Авлига төгсөрч, АТГ бууж өгөв

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Авлига төгсөрч, АТГ бууж өгөв

Авлига төгсөрч, АТГ бууж өгөв

Авлигатай тэмцэх газрынхан авлига, албан тушаалын гэмт хэргийн өмнө "гараа өргөн" бууж өгөхөөс аргагүйд хүрч байна. Хамгийн сүүлийн жишээг дурдвал, Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Оргил-Эрдэнэ БНХАУ-ын гүйцэтгэгч компаниас авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан ч эцэстээ "хохирогч" шахуу болж, суллагдлаа.

АТГ-аас Х.Оргил-Эрдэнийг өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 30-нд саатуулсан юм. Үргэлжлүүлэн цагдан хорих санал гаргасан ч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Үндэслэлээ  "цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын санал баримтаар нотлогдохгүй байна" гэж үзсэн байдаг. Түүнтэй хамт БНХАУ-ын нэг иргэн саатуулагдсан ч мөн адил 48 цагийн дараа суллагдсан юм.

Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баатарсайхан болсон явдлын талаар "Манай үйлчлүүлэгч бусдаас авилга авсан зүйл байхгүй.  Дарханы замыг шуурхай явуул гэж шаардлага тавьсны төлөө гүйцэтгэгч компанийн захирал өрөөнд нь юм орж тавьчхаад зугтаагаад гарчихсан. Төрийн албан хаагчдыг муухай харагдуулах ямар санаа оноо байна вэ. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс анхааралтай харж байгаа. Өгөөд авч байхад нь барьсан асуудал байхгүй. Манай үйлчлүүлэгчийн зүгээс дотор нь юу байсныг мэдээгүй" гэх тайлбар өгөөд буй.

Эл мэдүүлэгт нь үндэслэн шүүх шийдвэрээ гаргасан байдаг.

Засгийн газрын шийдвэрээр 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204 км замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гаргасан. Замын бүтээн байгуулалтын санхүүжилтийг Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулалтаар шийдэж нийт 83.4 сая ам.долларын санхүүжилттэй байхаар зарласан.  Нийт замын ажлыг таван багцад хувааж багц тус бүрт БНХАУ-ын компани шалгараад байв. Үүнд БНХАУ-ын "Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж", "Чайна Стейт Шинжан Констракшн Инженеринг" групп хоёр багцад, "Гуйжоу Хайвей Инженеринг групп" "Чайна ЖеоИнженеринг Корпораци" гэсэн таван компани ажил гүйцэтгэж байжээ.

Х.Оргил-Эрдэнийг "Хэйлонжиан Жиньеи өүд энд Бридж" компаниас 20 мянган юанын авлига авсан гэж мэдээлж буй. 

Эл хэрэг мандахаас өмнө буюу өнгөрөгч есдүгээр сарын 10-нд шилжих шөнө АТГ-ынхан Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг саатуулж, 461 дүгээр ангид хорьсон. Түүнийг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй үндэслэлээр цагдан хорьсон юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр нэг тендерээс 500 сая төгрөг "нэхсэн" гэх мэдээлэл ч бий.

Сайдаа солиод ч авлига, албан тушаалын дуулиант хэргүүд нь дарагддаггүй энэ яаманд одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан гашуун түүх бий. Энэ хэргийг тус яамны газрын дарга асан Б.Махбал үйлдсэнээ хүлээсэн ч шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг хэд, хэдэн удаа хойшлогдсоноос өнөөдрийг хүртэл шүүх хурлын товыг тогтоож чадахгүй байна.  

Зам тээврийн хөгжлийн яам нэг хүний "мэдэл"-д олсон жил явсан. Авлигад идэгдсэн энэ яамны "идээ бээр" ийнхүү зад тавьж байна. Зам тээврийн салбарын авлигыг цэгцэлье гэвэл зам тээврийн салбарыг бүхэлд нь цэвэрлэх цаг болжээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж