Баригдаж дуусдаггүй Түлэнхийн төв

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Баригдаж дуусдаггүй Түлэнхийн төв

Баригдаж дуусдаггүй Түлэнхийн төв

Одоогоос долоон жилийн өмнө буюу 2013 онд барилгын ажил нь эхэлсэн Түлэнхийн төв одоо ч ашиглалтад ороогүй байна.

Түлэнхийн төвийн хуучин барилгын насжилт дууссаны улмаас айлын хаяа бараадаад есөн жил болж байгаа билээ. 2012 оны тавдугаар сард Түлэнхийн төв нь Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн байранд шилжиж ирсэн. Гэвч гэмтэлтэй болон түлэгдсэн хүмүүсийг нэг эмнэлэгт хүлээн авч байсан нь ачааллыг эрс нэмсэн тул ГССҮТ-ийнхөн хагас жил болоод “Мөнгөн гүүр” эмнэлэг рүү нүүж, түрээсэндээ сарын 28 сая төгрөг төлж байв. Уг байранд Түлэнхийн төвийнхөн удсангүй, жил гаруй болоод байрыг нь суллаж өгч дахин ГССҮТ-д ирснээр өнөөг хүртэл хэвтэн эмчлүүлэгчдээ хүлээн авч байна.

Түлэнхийн төвийг шинэ барилгатай болгохоор болж 2013 онд Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажлыг нь эхлүүлсэн.

Гэвч санхүүгийн эх үүсвэр бүрэн шийдэгдээгүйн улмаас барилгын ажил удалгүй царцсан юм. Харин 2017 оны тавдугаар сард Кувейтийн буцалтгүй тусламжийг авснаар санхүүжилтээс шалтгаалан олон жил дуншсан тус төвийн барилгын ажил үргэлжилсэн. Уг буцалтгүй тусламжийн хүрээнд найман сая ам.доллар шийдвэрлэгдэж, 6.8 саяыг нь барилгад, үлдсэн 1.2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөсөн билээ. Түүнээс өмнө Засгийн газраас уг барилгад 3.8 тэрбум төгрөг зарцуулаад байсан юм.

Түлэнхийн төвийн шинэ барилга нь үндсэн гурван блоктой. А блок буюу оффис, С блок буюу морг хэсгийн гүйцэтгэгчээр "Цаст констракшн”, В блок буюу амбулатори хэсгийн гүйцэтгэгчээр “Нутгийн зам” ХХК -тай гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байдаг.

Барилгын ажил 60-80 хувьтай явж байна, удахгүй ашиглалтад орно гэж захиалагч, гүйцэтгэгч талууд хоёр жилийн өмнө мэдэгдэж байсан ч одоог болтол ашиглалтад ороогүй байна.

Шалтгааныг Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Улирлаас шалтгаалаад барилгын ажил түр зогссон. Аль болох түргэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Санхүүгээс шалтгаалсан юм огт байхгүй. Санхүүжилт аль хэдийн шийдэгдчихсэн” гэх тайлбар өгсөн юм.

Мөн В блокын гүйцэтгэгч компани буюу “Нутгийн зам” компани нь цагтаа ажлаа гүйцэтгээгүйгээс дулааны шугам сүлжээнд холбогдож чадаагүй тул дотоод засал чимэглэлээ хийж чадалгүй, барилгын улирал эхэлтэл барилгын ажлыг зогсоосон гэх тайлбарыг өгсөн юм.
Харин энэ талаар “Нутгийн зам” компаниас асуухад “Гүйцэтгэлийн мөнгөө авч чадахгүй байгаа болохоор ажлаа шамдуулаагүй. Мөнгөө авч байж ажлаа гүйцэтгэнэ” гэх тайлбарыг өгсөн юм.

Гэхдээ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "2019 оны есдүгээр сард багтаан Түлэнхийн төвийн барилга ашиглалтад орно. Санхүүжилтээр гацаасан зүйл байхгүй" гэдэг тайлбар хийсэн ч бодит байдал дээр санхүүжилтгүйгээс уг барилга 2020 онтой золгох боллоо.

 

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж