Оюутан, сурагчдын амралт эхлэхэд хүүхдүүд цахим тоглоомын газарт чөлөөт цагаа өнгөрүүлэх нь олонтаа. Улаанбаатар хотод цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, зөвшөөрөл авсан 302 аж ахуй нэгж ажиллаж байгаа ч гэр хорооллын гудамж, орон сууцны нэг давхар, хонгилд үүрлэсэн нь ч олон.
Сүүлийн таван жилийн байдлаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвд дэлгэцийн донтолтын улмаас нийт 338 хүүхэд эмчлүүлсэн тоон мэдээлэл гарчээ. Албаны хүмүүс PCтоглоомын газарт хүүхдүүд гар утас, эд зүйлсээ алдах, бусдыг дээрэмдэх, залилан мэхлэх, бусдын эрх чөлөөнд халдах зэрэг хэрэг зөрчил ихээр бүртгэгддэг гэдгийг хэлж байна. Мөн өнгөрөгч оны арваннэгдүгээр сард сураггүй алга болсон есөн настай хүү 20 хоног цахим тоглоомын газраар хэсч, хоног төөрүүлсэн тохиолдол ч гарсан удаатай. Хүү цахим тоглоомонд донтсоноос удаа дараа гэрээсээ алга болдог байсныг албаныхан мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, PС тоглоомын газарт тавих эцэг эхийн хараа хяналт сул, хүүхдүүдийн дэмий үедээ сэлгүүцэх газар болсон гэхэд хилсдэхгүй. Иймээс бид цахим тоглоомын төвүүдийн талаар сурвалжилсан юм.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр V сургуулийн орчимд байрлах "PC тоглоомын газар" гэсэн хаяг бүхий гурван газар уржигдар /2020.01.04/ 16.00 цагийн орчимд орж үзвэл бүгд нээлттэй ажиллаж байлаа. 20-50 орчим суудалтай цонх салхивч, гэгээ гэрэлгүй өрөөнд хоосон суудал бараг үгүй бөгөөд өсвөр насны хөвгүүд улайран тоглож байв. Нэлээд удаан сууж, тоглосон болов уу гэмээр царай нь улаа бутран хөлөрч, хөлс нь бурзайжээ. Мөн их дээд сургуулийн оюутнууд бололтой 20-30 орчим насны залуус зарим нь тоглож, фэйсбүүк "эргүүлж", зарим нь нэгнийхээ тоглож байгааг анхааралтай ажиглан сууна.
PС тоглоход нэг цагийн төлбөр нь 800-1500 төгрөг аж. Хүүхдүүдээс хэдэн цаг тоглож байгааг асуусан ч тоглоомдоо улайрсан байгаа тул хариулт өгсөнгүй.
ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗАРТ ХУЛГАЙ, ДЭЭРЭМ, ТАНХАЙН ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДДЭГ
Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Мөнхжаргалтай ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд хэчнээн зөвшөөрөлтэй цахим тоглоомын газар ажиллаж байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 302 иргэн, аж ахуй нэгж байна.
-Цагдаагийн байгууллагаас цахим тоглоомын төвүүдэд ямар хяналт шалгалт хийдэг вэ?
-Цагдаагийн байгууллагаас цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудад шалгалтыг дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран хийж байна. Улирал бүр энэ чиглэлийн нэгдсэн болон хэсэгчилсэн шалгалт хийдэг. 2019 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран нэгдсэн шалгалтыг гурван удаа зохион байгуулсан. Мөн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд өдөр тутам энэ чиглэлийн шалгалтыг өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэртээ зохион байгуулдаг.
-Цахим тоглоомын газраас нийтлэг ямар зөрчил илэрдэг вэ?
-Нийт 78 удаагийн нэгдсэн болон хэсэгчилсэн шалгалтыг зохион байгуулж цагийн хувиар хэтрүүлсэн 225, насанд хүрээгүй хүнд үйлчилгээ үзүүлсэн 30, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн 125, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 100 нийт 480 зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 85 сая орчим төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 30 орчим иргэн, аж, ахуйн нэгж байгууллагын цахим тоглоомын үйл ажиллагаа явуулах бүртгэлийн гэрчилгээг цуцлуулах саналыг хүргүүлсэн.
Ихэвчлэн цаг хэтрүүлэн ажиллах, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, насанд хүрээгүй хүнд үйлчилгээ үзүүлсэн, галын аюулгүй байдлын журмыг биелүүлээгүй, хөдөлмөр, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй зэрэг зөрчил илэрсэн.
-Зөрчил илэрсэн аж ахуй нэгжүүдэд ямар арга хэмжээ тооцдог вэ?
-Үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, аж ахуй, нэгж байгууллага нь зөрчил гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.4.1 дэх заалтаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 15.2 дах заалтаар шаардлага биелүүлээгүй тохиолдолд 250 нэгтжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог ч цахим тоглоомын газрын нэг өдрийн дундаж орлого 500 мянгаас нэг сая төгрөг учир хуульд заасан торгуулийг торохгүй төлдөг. Өөрөөр хэлбэл, хариуцлагын түвшин бага юм.
Зөрчлийн тухай хуульд цагийн хувиар хэтрүүлэн ажилласан тохиолдолд арга хэмжээ авах талаар заалт байдаггүй. Үйлчилгээ үзүүлж байгаа газар нь үйлчлүүлэгчдээ татахын тулд тусгайлан зассан автомашины зогсоолтой, тоглогчдод зориулсан хурд, хүчин чадал сайтай компьютер, суудалтай, доторх орчин нөхцөлийн хувьд харилцан адилгүй байна.
Удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргэдэг ч зөрчил гаргасан хаяг байршил дээрээ эзэмшигчийн нэрээ сольж дахин бүртгэлийн гэрчилгээ авч, үйл ажиллагаа явуулсаар байдаг. Журамд энэ талаар хориглосон заалт байхгүй учир цагдаагийн байгууллагаас хориг тавих боломжгүй зэрэг нь үйл ажиллагааг зохицуулж байгаа журмын хэрэгжилт, хамрах хүрээ сул байгааг харуулж байна.
-Шөнийн цагаар ажилладаг, цаг хэтрүүлдэг газруудад гэмт хэрэг, зөрчил хэр их бүртгэгддэг вэ?
-Шөнийн цагаар ажилладаг тоглоомын газрууд олон бий. Цахим тоглоомын газрууд нь үйл ажиллагааныхаа журмыг огт баримталдаггүй, цаг хэтрүүлэн ажилладаг, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг үл биелүүлдэг, иргэдийн эд зүйлс, бичиг баримтыг барьцаанд авдаг, бэлэн мөнгөөр бус картаар үйлчилгээ үзүүлдэг зэрэг нь өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэрэг үйлдэж мөнгө олох сэдлийг төрүүлээд зогсохгүй тоглох хүсэл зоригийг нь улам төрүүлж, мөнгө олохын тулд юуг ч хамаагүй хийхэд хүргэж байна.
Цахим тоглоомын орчинд хулгай, дээрэм, булаалт, танхайн төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж, өсвөр насны хүүхдүүд цахим донтолт руу уруу татагдаж буй хүчин зүйлс болоод байна.
Үйлчилгээ үзүүлж буй ажлын байрны дотор болон гадна орчинд камерын хяналтын систем суулгасан, энэхүү систем нь 21 хоногоос дээш бичлэгийг хадгалдаг байх шаардлагатай бөгөөд журамд зааснаар холбогдох хууль тогтоомжоор хориглосон /садар самуун, аллага, хүчирхийлэл сурталчилсан/ цахим хуудсыг нээдэггүй тохиргооны программ хангамжийг компьютерт суулгасан, хүүхдийн нас, сэтгэхүйд нь таарсан тоглоомыг тоглуулах, хуулиар хориглосон мөрийтэй тоглоом, аллага хүчирхийлэл, садар самуунд сурталчилсан тоглоом тоглуулахыг хориглосон байхыг шаарддаг боловч нэг мөр хэрэгждэггүй, хэн дуртай нь дээрх цахим хуудсанд хандалт хийж байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналтын камерыг байрлуулах шаардлагатай боловч цагдаагийн байгууллагын ажилтан ирж байна уу, үгүй юу гэдгийг нь хянах зорилгоор л ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, цагийн хувиар хэтрүүлэн ажилласан газрыг цагдаагийн албан хаагч нь илрүүлсэн боловч дотогш нэвтэрч чаддаггүй, хяналтын камераар харчхаад хаалгаа тайлж өгдөггүй зэргээс болж шалгах, хариуцлага хүлээлгэх ажиллагаанд ихээхэн хүндрэл учирдаг.
-Цахим тоглоомын зөвшөөрлийг хаанаас олгодог юм бол?
-Цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэний хүсэлтийг Цагдаагийн байгууллага хүлээн авч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлын байрны нөхцөл шаардлага, камерын хяналт зэргийг шалгаж, саналыг харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлдэг.
Харилцаа холбооны зохицуулах хороо хүсэлтийг хүлээн авч бүртгэн, бүртгэлийн гэрчилгээ олгодог. Иргэдийн хувьд бүртгэлийн гэрчилгээг нь тусгай зөвшөөрөлтэй андуурах тохиолдол байдаг. Тухайн цахим тоглоомын газар давтан зөрчил гаргасан эсхүл цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тохиолдолд цагдаагийн байгууллагаас бүртгэлийн гэрчилгээг цуцлуулах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргэдэг. Бие даан шийдвэр гаргаж бүртгэлийн гэрчилгээг цуцалдаггүй. Эцсийн шийдвэрийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргадаг гэсэн үг юм.
-Өнгөрөгч онд цахим тоглоомтой холбоотой хичнээн зөрчил гарсан бэ. Эдгээрт ямар хариуцлага тооцов?
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2003 оноос хойш цахимд донтох төрлийн өвчтэй хүүхдүүд хандах болсон бөгөөд 98 хувь нь эрэгтэй 10-17 насны өсвөр үеийнхэн олноор өртөж байна. Сүүлийн таван жилд буюу 2013 онд 31, 2014 онд 47, 2015 онд 41, 2016 онд 68, 2017 онд 94, 2018 онд 57 нийтдээ 338 хүүхэд дэлгэцэнд донтох өвчнөөр Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн статистик тоон мэдээлэл байна. Цахим тоглоомын газарт гар утас, эд зүйлсээ хулгайд алдах, бусдыг дээрэмдэх, залилан мэхлэх, бие эрх чөлөөнд нь халдах зэрэг гэмт хэрэг, зөрчлүүд бүртгэгддэг.
-Зөвшөөрөлгүй газруудад ямар арга хэмжээ тооцох вэ?
-Зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа газрыг илрүүлсэн тохиолдолд нэн тэргүүнд үйл ажиллагааг нь түр зогсоож, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож байгаа. Хууль бусаар олсон орлого болон эд зүйлсийг хурааж улсын орлого болгох хуулийн заалт байхгүй. Хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож арга хэмжээ авч байгаа.
-Эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдлаас үүдэн хүүхдүүд цахим тоглоомын газруудаар хонож өнжих, гэрээсээ сураггүй алга болох тохиолдлууд байдаг. Үүнд эцэг эхчүүдэд хандаж юуг зөвлөх вэ?
-Интернет орчинд бидний харахаасаа ч айдаг, үзэхээсээ ч эмээдэг аллага, хүчирхийлэл, садар самуунд сурталчилсан дуу, дүрс, бичлэг ямар ч хяналтгүй байрладаг. Дээрх бичлэгийг бидний үр хүүхэд, дүү нар үзэж, харж түүнээсээ буруу үлгэр дуурайлал авч, амьдрал дээр хэрэгжүүлэх тохиолдол ихээр ажиглагддаг.
Цахим тоглоомыг хэт их тоглосноор сэтгэцийн болон мэдрэлийн асар их өөрчлөлт гардаг. Эцсийн үр дагавар бол сурагчдын хувьд сурлагадаа муудах, хичээлээ таслах, сургуулиас завсардах, худлаа ярих, хулгай хийх, гэмт хэрэгт холбогдох шалтгаан болдог. Тиймээс хүүхдийг энэ төрлийн донтолт болон цахим тоглоомын хор уршгаас урьдчилан сэргийлэх ажилд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо, хараа хяналт зайлшгүй хэрэгтэй.
Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийнхээ багш нартай байнгын холбоотой байж хүүхдийн төлөвшилт, хүмүүжлийн тал дээр тогтмол уулзаж байх, хүүхэдтэйгээ холбоотой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй олж авдаг байх хэрэгтэй. Цаашлаад хүүхэдтэйгээ найзын хувиар ярилцдаг байх, хаана юу хийж яваа талаар байнга мэдэж байх, эцэг, эхчүүд өөрсдөө үлгэр дуурайлалтай байж хүүхдийнхээ хажууд гар утсаараа оролдож, интернет цахим орчинд хандахгүй байхыг зөвлөж байна.
-Хүүхдүүд, эцэг, эхчүүдэд хариуцлага тооцох журам байдаг уу?
-Хуульд тийм заалт байхгүй. Цахим тоглоомын үйл ажиллагааг зохицуулах журмыг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлээр бодлогын түвшинд журамд нэмэлт өөрчлөлт оруулах, ажлын байранд тавигдах шалгуур үзүүлэлтийг нэмэгдүүлж, хүлээх хариуцлагыг өндөрсгөх шаардлагатай байна. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс 500 метр зайд интернет, цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хориглох, удаа дараа зөрчил гаргаж бүртгэлийн гэрчилгээг цуцлуулсан иргэн, аж ахуй, нэгж, байгууллага, барилга, байгууламжинд дахин бүртгэлийн гэрчилгээ олгохгүй байх зэрэг саналыг журамд тусгах шаардлагатай байна.
-Ярилцсанд баярлалаа.
ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗАРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА, СТАНДАРТ ХЭРЭГЖИЖ БАЙНА УУ?
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан журмаар үйл ажиллагааг зохицуулдаг.
ЖУРАМД ЗААСНЫ ДАГУУ АЖЛЫН БАЙРНЫ ШААРДЛАГАД:
⦁ Интернэт кафе, цахим тоглоомын үйлчилгээний газрууд тусдаа үйл ажиллагаа явуулах бөгөөд ажлын байр нь үйлчилгээ үзүүлэх таатай орчинг бүрдүүлж, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулсан байна.
⦁ Үйлчилгээ үзүүлж байгаа стандарт шаардлага хангасан ажлын байр нь гадна талдаа хаяг, цагийн хуваарийг байршуулсан байх ба бүртгэлийн гэрчилгээ, ажиллах дотоод журам, үйлчилгээний үнийн тариф, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх анхааруулга бүхий самбар (тамхи татах, согтууруулах ундааны зүйл, мансууруулах бодис хэрэглэхийг хатуу хориглосон тэмдэг, тэмдэглэгээ зэрэг) -ыг үйлчлүүлэгчдэд харагдахуйц газар ил байрлуулна.
⦁ Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар нь 23.00 цаг хүртэл үйлчилнэ.
⦁ 9-16 хүртэлх насанд хүрээгүй хүүхдэд зуны улиралд (дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаа) 20.00 цаг, өвлийн улиралд ( аравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаа) 18.00 цаг хүртэл үйлчлэх бөгөөд өдөрт нэг удаа 2 цагаас илүүгүй хугацаагаар үйлчилнэ.
⦁ Цахим тоглоомын газрын үйлчилгээний ажилтан нь мэдээллийн технологийн анхан шатны мэдэгдэхүүнтэй энэ журмын 5.1-д заасан сургалтад хамрагдсан 20-иос дээш насны иргэн байна.
⦁ Ажлын байрны дотоод болон гадна орчинд камерын хяналтын систем суулгасан, энэхүү систем нь 21-ээс дээш хоногийн бичлэгийг хадгална.
⦁ Холбогдох хууль тогтоомжоор хориглосон цахим хуудсыг нээдэггүй тохиргооны программ хангамжийг компьютеруудад зайлшгүй суулгасан байх шаардлагатай гэж заасан байдаг.
Онцолход, цахим тоглоомын газар зөрчил гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог ч мэргэжилтний хэлж буйгаар интернет, цахим тоглоомын газрын нэг өдрийн дундаж орлого 500.000-1.000.000 төгрөг хүрдэг учир хуульд заасан торгуулийн хэмжээ бага байгаа юм. Тиймээс торгуулийн хэмжээг нэмэх шаардлагатай байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ