АНУ, Ираны дайсагналцалын эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2020.01.05-нд нийтлэгдсэн

АНУ, Ираны дайсагналцалын эргэн тойронд

АНУ, Ираны дайсагналцалын эргэн тойронд

Багдад хотод өгсөн пуужингийн цохилтын үеэр Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга, генерал Касим Сулеймани амиа алдсан. Үүнтэй холбоотойгоор Иран, АНУ-ын хоорондын харилцаа хурцдав.

“Ираны халдлагыг таслан зогсоох зорилгоор цохилт өгсөн”

Генерал Касим Сулеймани Багдад хот дах нисэх онгоцны буудалд өгсөн пуужингийн цохилтын үеэр Пүрэв гариг (2020.01.02)-ийн орой амиа алдсан. Түүнчлэн энэ цохилтын үеэр Иракийн шиит шашинтнуудын “аль-Хашд аш-Шааби” бүлэглэлийн таван гишүүн амиа алдаж, Иракийн 12 цэргийн албан хаагч бэртжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Иракийн нийслэл хот дах тус улсын Элчин сайдын яаманд халдсантай холбогдуулан Украин, Кипр, Беларусь болон Дундад Азид хийх айлчлалаа хойшлуулаад буй юм.

Помпео айлчлалаа нэгдүгээр сарын эхээр эхлүүлэхээр төлөвлөж байсан ч “Иракийн байдлыг ажиглахаар”, мөн бүс нутаг дах АНУ-ын иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд Вашингтонд үлдэх ёстой болсон гэж тус улсын Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зааврын дагуу Сулейманигийн эсрэг ажиллагаа явуулсан гэдгээ АНУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгдэж, "Ираны халдлагыг таслан зогсоох зорилгоор ийм цохилт өгсөн" хэмээн мэдэгдсэн билээ.

Иран: Энэ бүхнийг зүгээр өнгөрөөхгүй

НҮБ-ын дэргэдэх Ираны байнгын төлөөлөгч Мажид Тахт-Раванчи “АНУ генерал Касим Сулейманигийн амийг хөнөөсөнтэй холбоотойгоор эрх баригчид хариугаа авна” хэмээн мэдэгджээ. Тэрбээр ярилцлага өгөх үеэрээ "Америкчууд Ираны эсрэг хэдийнэ дайн эхлүүлсэн нь эдийн засгийн төдийгүй энэ хүрээнээс давсан дайн юм. Тэд ард түмний хайртай, хамгийн чухал эрхэм генералуудын нэгийг хөнөөж, энэ дайны шинэ хуудсыг нээсэн. Иран энэ бүхнийг зүгээр өнгөрөөхгүй нь мэдээж. Шаардлагатай гэж үзэж байгаа учир Иран хариу барина. Хэзээ, хаана хариу барихаа Иран өөрөө тодорхойлно” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр “Сулеймани америкчуудад аюул учруулсан ямар ч нотолгоо байхгүй” гэжээ.

Генералын үхэл нефтийн үнийг өсгөв

АНУ-ын өгсөн цохилтын улмаас Ираны генерал Касем Сулеймани амиа алдсан тухай мэдээлсний дараа нефтийн үнэ хоёр гаруй хувиар өсөв. Тодруулбал, “Brent” маркийн нефтийн гуравдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2.76 хувиар өсөж, нэг торх нь 68.09 ам.доллар болсон бол WTI маркийн нефтийн хоёрдугаар сард нийлүүлэх үнэ нэг торх нь 62.86 ам.долларт хүрч 2.75 хувиар өссөн байна.

Багдад хот дахь АНУ-ын ЭСЯ-нд халдлага үйлдсэнийг эрс зэмлэн буруушаалаа

Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Иракийн Багдад хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд халдлага үйлдсэнийг зэмлэн буруушааж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр твиттер хуудастаа “Дэлхий дахины дипломатууд нь эсэргүүцлийн бай бус, яриа хэлэлцээ явуулах суваг юм. Багдад дахь ЭСЯ-нд болсон халдлагыг би эрс зэмлэн буруушааж, олон улсын эрхийг хүндлэхийг уриалж байна. Бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна” хэмээн жиргэжээ.

АНУ өмнө нь Ирак, Сири дэх “Каттаиб Хезболлах” бүлэглэлийн байгууламжид цохилт өгсөн. Киркук хотын ойролцоох Иракийн баазад цохилт өгсний хариуд ийм ажиллагаа явуулсан хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдэгджээ. Үүний дараа шиитүүдийн бүлэглэлийн гишүүд Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яамны байрны дэргэд эсэргүүцлийн ажиллагаа эхлүүлсэн байна.

Трамп: Сулейман дэлхийн номер нэг террорист

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, өнгөрсөн Баасан гаригт алагдсан Ираны генерал Кассем Сулейманийг америкчуудад "гэнэт халдах”-аар төлөвлөж байсан, "дэлхийн номер нэг алан хядагч" гэж нэрлэжээ. Америкийн удирдагч Флорида дахь түүний Мар-а-Лагогийн харшдаа сэтгүүлчидтэй уулзахдаа ийн хэлснийг Америкийн мэдээллийн хэрэгслүүд дамжуулсан байна.

Трамп “Өнгөрсөн шөнө, миний тушаалаар Америкийн цэргийн хүчин өндөр нарийвчлалтай цохилтыг амжилттай гүйцэтгэсний үр дүнд "дэлхийн номер нэг алан хядагч" Касем Сулеймани алагджээ. Сулеймани АНУ-ын дипломат ажилтнууд болон цэргийн албан хаагчдад гэнэтийн, аймшигтай цохилт өгөхөөр бэлдэж байсан" гэж хэлжээ. Цагаан ордны тэргүүн “Бид түүнийг амжилттай барьж устгасан хэмээн нэмж хэлсэн байна.

Трамп хэлэхдээ “Вашингтон Иранд дэглэмийн өөрчлөлт хийхийг эрэлхийлэхгүй. Харин Тегераны ажиллагаа нь түрэмгийлэл бөгөөд бүс нутагт тогтворгүй байдал бий болгож байна гэж үзэж байна. Би Ираны ард түмнийг маш их хүндэлдэг, тэд бол гайхалтай өв уламжлалтай, мөн хязгааргүй чадамжтай хүмүүс юм. Бид бүс нутгийн, тэр дундаа хөрш орнуудын тогтвортой байдлыг хангахын тулд Ираныг дэмжиж буй хүчнийг ч  устгах ёстой” гэжээ.

“Ираны 52 байгууламжид маш богино хугацаанд, асар хүчтэй цохилт өгнө”

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Бямба гариг (2020.01.05)-т твиттер хуудастаа “Генерал Кассем Сулеймани амиа алдсантай холбоотойгоор хийгдэж болзошгүй Исламын Бүгд Найрамдах Улсын аливаа халдлагын хариуд АНУ Ираны 52 байгууламжид “маш богино хугацаанд, асар хүчтэй" цохилт өгөх болно” хэмээн жиргэв.

Тэрбээр "Үүнийг анхааруулга болгоё. Хэрэв Иран Америк, эсвэл Америкийн байгууламжуудад цохилт өгвөл бид Ираны 52 байгууламж (олон жилийн өмнө Иранд Америкийн 52 төлөөлөгчийг олзлон барьцаалсан)-ыг устгах болно. Эдгээрийн зарим нь Иран, Ираны түүхтэй салшгүй холбоотой, соёлын маш чухал ач холбогдолтой газрууд юм. АНУ аюул заналхийллийг хүсэхгүй байна!" гэжээ.

Мөн тэрбээр "Иран Сулейманигийн амь нас хохирсон цохилтын хариу болгон АНУ-д цохилт өгнө хэмээн маш зоригтой ярьж байна. Сулеймани хэдийнэ манай ЭСЯ-нд, манай бусад барилга байгууламжуудад халдахаар зэхэж байсан. Ираны талаас олон жилийн турш “өдөөн хатгалга” хийсээр ирсэн" хэмээн жиргэсэн байна.

Мянга мянган ирак Багдадад генерал Сулейманитай салах ёс гүйцэтгэв

Мянган мянган шийт Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга, генерал (IRGC, Ираны зэвсэгт хүчний элит ангиуд) Кассем Сулейманитай салах ёс гүйцэтгэх ажиллагаанд оролцжээ. Аль Маяаден Бямба гариг (2020.01.04)-т Багдадад болсон гашуудлын ажиллагааг тус улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Адель Абдель Махди болон Иракийн бусад удирдагчид удирдан явуулсан байна.

Жагсагчид "Сулейманигийг төрүүлсэн газар түүн шиг олон мянган хүнийг авчрах болно!", "Бид Америкаас өшөө авах хүртлээ санаа амрахгүй!" гэсэн уриа лоозон барин жагсчээ.

"Аль-Хашд аль-Шааби” бүлэглэлийн командлагч Фалех аль-Файад суваг ярихдаа “Иракчууд генерал Сулейманитай салах ёс гүйцэтгэх ажиллагаанд үй олноороо оролцсон нь зөвхөн зэвсэг барьсан ахан дүүс төдийгүй жирийн хүмүүс түүнд хэр хүндэтгэлтэй ханддагийн илэрхийлэл" гэж дээр ярьсан байна.

Иракчууд АНУ-ын үйлдсэн гэмт хэргийн дараа хатуу байр суурь баримталж, Америкийн цэргийг татан гаргахыг эрэлхийлэх болно. Америкчууд 2003 оноос хойш Ирак дахь шашны хуваагдалд л хувь нэмэр орууллаа" гэж аль-Файяд хэлжээ.

Эх сурвалж: TASS, REUTERS, DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж