УИХ-ын тогтоолын дагуу У.Хүрэлсүхийн Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагч "Рио Тинто"-той хэлэлцээрийн ширээний ард сууж, 34 хувиа наймаалцах эсвэл АМНАТ авах хэлэлцээрт удахгүй орно. Монголын парламентын шийдвэрийг Рио хүлээн зөвшөөрч, "Оюутолгой төслийн далд уурхайн гэрээ хэлэлцээрийг сайжруулах талд Монгол Улсын Засгийн газартай хамтрахад бэлэн байгаа" гэж тус компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастъян Жак өнгөрсөн онд мэдэгдсэн юм.
Хэлэлцээг Монголын талаас ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулахаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулжээ. Хэлэлцээ хэдхэн хоног үргэлжлэхгүй нь мэдээж. Хөрөнгө оруулагчдын зүгээс Оюутолгойн далд уурхайн гэрээ хэлэлцээрийг сайжруулах тал дээр Монголын Засгийн газартай хамтрахад бэлэн байгаагаа зарласан ч энэ нь Л.Оюун-Эрдэнийн ахалж буй багийн хүссэн болгоныг хүлээн зөвшөөрнө гэсэн үг биш. Оюутолгойн гэрээг сайжруулах хэлэлцээ хийхэд У.Хүрэлсүхийн засагт зургаан сар үлдсэн. Зургадугаар сарын 29-нд УИХ-ын ээлжит сонгууль явагдана гэж үзвэл У.Хүрэлсүхийн засаг УИХ-ын даалгаврыг биелүүлэхийн тулд цаг алдахгүй ажиллах шаардлага тулгарч буй.
УИХ-аар Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг батлахдаа Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд нийт долоон чиглэлд арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан билээ.
Энэхүү даалгаврыг биелүүлэх үүрэг хүлээсэн, Засгийн газраас байгуулсан хэлэлцээний багийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж, гишүүдээр нь УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар багтжээ.
Бүтэн арван жил улс төрийн хэрүүл болж хувирсан, С.Баярын Засгийн газрын Сангийн сайд С.Баярцогтын ахалсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний сайн, мууг амтай болгон ярьдаг. Оюутолгой бол гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж, Монголын тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар баталгаажуулсан төсөл. Анх удаа Монгол Улс бие дааж, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан цорын ганц мега төсөл гэж хэлж болно.
Төслийг үргэлжлүүлж, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх даалгавар Ч.Сайханбилэгт ирсэн. Дубайн гэрээг байгуулснаар төслийн хүрээнд гүний уурхайн үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалт өнгөрсөн оны сүүлээр баригдаж дууссан сайн мэдээг хүргэсэн билээ.
УИХ-ын гишүүдийн зүгээс Оюутолгой төслийн гэрээг сайжруулахын тулд 34 хувиа зараад, оронд нь АМНАТ-аа, бусад татвараа өндөр авч мөн мөнгөн гүйлгээгээ Монголоор дамжуулах ёстойг сануулдаг. Хэлэлцээ амаргүй нөхцөлд өрнөж мэднэ. Хөрөнгө оруулагчидтайгаа “нэг хэлээр” ярихаас эхлээд хэлэлцээний багаас өндөр ур чадвар шаардагдана. Ингээд ажлын хэсэгт багтсан сайд нарын CV-г сонирхуулъя.
- ЗГХЭГ-ын дарга О.Оюун-Эрдэнэ: "Бэрс" дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд магистр хамгаалжээ. Тэрбээр англи, орос хэлтэй.
- УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Бизнесийн удирдлагаар төгссөн. Англи, орос хэлтэй.
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Англи, орос хэлтэй.
- ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургуулийг Хуульч мэргэжлээр төгссөн. Орос хэлтэй.
- Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль, Япон улсын Сайтомогийн их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Англи, орос хэлтэй.
- БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Компьютер техник менежментийн сургуулийг санхүүгийн менежментээр төгссөн. Англи, орос хэлтэй.
ТЭД ОЮУТОЛГОЙН ТӨСЛИЙН ТАЛААР ӨМНӨ НЬ ЮУ ХЭЛДЭГ БАЙВ?
ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Эрх бүхий салбарын сайд болон төлөөлж байгаа Засгийн газраас бусад нэг ч хүн хөрөнгө оруулагч талтай албан бусаар уулзалт хийхийг хориглож байгаа. Бүх яамнаас санал авах ёстой. Энэ процедургүйгээр Дубайн гэрээг байгуулсан гэж үзэж болохоор байгаа. Шүүхийн шийдвэр нь ч гарсан. Оюутолгойн гэрээг хийхэд түүнд авлига байсан уу, үгүй юу гэдэг нь тусдаа асуудал. Оюутолгойн гэрээг цуцлах эсэхийг улстөржүүлэн шийднэ гэдэг бол Монгол Улсын өнөөгийн эдийн засагт болон олон улсад бид ямар харагдах вэ гэдгээ улс орныхоо эрх ашгийн зүгээс бодох л ёстой.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН:
-УИХ-тай зөвшилцөхгүйгээр шийдчихсэн. Дубайн гэрээ мөн адил 4.7 тэрбум ам.долларын зээлийн асуудлыг УИХ-тай зөвшилцөхгүйгээр Дубайд очоод байгуулчихсан. Оюутолгойн гэрээг би анхнаас нь эсэргүүцэж байсан хүний нэг нь. Одоо ч гэсэн байр сууриндаа хатуу зогсоно. Ингэлээ гээд надад ямар ч хариуцлага оногдуулж болно. Монгол Улсын эрх ашгаас урвасан хэдэн хүний алдааг би хэзээ ч зөвтгөж чадахгүй. "Turquoise Hill Resources” Монголын баялгийг барьцаалж, хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгочхоод, тэр мөнгөө буцаагаад манайд зээлүүлчихсэн. Энэ чинь луйвар биш өөр юу юм. Өнөөдөр энэ зээлд төлж байгаа хэмжээ нь манайд татвар төлж байгаа төлбөрөөс нь өндөр. Хэрэв шударга шүүх гэж байдаг бол энэ нь цэвэр дээрэм. Гүний уурхайд 2 тэрбум ам.доллар ороогүй, энийг шалгах хэрэгтэй. Анхны хөрөнгө оруулалтаа шууд эндээс авчихсан учраас айлын талд одоо алдах юм байхгүй. Цаг хугацаа тэднийг шүүнэ. Оюутолгойн асуудлыг гадаад талаас айж шийдэж болохгүй. Цэвэр луйврын хэлэлцээр болсон.
УУХҮ-ИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР:
-Талууд харилцан үүрэг хүлээж, гэрээ байгуулсан. Тиймээс үүргийнхээ хүрээнд үйл ажиллагааныхаа уялдаа холбоог хангаж, төслийн үр ашигтай байдлыг сайжруулах тал дээр хоёр талаас ажлын хэсэг гараад хэлцэл хийн ярилцаж байгаа. Энэ гэрээг цуцлах ёстой гэж мунхгийн чанартай зүйл ярьж болохгүй. Хүний мөнгийг авчихаад ичихгүй ийм юм яриад зогсоно гэдэг бизнесийн соёл бүү хэл хувь хүний бүдүүлэг алдаа. Мэдээж, эх орныхоо язгуур эрх ашгийг бодож байгаа бол Оюутолгой төслөөс орж ирж байгаа өгөөжийг тооцож, хөрөнгө санхүүг мэдэж байж дуугарах ёстой. Зардлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэхийг хүн бүр хүсч байгаа. Оюутолгой төслөөс хувь ногдсон ашгийг шууд нэг том далайлтаар нэмэгдүүлнэ гэдэг нь бүтэхгүй л болов уу. Рио-тинто бизнесийн салбарын хүмүүст байгаа зовлонг нь бид бас ойлгох хэрэгтэй. Оюутолгой төслийг цаашдаа амжилттай хэрэгжүүлье л гэвэл маш сайн нэгдсэн ойлголцолд хүрч явах ёстой. Иймийн тулд Засгийн газар болон хоёр тал ажлын хэсэг гарган талуудын эрх ашгаа эн тэнцүү байдлаар хангахаар ажиллаж байгаа.
ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ:
-Энэ компанийн хувьд хоёр талаас маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Нэг талаас Монгол Улс ногдол ашиг авч чадахгүй байна. Энэ гэрээг хүчингүй болгоно гэдэг. Нөгөө талд хөрөнгө оруулагчид бид Монголд ес орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Эргээд бидэнд юу өгөв гэж хоёр талын шахаасанд орсон талаар төлөөлөгчид нь танилцуулж байна лээ. Би энэ төслийг цаашаа үргэлжлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байдаг. Монгол Улс тэр чигээрээ хөдлөөд энэ хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Монгол Улс Европын холбооны улсууд, Америк, Англи, Австрали, ОУВС болон дэлхийн хамгийн том банкуудтай харьцах харьцаа тасрах гэж байгаа учраас би санаа зовоод байгаа юм. Түүнчлэн үүнийг зогсоовол дааж давшгүй маргаанд Монголын Засгийн газар орно. Энэ маргаанд ялагдах магадлал маш өндөр. Маргаанд ялагдаад маргааны зардал, хөрөнгө оруулалтыг буцааж төлж үйлдвэрийг зогсоогоод энэ үйлдвэрийн хувь заяа цаашаа хэрхэх нь мэдэгдэхгүй нөхцөл байдалд орно. Мөн ирээдүйд хүртэх байсан ашгаа хүртэл нэхнэ. Лондонгийн шүүхэд очно. Ийм хууль зүйн үр дагавар яригдаад байгаа учраас улсыг хүнд байдалд оруулж болохгүй гэж үзэж байгаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Оюутолгойн төслийн талаар төдийлөн байр сууриа илэрхийлээд байдаггүй. Тэрбээр ”Оюутолгойн гэрээг баталсан УИХ-ын чуулганд би оролцож чадаагүй” гэдгээс өөр тайлбар хэлж байгаагүй билээ.
Мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Оюутолгойн талаар огт байр суурь хэлж байгаагүй.
ТЭД ЮУ ХИЙХ ВЭ?
Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай доорх долоон чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хэлэлэлцээрийн ширээний ард сууна.
1/Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу майнз Монголиа Инк ХХК, Айвенхоу майнз Лтд, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд компани хооронд 2009 оны аравдугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Эрдэнэс Монгол ХХК болон Айвенхоу Оюутолгой /Ви Ви Ай/ Лтд, Оюутолгой Нидерланд Би Ви, Оюутолгой ХХК хооронд 2011 оны зургадугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ /нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон/-ний хэрэгжилтийг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” 40 дүгээр тогтоол, 2009 оны “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 57 дугаар тогтоол болон Монгол Улсын хууль тогтоомжтой уялдуулан сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах,
2/ Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Оюутолгой ХХК болон Туркойс Хилл Ресурсес Лтд, Ти Эйч Ар Оюутолгой Лтд, Оюутолгой Нидерланд Би Ви, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд, Оюутолгой ХХК хооронд 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт, төлөвлөгөөг”-г Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах,
3/ Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар нэрлэсэн үнээр 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай санал боловсруулан УИХ-д танилцуулах.
4/Оюутолгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөгдөж байгаа олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах,
5/ Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 175 тоот “Газрыг улсын хэрэгцээнд авах тухай” тогтоолыг өөрчилж, говийн бүсийн гүнийн ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох,
6/ Монгол Улсын Их хурлын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах,
7/ Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж, бэхжүүлэх,
Уг тогтоолын хэрэгжилтэд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан нар хяналт тавьж ажиллана. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Ажлын хэсэг цаг хугацаатай уралдаж ажиллах ёстой. Хэрэв сайн ажиллавал зургаа долоон сарын дотор тогтоолд тусгагдсан дөрвөн чиглэлийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Жилийн дотор 100 хувь хангаж болно” хэмээн хэлж байв.
Холбоотой мэдээ