Тойргийн зодоонд хэн нь ялах вэ?

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Тойргийн зодоонд хэн нь ялах вэ?

Тойргийн зодоонд хэн нь ялах вэ?

УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусах шатандаа орж, хууль тогтоогчдын “Хаан”-члал дуусахад ердөө зургаахан сар үлдлээ.

Эрх баригчдын хувьд 2020 оны сонгууль урьдынхаас хүнд нөхцөлд болно.  УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа томсгосон 26 тойрогт нэр дэвшихээр болж, тогтолцоог баталсан нь нэг намын гишүүд дотроо дайсан болох замаа зассан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэн нь хаанаас ямар хулгай хийсэн бэ гэдгээс эхлээд бүх “но”-гоо дэлгэцгээнэ. Зарим нь ч өнөөдөр дэлгэх үү, маргааш сэвэх үү гээд бачимдуу яваа сурагтай. Учир нь захаасаа намын даргадаа жийгдээд тойроггүй болоод эхэлсэн болохоор тэр. Гэхдээ хашрууд нь “Эхлээд тойрог зураадхаг. Тэрний дараа хөдөл” гэдэг чиглэл ч өгч буй аж.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 12.1-д тойргийг УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө байгуулна хэмээн заасан тул 2020 оны нэгдүгээр сарын 25-нд багтаан тойргоо зурж, батлуулах үүргийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг хүлээжээ.

Хамгийн гол нь эрх баригчдыг тойргоо зурж, батлуулахаар мунгинах завсар олонд танигдсан, нэр цэвэр кандитатууд УИХ-ын сонгуульд өрсөлдөх бэлтгэл ханган, тодорч эхэлсэн нь зодоон үүсгэж мэдэхээр байгаа юм. Гэхдээ энэ асуудлыг хэрхэн зохицуулахаас МАН бутарч МАХН-ыг баярлуулах эсэх шийдэгдэх болж буй юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр тойрог “усалж” байгаа бөгөөд Сүхбаатар аймагт нэр дэвших бол Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан Ж.Чинбүрэнтэй хоршино.  Нэр цэвэр , дээр нь Ерөнхий сайдын муу түүхийг мэдэхгүй, сонгуулийн үеэр араас “хутгалахгүй” гээд давуу талууд олон. Нэг үгээр хэлбэл, портнерын хувьд хаа ч байхгүй сонголт.

Харин Ерөнхий сайд Сүхбаатар аймагт нэр дэвшинэ гэвэл Ч.Улаан жийгдэнэ. Жийгдэхээ ч мэдэж, карьераа Хүнс хөдөө аж ахуйн сайдаар өндөрлүүлэхээр шийдсэн гэх яриа бий.

Ардчилсан нам эрх барьж байхдаа 2016 онд Сүхбаатар аймагт ногдож байсан мандатын тоог бууруулж нэг болгосон. Харин МАН одоо тойргийг зурахдаа нийслэлийн мандатын тоог бууруулж, Сүхбаатар, Говь-Алтай, Булган, зэрэг аймгуудад нэмж хоёр болгоно. Иймээс Сүхбаатар аймгийн мандатын тоо нэмэгдэнэ гэсэн үг юм.

“Шарк танк”  нэвтрүүлгээр олны танил болсон нэрт эрдэмтэн Бямбын Ренчин гуайн зээ Г.Амартүвшин УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр Хөгжлийн банкны захирлаасаа чөлөөлөгдсөн нь МАН-ын горилогчдоор тогтохгүй бусад улс төрийн намуудын анхаарлыг ч татаад байна.

“Хас” банкийг удирдаж амжилтад хүргэсэн түүний дээлийн захыг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАК-ын захирал Б.Нямтайшир хоёрын аль нэг мушгиж суухыг үгүйсгэхгүй гэдэг таамаг хөвөрч байна. Хэн нь ч ар талынх нь батлан даагч байлаа МАН-ын УИХ-д байгаа хууль тогтоогчтой харьцуулшгүй нэр цэвэр нэр дэвшигч.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Н.Номтойбаяр нарын “усалсан” тойрогт нэр дэвших бэлтгэлээ хангаж, албан үүргээсээ сайн дураараа чөлөөлөгдсөн гурав дахь хүн нь Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн.

Хэрэв тэр МАН-аас дээрх тойрогт нэр дэвшвэл УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Н.Номтойбаяр хоёрын нэг нь тойроггүй үлдэнэ. Харин хэн нь вэ гэдэг нь намууд нэр дэвшигчдээ зарлаж эхлэх зургадугаар сараас тодрох болж байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд сайдын алба хашиж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хууль зөрчин, нэр бүхий компанид зээл олгосон, Төрийн ордонд амиа алдсан Г.Батхүү агсантай холбоотой ташаа мэдээллийг цагдаад өгсөн зэрэг үндэслэлээр хуулийнханд ороогдож, шүүхийн хаалга хүртэл татсан.

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хувьд ЖДҮХС-гаас зээл авч, бусдын боломжийг хулгайлсан ч гэмшээгүй нэгэн.

Булган аймгийн мандатын тоог нэмэх сургаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргаасаа чөлөөлөгдсөн хүн бол Ц.Цэнгэл.  Элчин сайдын суудал горилж нэг хэсэг гүйсэн ч Ерөнхийлөгчид гологдсон.  Гэвч бууж өгсөнгүй, хуучин тойрогтоо нэр дэвшихээр болж, бэлтгэлээ хангаж эхэллээ.

Булган аймгийн мандатын тоог хассанаас Ё.Отгонбаяр 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээсээ татгалзаж,  Ж.Бат-Эрдэнэд боломж олгосон. Улмаар 2017 онд Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд болж, дэвшсэн юм.

“Эрдэнэс Монгол” ХК-ийн дэд захирал О.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөр одоогийн хууль тогтоогчдоос нэг нь нэр дэвших эрхгүй болж буй. Хамгийн гол нь аль тойрогт өрсөлдөх вэ гэдэг анхаарал татаж буй.

Улс төрийн хүрээнд одоогоор аав Л.Одончимэдийнхээ төрсөн нутгийг бараадаж Дорноговьд өрсөлдөхийг үгүйсгэх аргагүй гэдэг таамаг яригдаж байна. Тэрбээр УИХ-ын гишүүн асан, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зохиолч Л.Одончимэдийн хүү юм. Мөн МАН дотроос Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдтой ойр ажилладаг нэгэн ч гэж тодотгож болно.

Энэ мэтчлэн шинэ кандитатууд УИХ-ын сонгуульд өрсөлдөх сургаар МАН-ын хууль тогтоогчдын дахин сонгуульд өрсөлдөх боломж хумигдаж эхлээд байна.

Түүнийгээ дагаад 2020 оны УИХ-ын сонгуулийн зодоонд МАН-ынхан дотроо эхэлж зодолдох болоод буй юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж