2020 оны сонгуульд нэр дэвших эрхмүүд

Хуучирсан мэдээ: 2020.01.05-нд нийтлэгдсэн

2020 оны сонгуульд нэр дэвших эрхмүүд

УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж буй төрийн албан хаагчид сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Төрийн албаны тухай хуулийн 46.4. заалтад Төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд нэр дэвших тохиолдолд хэзээ ажлаа хүлээлгэж өгөх вэ гэдгийг дараах байдлаар заажээ. Үүнд:

Төрийн жинхэнэ албан хаагч нь Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө, ээлжит бус сонгуульд нэр дэвших бол тухайн сонгууль болохоос 60 хоногийн өмнө, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол тухайн сонгууль болохоос 30 хоногийн өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө байгууллагын эрх бүхий албан хаагчид буюу томилсон эрх бүхий байгууллагад гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн байгууллага түүнийг чөлөөлөхөд саад болохгүй” хэмээжээ.

Г.АМАРТҮВШИН, Ж.ЧИНБҮРЭН НАР МАН-ААС НЭР ДЭВШИНЭ

Үүний дагуу 2020 онд УИХ-д нэр дэвших горилогчдын нэрсийн жагсаалтыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин үргэлжлүүлж байна.  Тэрбээр ирэх сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болж, өөрийн хүсэлтээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ажлаа хүлээлгэн өгчээ. Түүнийг олон нийт "шарк" Г.Амартүвшин гэдгээр нь илүү сайн мэдэх бөгөөд мөн нэрт эрдэмтэн Бямбын Ренчин гуайн зээ юм. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө "Хас" банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаад, ердөө долоохон сар болсон тэрбээр ийнхүү улстөрд хүчээ үзэхээр шийдсэн байна. Гэхдээ аль тойргоос нэр дэвших нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

ТЭРБЭЭР ЗАХИРЛЫН АЛБАНААСАА ЧӨЛӨӨЛӨГДСӨН Ч ЭМНЭЛЭГТЭЭ ЗӨВЛӨХ ЭМЧЭЭР АЖИЛЛАНА

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Ж.Чинбүрэн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр мөн л арванхоёрдугаар сарын 31-ний өдөр албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Тэрбээр ХСҮТ-ийн захирлын суудлаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Н.Эрдэнэхүүд хүлээлгэн өгчээ. ХСҮТ-ийн захирлаар томилогдсон Н.Эрдэнэхүү нь Монгол Японы сургалтын эмнэлгийн төсөл дээр ажилласан, эмнэлгийн менежментээр мэргэшсэн нэгэн аж.

ХСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэн он солигдохоос өмнө Гавьяат эмч цолоор шагнуулсан юм. Хэдийгээр тэрбээр захирлын албанаасаа чөлөөлөгдсөн ч эмнэлэгтээ зөвлөх эмчээр ажиллах аж.

Ц.СЭРГЭЛЭН ДОРНОД АЙМГААС УИХ-Д НЭР ДЭВШИНЭ

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн оны өмнөхөн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Монгол Улсын Засгийн газрын 12 сарын 25-ны өдрийн 480 дугаар тогтоолоор түүнийг ажлаас нь чөлөөлсөн билээ.

Тэрбээр ирэх 2020 онд Дорнод аймгаас УИХ-д нэр дэвшихээр ийнхүү ажлаа хүлээлгэж өгөөд байгаа юм. Улмаар Засгийн газрын арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 486 дугаар тогтоолоор Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга бригадын генерал Ж.Бямбасүрэн томилогдон үүрэгт ажлаа хүлээн авсан юм.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, “Эрдэнэс Монгол” ХК-ийн дэд захирал О.Одбаяр, МИАТ компанийн дэд захирал Н.Энхбаатар нар ажлаа өгчээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж