"Тэтгэврийн реформ" хөдөлгөөнийг санаачлагч, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга, "Ард капитал"-ын гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяртай ярилцлаа.
-Шинэ оны босгон дээр энэ сэдэв нийгмийн "халуун" сэдэв болж хувирлаа. Тэтгэврийн тогтолцоог өөрчилье гээд та бүхэн байр сууриа илэрхийлэхтэй зэрэгцээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэтгэврийн зээлийн хүүг тэглэнэ гээд мэдэгдчихсэн. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улсад өнөөдөр социалист нийгмийн тэтгэврийн тогтолцоо үйлчилж байна. Энэ нь мерит зарчим байхгүй, хүнийг урамшуулдаггүй, хийснийг нь үнэлдэггүй зүгээр л бүгдэд нь адил тэгш хуваарилдаг тогтолцоо. Мөн 100 гаруй жилийн өмнөх буюу хоцрогдчихсон тогтолцоо. Өнөөдөр социалист дэглэмтэй байсан бүхий л улс орон тэтгэврийн тогтолцоогоо өөрчилсөн төдийгүй хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, сайжруулж байна. Тухайлбал, ОХУ 1996 онд тэтгэврийн тогтолцоогоо өөрчлөөд 2005 онд сайжруулаад явсан. Мөн Польш, Латви, Литва, Эстони, БНХАУ хүртэл тэтгэврийн тогтолцоогоо шинэчилж байна.
Гэтэл өнөөдөр би тэтгэвэрт гарахдаа яг хэдэн төгрөгийн тэтгэвэр авахаа мэдэхгүй байна. Яагаад гэвэл, энэ нь тухайн үеийн улстөрчдийн шийдвэрээс шалтгаална. Өнөөдөр улстөрчид яаж поп амлалт өгч, түүнийгээ яаж сошиал орчинд сэвж байгааг бид бүгд харж байна. Тэтгэврийн сан одоо 600 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Өнөөдөр бид цалингийн 24 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд /НДШ/ төлдөг. Үүний 17 хувь нь тэтгэврийн санд хуваарилагддаг. Гэтэл Монгол бол залуу улс гэгддэг. Залуучууд нь ажиллаад, төлөөд байхад л тэтгэврийн сан нь алдагдалтай байгаад л байдаг. Цаашид Монгол Улсын хүн ам хөгширнө. Залуучуудын тоо цөөрнө. Хүн амынх нь ихэнх нь залуучууд байгаа өнөө цагт тэтгэврийн сан нь алдагдалтай байхад хөгширчихвөл цаашид энэ сан яахыг бид мэдэхгүй.
Өнөөдөр улстөрчид энэ мөнгийг удирдахаараа хамгийн эрсдэлтэй банкинд аваачиж, байршуулж байна. Гэтэл нөгөө банк нь дампуурчихсан. 200 гаруй тэрбум төгрөг хаачихсан нь мэдэгдэхгүй алга болчихсон. Сонгуулиас сонгуулийн хооронд поп амлалт өгч, энэ хөрөнгийг үрэн таран хийж байна. Саяхан 1995-2019 он хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хүмүүст өршөөл үзүүлж, нэг удаа нөхөн төлөх шийдвэр гарлаа. Өөрөөр хэлбэл, иргэн 25 жил НДШ төлөөгүй явж байгаад, нэг удаа 5 сая төгрөг төлөөд насаараа тэтгэвэр авна гэсэн үг. Сар бүр 340 мянган төгрөг тэр хүн авахад нэг жилийн дотор нөгөө төлсөн 5 сая төгрөгөө олоод авчихна. Гэтэл 25 жил ажил хөдөлмөр эрхлээд НДШ төлсөн хүн хохироод үлдэж байна.
Аж ахуй нэгжүүдийн хувьд бүр гомдмоор, тэд НДШ-ийг төлөлгүй хэдхэн хоног хэтэрвэл нийгмийн даатгалын газраас утастдаг, НДШ-ийн өртэй бол шууд харилцах дансыг нь хаадаг, зээлийн мэдээллийн санд оруулдаг. Нөгөө хэдэн бүртгэлтэй нөхдүүдийгээ ингэж дарамталдаг хэр нь нөгөө төлдөггүй, бүртгэлгүй яваад байдаг нөхдийн толгойг нь илээд байдаг.
Үүнийгээ л больё. Тэтгэврийн тогтолцоогоо шинэчилье.
-Та бүхэнд тэтгэврийн тогтолцоог шинэчлэхэд ямар шийдэл байна вэ?
-Өнөөдөр бид хуваарилдаг биш хуримтлуулдаг тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Хуримтлуулдаг тогтолцоо бүхий л төвшинд ач холбогдолтой. Жишээлбэл, иргэн хүн бүр өөрийн амьдралаа төлөвлөдөг. Өндөр настны тэтгэвэрт гарахад би хэдэн төгрөгийн тэтгэвэр авах вэ гэдэг нь ойлгомжтой баймаар байна. Үүнээсээ хамаарч мөнгөө хэрхэн захиран зарцуулах вэ гэдгээ шийднэ.
Хуримтлалын тогтолцоо руу шилжих юм бол тухайн иргэний нэр дээр данс үүсч, тэрхүү дансанд орж буй мөнгөө мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд, санхүүчдээр удирдуулаад Засгийн газрын бонд авах, хугацаатай хадгаламжид хийх, үндэсний том компаниудын хувьцааг худалдан авах зэргээр мөнгөө арвижуулаад, өгөөжийг нь бий болгоод явах боломжтой. Мөн иргэн тэтгэврийн санд нь хэчнээн төгрөг хуримтлагдаж байгааг хуулгаараа харах боломжтой. Энэ нь иргэн хүндээ амар. Амьдралаа төлөвлөж эхэлнэ. Тэтгэврийн мөнгөөрөө аялж, хуримтлуулж, хувийн бизнестээ хөрөнгө оруулах гэх мэтээр өөрсдөө зарцуулж эхэлнэ гэсэн үг юм.
-Тэгвэл аж ахуй нэгжүүддээ ямар ашигтай байж болох вэ. Өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуучуудын НДШ-ийн тал хувийг аж ахуй нэгжүүд төлж байна шүү дээ?
-Өнөөдөр гаднын улсуудад тэтгэврийн сан хөрөнгийн зах зээлийн хамгийн том хөрөнгө оруулагч, хамгийн том байгууллагын хөрөнгө оруулагч болж байна. Хөрөнгийн зах зээл дээр банкуудыг IPO хий, нээлттэй бол гээд шахлаа. ХААН, Голомт, Худалдаа хөгжлийн банкууд IPO хийгээд хөрөнгийн зах зээл дээр гарлаа гэж бодъё. Мэдээж, үндэсний том банк. хувьцаа нь ч үнэтэй байна. Тэгвэл хэн тэрийг нь авах вэ? Монголчуудад хуримтлал гэж зүйл бараг байхгүй. Олон улсын жишгээр бол томоохон компаниудын IPO-г сангууд худалдан авч, мөнгөө арвижуулдаг. Манай улсад Баялгийн сан, Ирээдүйн өв сан гэж бий. Үүнтэй адил Тэтгэврийн сан ч үүнд орж ирэх хэрэгтэй. Хэрвээ тэтгэврийн тогтолцоо хувь руу шилжиж, Тэтгэврийн сан нь хөрөнгийн зах зээлийн тоглогчоор орж ирвэл, түүнд байгаа хөрөнгө арвижиж, аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалт болон орж ирэх, үйл ажиллагаагаа тэлэх боломжтой болно.
Өнөөдөр аж ахуй нэгжүүд НДШ-ийг ёроолгүй сав руу хийж байгаа мэт төлж байна. НДШ төлснөөрөө аж ахуй нэгжүүд ямар нэгэн ашиг олохгүй байна. Ажилчдаа бодоод төлөөд л байдаг. Гэтэл ажилчид нь тэтгэвэрт гарахдаа өөрт нь наалдсан юмгүй, шууд эмзэг бүлэг рүү орчихож байна.
Иймээс аж ахуй нэгжүүдэд хүнд байдаг. Хэрвээ тэтгэврийн тогтолцоог хувийн тэтгэврийн тогтолцоо руу шилжүүлбэл тухайн аж ахуй нэгжийнх нь IPO гаргахад нь тэрийг нь худалдан авдаг. Тэрүүгээр нь иргэд аж ахуй нэгжээ дэмждэг, хөрөнгөө оруулдаг байвал маш их хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, одоо ингээд мерит зарчмаар хуримтлалын систем руу орох юм бол хүний нөөцийн маш сайн хөшүүрэг болдог. Учир нь, байгууллага өөрөө хариуцлагатайгаар, ажилчдынхаа тэтгэврийн хураамжийг нь төлдөг, тэнд нь хуримтлал үүсдэг бол ажилчид ажлаасаа гардаггүй. Сайн ажилчдаа тогтоох хөшүүрэг болж өгдөг. Хэрвээ сайн ажилчин л юм бол заавал 17 хувь биш аж ахуй нэгжүүд 20 хувь хүртэл төлж болно. Тэгж ажилчдаа тогтооно. Тэр зарцуулсан мөнгө нь эргээд ажилчид нь нэмэр болохоос гадна улс орны хувьд эдийн засаг руугаа маш том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Мөн хуримтлал бий болно.
Ингээд ирэхлээр олон нийтээс төвлөрч байгаа мөнгийг улстөрчид, төрийн алба хаагчид удирдахгүй, мэргэжлийн хүмүүс удирдах тогтолцоо руу шилжих нь зүйтэй юм.
-Сангийн яамны зүгээс НДШ-ийг нэмэх ёстой, Монгол улс ОУВС-ийн хөтөлбөрт орчихсон тул заавал нэмэх ёстой гээд хоёр жилийн өмнө Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулаад нэмэхээр болчихсон. Нэгэнт хууль батлагдчихсан хойно нь хүмүүс дуугарч байна гэх шүүмжлэл байна. Та бүхэн тухайн үед яагаад байр сууриа ингэж хүчтэй илэрхийлээгүй юм бэ?
-Бид дуугарч байсан. Яг хоёр жилийн өмнө энэ хууль батлагдах гэж байхад бид байр сууриа илэрхийлж байсан. Тухайн үед хэд хэдэн зүйл яригдаж байсныг санаж байгаа байх. Тухайлбал, Хүн амын орлогын албан татварыг хоёр шатлалтай 25 хувь болгоно, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ, тэтгэврийн насыг уртасгана гэсэн зүйл яригдаж байсан. Энэ үед бид тогтолцоогоо өөрчлөхийн оронд механик аргаар шийдэж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Энэ үед хүмүүс бодитоор халааснаас нь гарч байсан хүн амын орлогын албан татвар дээр анхаарлаа төвлөрүүлчихсэн. Үүн дээр акцент өгсөн. Ингээд хүн амын орлогын албан татварыг 10 хувь дээр нь үлдээхэд нийгмийн санаа амарсан. Харин эсрэгээрээ нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмээд явсан. Гэтэл саяхан хоёр хувиар дахин нэмэхээр болоход хүмүүс бодитоор ойлгож эхэлсэн, эсэргүүцэж байна. Энэ бол нийгмээсээ гарч ирсэн захиалга. Үүнийг Ө.Ганзориг, Б.Өлзийбаяр гээд хүмүүс гаргаж ирээгүй. Нийгмээрээ хөдөлж, дэмжиж байна. НДШ төлдөг нөгөө бүртгэлтэй хүмүүс энэ хөдөлгөөнийг өрнүүлж байна.
ОУВС-гийн тухайд бол алдагдлаа бууруул гэдэг шаардлага тавьсан. Яаж вэ гэдгийг нь мэдээж зааж өгөхгүй. Гэтэл манайхан энэ алдагдлыг бууруулахад НДШ нэмэх эсвэл насыг нь уртасгах эсвэл тэтгэврийн доод хэмжээг нь бууруулах гэсэн гурван арга олж харсан, тогтолцоо руугаа өнгийж хараагүй. Яагаад энэ эрсдэлийг авахгүй байгаа юм бол гэдэг нь гайхалтай, би өөрөө ч ойлгохгүй байгаа. Уг нь мөрийн хөтөлбөр болгондоо улстөрчид амлаж гарч ирдэг. Гарч ирсэн хойноо биелүүлдэггүй.
-Тэтгэврийн зээлийг тэглэх мөнгийг Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулаад шийдчихнэ гэж байна. Үнэхээр Ерөнхийлөгчийн ярьж байгаа шиг боломж байна уу?
-Энэ бол манай шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогч, төр засаг барьж байгаа хүмүүсийн хийдэг ажил нь. Өнөөдрийг хүртэл 30 жил юу хийсэн вэ гэхээр гал унтраагаад л явчихсан. Асуудлын гол цэг болсон тогтолцоо руу хардаггүй. Буруу тогтолцоогоо өөрчлөх, шинэчлэх гэдэг зүйл ярьдаггүй. Дандаа өнгөцхөн гал унтраах арга хэмжээг авч ирлээ. Бүх салбарт ийм асуудал байна. Бид тэтгэврийн салбарын реформ хийе гээд ярингуут энэ сэдэв нийгэмд "халуун" байна, олон нийтийн дунд дэмжлэг авч байна. За энүүгээр нь попроё гэдэг. Олон нийтээс дэмжлэг авч байгаа сэдвийг авч, хагас дутуу ойлгоод, сонгуульд хэрэгтэй санал авах хэв маягаар ашиглаад байна.
Миний хувьд юу гэж харж байна вэ гэхээр, бидний санаачилгыг тал дундаас нь үймүүлээд байгаа юм шиг санагдаж байна. Бидний зорьж байгаа зүйл бол өөр. Бид нэг удаа зээл тэглэхийн төлөө биш тогтолцоог шинэчлэхийг шаардаж байна. Тэтгэврийн зээл аваагүй хөгшчүүл нь хохироод байгаа юм уу. Авчихсан нь завшаад байгаа юм уу. Яаж тэр зээлийг тэглэх гээд байгаа юм. Cалхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулаад тэтгэврийн зээлийг тээглэчихнэ гэж ярьж байна.
Уучлаарай. Бид мэргэжлийн санхүүч, эдийн засагчид Салхитын мөнгөний ордны талаар мэдээллийг өнөөдрийг хүртэл олж авах гээд чадахгүй байна. Тэтгэврийн зээл хүүтэйгээ нийлээд бараг нэг их наяд төгрөг болно. Тэрийг тэглэх хэмжээний мөнгө олдог юм уу гэхээр олдоггүй. Хэзээ тэр мөнгийг олдог болох юм, хэзээ олоод, хэзээ тэглэх гээд байгаа юм. Тодорхой бус мэдээлэл өгч, олны дунд горьдлого бий болгодог. Энэ улстөрчид хийж байгаа ажлыг маань замын дундаас нь буруу тийшээ хөтөлж байна. Угтаа бол тэтгэврийн тогтолцоогоо өөрчилье гээд мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсоод, хамтдаа энэ өөрчлөлтийг хийгээд явбал илүү их өгөөжтэй, иргэн болгондоо ялангуяа залуучууддаа хэрэгтэй зүйл хийх ёстой байтал өнөөдрөөрөө ингэж хандахад хэлэх ч үг олдохгүй байна. Гал унтрааж попордог. Гол нь энүүгээрээ бидний том зорилгыг битгий замхруулчихаасай гэж л хүсч байна.
-Тэтгэврийн реформ хөдөлгөөн цаашид юу хийх гэж байна?
-Байр сууриа бол бид илэрхийлчихсэн байгаа. Одоо бид яг бодит ажил руугаа орох гэж байна. Ард иргэд, нийгмийн маш их дэмжлэг мэдрэгдэж байгаа нь гайхалтай. Түүнийг хараад бид буруу зүйл хийгээгүй юм байна гэдэгтээ улам их зориг орж байна. Хэлтэй хүмүүс, хуульчид, аж ахуй нэгжүүд гэх мэт маш олон хүмүүс бидний санаачилгыг дэмжиж, хандаж байна. Бид хуулийн төсөл боловсруулах гэж байна Үүн дээр маань хуульчид маань туслая, хуулийн төсөл дээр нь орж ажиллая гэсэн. Сэтгэлээрээ нэгдэж байгаа хүмүүс байна.
Бидний ойлгож байгаагаар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Хувийн тэтгэврийн сангийн хуулийн төсөл боловсруулагдаж байгаа юм байна лээ. Тэр төслийг нь уншсан, саналаа хүргүүлчихсэн байгаа. Тэр хуулинд юу байна вэ гэхээр нэмэлт хувийн тэтгэврийн сан гэсэн зүйлийг оруулж ирж байгаа юм байна лээ. Өөрөөр хэлбэл, бидний өнөөдөр төлж байгаа 17 хувийн тэтгэвэр дээр нэмэлт гэж оруулах юм гэнэ. Тэрийг хүн өөрсдөө сайн дураараа төлөх юм гэнэ. 17 хувийг бид чардайж төлж байхад яагаад дахиж ийм нэмэлт тэтгэврийг бий болгож байгаа юм, тэгээд сайн дураараа төлнө гэж байгаа. Ингэх юм бол хэн ч төлөхгүй. Нэмэлт юм бол сайн дураараа байсан ч төлөхгүй. Хүн өнөөдөр 24 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа цагт нэмэлт тэтгэврийг шимтгэл төлөхгүй. Тэгэхээр бидний санал бол сайн дураараа биш. Нэмэлт ч биш, адилхан байх ёстой. Гэхдээ 17 хувийг улсад төлж байгаа бол ядаж үе шаттайгаар хувийн тэтгэврийн сан руу шилжүүлье. Бид 17 хувийг 100 хувь авчихна гээгүй. Мэдээж эрсдэл бий. Энэ бол шинээр бүрдэж байгаа тогтолцоо. Тэгэхээр үе шаттайгаар хэрэгжүүлье хувийн тэтгэврийн санг бий болгоё, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлье, 17 хувиас нь эхний ээлжид хоёр хувийг нь хувийн тэтгэврийн сан руу шилжүүлье, бага багаар хугацаа тавьж байгаад шилжүүлье. Мэдээж, эрсдэлийг нь сайн тооцох хэрэгтэй.
-Өөрөөр хэлбэл улсад төлж байгаа 17 хувиасаа 2 хувийг нь хувь руу шилжүүлнэ гэсэн үг үү?
Тийм ээ. Гэхдээ үе шаттайгаар, улсаас хувийн тогтолцоо руу шилжүүлээд явах юм. Яагаад вэ гэхээр одоо бидэнд зохицуулалтууд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалт хийх хэрэгтэй. Үүнд мэргэжлийн санхүүч хүмүүс байх хэрэгтэй. СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байх ёстой. Хөрөнгө оруулалтын бодлого нь хүртэл тодорхой байх ёстой. Учир нь тэтгэврийн сангийн хөрөнгөөр хэзээ ч эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг хийдэггүй.
Тэтгэврийн сан хувийнх болчихвол хувьд оччихно гээд хүмүүс айж байгаа. Гэхдээ энэ мөнгө төрд байгаад ямар байгааг бид харж байна. Нөгөөтэйгүүр, хувийн сайн сайн банкууд байна. Монголчууд санхүүгийн байгууллагуудыг тэгээс нь бий болгоод явж байна. Банкуудыг бид ажиллуулж чадаж байна. Одоо дараагийн ээлжид хүүг бууруулъя гэж бодож байвал санхүүгийн зах зээл дээр банкуудын монополийг үгүй болгоё гэж бодож байвал хөрөнгийг зах зээлийг хөгжүүлэх ёстой.
Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлье гэвэл өнөөдөр бид тэтгэврийн сангаа бий болгох хэрэгтэй.
-Хөрөнгийн зах зээлийн асуудлыг та хөндлөө. Тэтгэврийн тогтолцоо хувь руу шилжихэд иргэд тодорхой хэмжээгээ хувьцаа эзэмших гэх мэтчилэн хөрөнгө зах зээлийн тоглогч болж эхэлнэ. Гэтэл өнөөдөр иргэд хөрөнгийн зах зээл дээр хувьцаа аваад тоглогч болоход бэлтгэлтэй байгаа юу. Хөрөнгийн зах зээлийг хөгжлийг өнөөдөр та хэрхэн харж байна вэ?
Өнөөдрийн зах зээл дээр гол тулгамдаад байгаа асуудал бол энэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хөрөнгийн зах зээл дээр арав гаруй IPO гарлаа. Бүгд амжилттай сайн мөнгө босгосон. Харамсалтай нь хоёр дахь зах зээл дээр ихэнхийн нь хувьцааны үнэ уначихсан. Энэ юунаас болчихов гээд харахад, манайд байгууллагын хөрөнгө оруулагчид байдаггүй. Хөрөнгө оруулалтын сангууд байхгүй. Гадаадад хөрөнгө оруулалтын сангууд нь томоохон хөрөнгө оруулагчид байдаг. Үүнийг нь мэргэжлийн хүмүүс нь удирддаг. Тэдгээр нь дүн шинжилгээ хийгээд урт хугацаанд хөрөнгө оруулалт хийдэг. Манайд бол хувь хүмүүс дийлэнх нь байдаг. Хувь хүмүүс санхүүгийн мэдлэг жаахан дутуу, эрсдэл үүрэх чадвар нь бага учраас богино хугацааны тоглолт хийх гээд байдаг. Өөрөөр хэлбэл IPO дээр нь ороод, жаахан өсөнгүүт нь зарчихдаг гэх мэтчилэн богино хугацааны хонжоо хайж орж ирдэг. Ингэхээр зах зээлээ үймүүлээд, савлаад байдаг. Тийм учраас хөрөнгө оруулалтын сан хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэтгэврийн сан байх хэрэгтэй байна. Ирээдүйн өв сан, Баялгийн сан энэ зах зээл рүү орж ирэх хэрэгтэй.
Иргэдийн хувьд бол Дорж, Дулмаагаараа энэ зах зээл дээр тоглох биш, хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан, мэргэжлийн хүмүүсээр өөрсдийн хөрөнгийг удирдуулж, хөрөнгийн зах зээлд орж ирэх боломжтой болно.
Холбоотой мэдээ