Хятад дахь Исламын шашинтны итгэл үнэмшил, үндэстний цөөнх бүлгүүдийг хянах өргөн хүрээний кампанит ажлын хүрээнд Хятад улс уйгуруудын олон жилийн түүх соёлын дурсгал болох оршуулгын газруудаг газрын хөрснөөс хуулан хаяж байна гэж ажиглагчид үзэж байна.
CNN агентлагийн эрэн сурвалжлах баг энэ сэдвийн хүрээнд нэг сарын турш Уйгурын олон нийттэй хамтран ажилласан бөгөөд сансраас авсан хиймэл дагуулын зургуудаас шинжилж үзвэл нийт 100 гаруй оршуулгын газрыг устгаж, сүйтгэсэн нь тодорхой харагдаж байгаа аж.
Энэ ажлыг Хятадын эрх баригчид оршуулгын газруудыг нүүлгэн шилжүүлэх гэсэн нэрийн доор явуулдаг гэж эх сурвалжууд мэдээлжээ. Энэ бол нэг төрлийн “соёлын геноцид” гэж 20 жилийн өмнө Шинжаанаас дүрвэсэн, яруу найрагч Азиз Иса Елкун хэлсэн байна.
Тэрбээр одоогоос 20 жилийн өмнө Шинжаанаас дүрвэж, гэр бүлээсээ тусгаарлагджээ. Тэр дахин гэр бүлтэйгээ уулзах, улмаар ээжтэйгээ утсаар ч болтугай ярих боломжгүй болсон байна. Хүү нь ээжтэйгээ утсаар ярих болгонд Хятадын цагдаа нар хаалгыг нь балбаж, байцааж эхэлдэг байсан учир ээж нь хүүгээсээ дахиж залгахгүй байхыг гуйжээ. 2017 онд Азизын эцэг нас барсан бөгөөд тэр эцгийнхээ оршуулгад оролцох ямар ч боломж байсангүй. Тиймээс тэр технологийн хөгжлийг ашиглан “Google Earth”-ээр аавыгаа нутаглуулсан газрыг харахаар шийджээ.
Эцгийг нь хамаатнуудынх нь хажууд нутаглуулсан бөгөөд Азиз хүүхэд байхдаа мөргөл үйлдэх гэж, нас барсан хамаатнуудаа эргэж тойрох гэж тэр газар хэдэн арван удаа очиж байсан учир байршлыг нь маш сайн мэддэг байжээ. Энэ байдлаар тэр эцгийгээ нутаглуулсан газрыг хоёр жил орчим “Google Earth”-ийн тусламжтай эргэж тойрч хардаг байжээ. Гэтэл өнгөрсөн зургадугаар сард бүх зүйл өөрчлөгдсөн байна. Тэр урьдын л адил эцгийнхээ газрыг харах гэтэл тэнд ямар ч оршуулгын газар байсангүй. Бүгдийг нь газрын хөрстэй тэгшилсэн байжээ. Энэ бол Шинжааны Хотан хотын төвд байрлах уйгуруудын хамгийн эртний түүхтэй Султаним оршуулгын газар байсан бөгөөд 2019 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд энэ газрыг ийнхүү устгасан байна.
Уйгурын оршуулгын газруудыг сүйтгэж байгаа тухай анх аравдугаар сард Францын мэдээллийн агентлаг AFP, хиймэл дагуулын зураглал шинждэг “Earthrise Alliance” зэрэг байгууллагууд мэдээлж байжээ. Тэдний олж авсан мэдээллээр, 2014 оноос хойш дор хаяж 45 оршуулгын газрыг устгасан гэсэн бол CNN-ийн мэдээллээр, сүүлийн хоёр жилийн хугацаанд маш идэвхтэй буюу 100 гаруй оршуулгын газар устаж үгүй болсон байна.
Эх сурвалж: CNN