Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод энэ жилээс шахмал түлш хэрэглэх болсон. Гэвч үүнээс болж олон иргэн угаартаж нас барсан харамсалтай мэдээ ар араасаа гарсан юм.
Угаарын хийн хордлогоос иргэдээ хамгаалахын тулд Засгийн газар мэргэн санаа олсон нь айл бүрт утаа мэдрэгч суурилуулах байлаа. Ном ёсоор өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сараас айлууд гэртээ утаа мэдрэгч тавьчхаад айх аюулгүй шахмал түлшээ түлээд суух байсан. Ийм үүргийг Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд өгсөн юм.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас өгсөн мэдээллээр, арванхоёрдугаар сарын 9-ны өдөр гэр хорооллын иргэдэд 200 мянган ширхэг угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулж эхэлсэн байх ёстой байлаа.
Нийт 170 мянган ширхэг утаа мэдрэгч БНХАУ-д захиалан хийлгэж байгаа бөгөөд өртөг нь 3,5 тэрбум төгрөг. Өнөөдрийн байдлаар эхний ээлжинд 50 мянган ширхэг угаар мэдрэгч ирсэн байна. Эдгээр угаар мэдрэгчийг гэр хорооллын айл өрхүүдэд маргаашаас эхлэн суурилуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа ажээ.
"Утаа мэдрэгчийн ажиллагааны хувьд угаарын хий 50 микро граммаас хэтэрвэл утаа мэдрэгч дуугарч эхэлнэ. Ингэснээр айлууд угаарын хий алдаж буйг мэдэх боломжтой. Утаа мэдрэгч ирсний дараа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дүүрэг, хороодоор жигд хуваарилж эхлэх байх. Гэхдээ ирсний дараа шууд тараахгүй. Эхлээд иргэдэд хэрхэн хэрэглэх заавар зөвлөгөө хүргүүлнэ" хэмээн албаныхан хэлж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ