"MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахаар болжээ. Холимог тулааны “MFC” холбоо 2019 онд олон улсын хоёр тулаан зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ оны анхны тэмцээн хоёрдугаар сарын 1-ний өдөр “АСА Цирк”-д болох тов гарсан байна. Энэхүү тэмцээнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ивээл дороо зохион байгуулснаар мэргэжлийн тамирчдаа дэмжиж, энэ төрлийн спортыг хөгжөөн дэмждэг залууст болон олон нийтэд мэргэжлийн спортыг эергээр таниулах, нийгэмдээ сайн үйлс түгээх хандлагад тамирчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Тэмцээнд АНУ, Япон, ОХУ, Буриад, Тува улсуудаас дэлхийн шилдэг тамирчид ирж оролцоно.
Өнгөрөгч 2019 оны зургадугаар сард “MFC” холбооны хөнгөн жингийн анхны аваргын бүсийн төлөө тулалдсан Н.Отгонбаатар, М.Нандин-Эрдэнэ нарын тулаан энэ удаагийн оргил тулаан байх юм. Тэднээс гадна Д.Батсүмбэрэл, “Ангууч” хочит Б.Баттөр, Б.Бүрэнзориг, Т.Ариунболд, А.Гантүлхүүр тэргүүтэй манай улсын шилдэг тулаанчид гаднын тамирчидтай нударга зөрүүлнэ.
Сүүлийн жилүүдэд манай үзэгчид “UFC”, “One Championship” зэрэг дэлхийн шилдэг холбоодын тулааныг цаг алдалгүй шууд үздэг болсонтой холбоотойгоор хөгжөөн дэмжигчдийн цар хүрээ нэмэгдэж, Монгол улсаас ч олон шилдэг тамирчид төрөн гарах болсон. Үүний нэг тод жишээ нь Д.Батгэрэл юм. Тэрбээр өнгөрөгч “MFC” холбооны тэмцээнд ялалт байгуулсны дараа “UFC”-тэй гэрээ байгуулж, албан ёсны эхний тулаанаа хэдийнээ хийгээд байгаа юм. Өөрийн эх оронд зохиогдох MFC-д амжилттай оролцсон тамирчид олон улсын тавцанд гарахад илүү дөхөм болж байгаагаараа энэ тэмцээний ач холбогдол улам бүр өндөр болж байна.
Дашрамд дурдахад “MFC-3” тэмцээний орлогоос тодорхой хувийг сайн үйлсийн аянд хандивлахаар төлөвлөж байгаа ажээ. Манай улсад мэргэжлийн тулааны анхны гавьяат Ж.Нарантунгалаг төрснөөс өөрөөр төрийн өндөрлөгүүдийн түвшинд мэргэжлийн тулааны спортыг ингэж ивээл дороо дэмжиж зохион байгуулж буй нь анхных юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ