Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр ахмадуудыг гонсойлгов

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр ахмадуудыг гонсойлгов

Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр ахмадуудыг гонсойлгов

Шинэ он эхэлсэн энэ өдрүүдэд иргэдийн ярианы гол сэдэв нь тэтгэврийн зээлийг тэглэх асуудал болоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид ард түмэндээ хандан үг хэлэхдээ Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гаргасан тухай онцолсон бол Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр /2020.01.06/ тэтгэврийн зээлийг энэ сардаа багтаан тэглэх шийдвэр гаргасан. Эдгээр мэдэгдэл, шийдвэр нь олон хүнийг хоёр талд хуваагаад буй. Харин ахмад настан, тэр дундаа тэтгэврийн зээл аваагүй буурлууд энэ асуудалд ямар байр суурьтай байгааг сонирхлоо. Монгол Улсад тэтгэвэр авч буй 410 мянган ахмад байгаагийн 231 мянга нь тэтгэврийн зээлтэй бол 170 мянга гаруй нь тэтгэврийн зээлгүй юм. Тэтгэврийн зээлийг тэглэхэд төр 800 гаруй тэрбум төгрөг гаргах шаардлагатай болоод байгаа.

 ТЭТГЭВРИЙН МӨНГӨӨРӨӨ ДУРТАЙ АМТТАНАА АВЧ ИДЭЭД БАЙЖ БАЙ ГЭДЭГ

-Д.Магсаржав-

-Энэ жил 87 нас хүрч байна. Улсад 47 жил хүүхдийн сувилагчаар ажиллаад 1980 онд тэтгэвэрт гарсан. Тэтгэврийн зээлтэй хүмүүсийн өрийг тэглэх гэж байгаа нь зээлтэй хүмүүстээ ашигтай зүйл болж байна. Миний хувьд тэтгэврийн зээл авч байсан удаагүй. Арван нэгэн хүүхэд төрүүлж өсгөсөн. Хүүхдүүд маань тусдаа гарч, охин болон хүргэнтэйгээ амьдарч байна. Цагаан сар, баяр ёслол болохоор хүүхдүүд маань хамжаад хэрэгтэй зүйлийг нь бэлдээд өгчихдөг юм. Хүүхдүүд маань тэтгэврийн мөнгөөрөө дуртай амттанаа авч идээд байж бай гэдэг юм. /инээв/ Эдийн засаг хүндрэлтэй үед бусдын зээлийг цайруулна гэдэг нь тохиромжгүй санагдаж байгаа.

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ХҮҮХДЭДЭЭ Л ЗАРЦУУЛЖ БАЙГАА ХАРАГДДАГ

-П.Цогбадрах-

-Улсад 40 гаруй жил ажиллаж, тэтгэвэрт гараад долоон жил болж байна. Тэтгэвэр маань үнэн зөв тогтоогдож, сар бүр боломжийн тэтгэвэр авч байгаа. Тэтгэврийн зээлийг тэглэж байгаа нь зээл авсан хүмүүст ашигтай, аваагүй хүмүүсээ хохиролтой зүйл болоод байна. Ахмадууд тэтгэврийн зээлийг өөрсдийн үр хүүхдэдээ л зарцуулж байгаа харагддаг. Үр хүүхэд, ач, зээгийнхээ сургалтын төлбөр, машин, байрны мөнгөнд нь дэм болдог. Тиймээс тэтгэврийн зээлийг тэглэхийн оронд тэтгэврийн хэмжээг тэнцүүлэх шаардлагатай. Эсвэл тэтгэврийн зээлд зарцуулж байгаа мөнгөөрөө үйлдвэр, цэцэрлэг, эмнэлэг байгуулж олон хүнийг ажилтай, орлоготой болгох хэрэгтэй.

ТЭТГЭВРИЙН МӨНГӨӨ ХЭРЭГЛЭЭНДЭЭ ХҮРГЭХ ГЭЖ ЗҮДЭРЧ БАЙНА

-Л.Сүрэнхорлоо-

-Тэтгэврийн зээлтэй хүмүүсийн зээлийг тэглэж байгаа нь тэгш биш байна. Хоёрт, тийм их хэмжээний зээлийг тэглэх нь улсын эдийн засагт асар хохиролтой.

Олон хүүхэдтэй, 20 жил улсад ажилласан гээд 1991 онд тэтгэвэрт гарсан. Одоо 70 нас гарч явна. Тэтгэврийн 346 мянган төгрөгөөр сарын хэрэглээ, эм тариандаа хүргэх гэж зүдэрдэг. 100 мянгыг нь байрны төлбөр, 100 мянга гаруйг нь даралтын болон бусад эм тарианд зарцуулаад цаана нь үлдсэн 100 мянга гаруйг нь хүнсэндээ зарцуулж байна. Бие өвдөж, дахиж эм хэрэг болбол хүүхдүүдээсээ мөнгө авдаг. Ингэхдээ 50 мянгаас хэтрүүлдэггүй. Тэд ч бас амьдрах гээд л зүтгэж яваа шүү дээ. Гэтэл зээл авсан нэгнийх нь зээлийг тэглэж болохгүй шүү дээ. Оны өмнө Ерөнхий сайд 1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын тэтгэврийг 50 мянгаар нэмнэ гэсэн. Тэгэхээр нь баярлаад байгаа. Уг нь дээл хувцас оёод нэмэлт мөнгө олчихдог байсан бол одоо хараа муудаад, юм оёж чадахгүй болсон. Нэмэлт орлогогүй болсон. Цагаан сараар хүүхдүүд маань тусалж, бас насны хишиг, одонгийн мөнгөөрөө болгосоор ирлээ.

ЗЭЭЛЭЭ ДУУСГААД ТЭТГЭВЭР АВСАН ЧИНЬ ГОЁ БАЙНА

-Б.Мядагмаа-

-Тэтгэврээ зээлж хүргэндээ авч өгөөд хоёр жил тэтгэврийн бараа хараагүй. Зээл маань саяхан дуусч, арванхоёрдугаар сард тэтгэврийн мөнгөө авлаа. Гоё байна. Дахиж хэн нэгэнд зээл авч өгөхгүй. Зээл авсан хүмүүсийн зээлийг тэглэвэл над шиг олон настан тэтгэврийн мөнгөө өөрөө аваад баярлах байх. Би таван хүүхэд төрүүлж, 1992 онд 40 гаруйхан насандаа тэтгэвэрт гарсан. Энэ үед тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэнэ. Аштай юу даа. Цагаан сараар зээл авалгүй, шинэлнэ гэж бодож байгаа.

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ НЬ, ТЭГЛЭЛЭЭ ГЭЖ БАРЬЦАХ НЬ Ч БУРУУ

-Д.Батжаргал-

-Тэтгэвэрт гараад 10 гаруй жил болж байна. Саяхан миний тэтгэврийн зээл дууссан. Тэтгэврийн зээлийг тэглэнэ гэдэг их буруу. Зээлийг тэглэлээ гэж барьцах нь ч буруу. Тэтгэврийн зээлийг тэглэвэл, тэтгэврийг нэмбэл ахмадуудад нэмэртэй л дээ. Гэхдээ улсын эдийн засгаа бодох хэрэгтэй. Зээлд зарцуулах мөнгөөр нийгэмд хэрэгтэй олон зүйл хийж болно. Цэцэрлэг, эмнэлэг байгуулж болно. Ажлын байр бий болгож болно.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
11
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж