээ 770 гаруй тэрбум төгрөг бэлэн байхгүй, үүнийг Салхитын мөнгөний ордыг барьцуулан дотооддоо бонд босгож төвлөрүүлэхээр яригдаж буй аж. Өөрөөр хэлбэл, эсгий хийхийн тулд эхлээд харганад наалдсан ноосыг эхлээд түүх хэрэгтэй гэсэн үг.

2020 он солигдохын өмнөхөн сонссон зээлийг чинь тэглэнэ гэсэн төрийн тэргүүний мэдэгдлийг сонсоод маргааш өдөр нь банкин дээр гүйгээд ирсэн хөгшчүүлийн чихэнд зээл тэглэнэ гэсэн үг л сонсогдохоос Салхитын мөнгөний ордыг барьцаалах, бонд босгох гэсэн үгс сонсогдохгүйг мэдсээр байж сэтгэлийг нь хөөргөнө гэдэг тохуурхаж байгаагаас ялгаагүй зүйл.

Парламентын ээлжит сонгууль зургадугаар сарын сүүл хавьд товлогдоно. Тэр болтол элгэмсэг хайртай юм шиг хэрнээ ийм тохуурхал тасрахгүй бизээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж