"Болор цом"-ын тэргүүн шүлэг Жамын цас

Хуучирсан мэдээ: 2020.01.04-нд нийтлэгдсэн

"Болор цом"-ын тэргүүн шүлэг Жамын цас

"Болор цом"-ын тэргүүн шүлэг Жамын цас

НЭМЭЛТ: 

“Болор цом-37” яруу найргийн наадмын тэрүүн байранд яруу найрагч Б.Жамбалдорж шалгарлаа. Харин наадмын дэд байранд Б.Энхжаргал, гуравдугаар байранд Т.Баянсан шалгарсан бол тусгай байранд Э.Гантулга, О.Цэнд-Аюуш нар шалгарлаа. Б.Жамбалдорж нь Монголын радиогийн эфирийн найруулагчаар ажилладаг бөгөөд Г.Сэр-Одын шагналт яруу найрагч төдийгүй зураач нэгэн юм. Мөн Б.Жамбалдорж нь энэ 2020 оны эхний өдөр “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” нэртэй шинэ номоо хэвлүүлээд байгаа юм. Харин 2013 онд “Шүүдэр мэт”, 2017 онд “Морин гатлага” номоо хэвлүүлж байжээ.

“Болор цом 37” наадмын эзэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Б.Жамбалдоржийн цомын эзэн болохдоо уншсан шүлэг.

ЖАМЫН ЦАС

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж

Бусдын дээгүүр будрууланхан байхдаа

Үүдээр цухуйх аавынхаа дээрээс

Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас

Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн

Хааш яайш цацан бужигнуулсан цасан дор

Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон

Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж

Өдөр явах замаа гаргаж зогсдог сон би

Шинэхэн цас орсон өглөө

Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа

Тийм дотно мөр, харалгүй удаж ээ
Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой

Зөөлөн гишгэх алхаан дундаасаа

Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ

Явган хүний ганц нарийхан жимээр
Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ

Дээрээс хэн нэгэн харж байгаа бол
Дэрсэн шүүрээр би бурхны тиг татаж харагдана

Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү

Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно

Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад

Мөн чиг хүнд санагдаад ажин түжин

Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас

Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана

Огторгуй өөд ширтэн ширтэн хэвтэхэд

Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана

Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад

Жаргал зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно

Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд

Нээрээ л би чинь будраад өнгөрөх цас аа


“БОЛОР ЦОМ-37”-Д ТАВАН НАЙРАГЧ ТУНАЖ ҮЛДЭЭД БАЙНА

НЭМЭЛТ:

“Болор цом-37”-ын дөрвийн даваанд таван найрагч үлдээд байна “Болор цом-37” яруу найргийн наадамд 27 яруу найрагч шалгарч өрсөлдсөн бол тэднээс шилдэг тав нь тодроод байна. Энэ жилийн “Болор цом-37” наадмын шилдэг тавд Т.Баянсан, О Цэнд-Аюуш, Э.Гантулга, Б.Энхжаргал, Б.Жамбалдорж нарын найрагч үлдлээ.

Айргийн тавд үлдсэн яруу найрагч яг одоо шүлгээ уншиж, өрсөлдөж байна. Тус наадмын хөтлөгчөөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Н.Батжаргал нар ажиллаж байна. Харин ерөнхий шүүгчээр "Болор цомын эзэн", МЗЭ-ийн шагналт Ж.Баяржаргал, шүүгчээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баярсайхан, Доктор Д.Ганболд, МЗЭ-ийн шагналт, "Болор цомын эзэн", яруу найрагч Н.Гантулга, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, судлаач, доктор П.Батхуяг нар ажиллаж байгаа юм.


"БОЛОР ЦОМ-37" ЭЗЭН ӨНӨӨДӨР ТОДОРНО 

Багануур дүүрэгт өнөөдөр /2019.01.04/ “Болор цом 37” яруу найргийн наадам болж байна. Энэ удаагийн "Болор цом 37" наадамд 27 найрагч өрсөлдөж байна.

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг тус наадам анх 1983 онд зохион байгуулагдаж байсан түүхтэй. Анхны наадамд Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж "Хүн төрөлхтөнд хэлэх үг" шүлгээрээ тэргүүн байрыг эзэлж байжээ.

"БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭД

1983 он. Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж,  “Хүн төрөлхтөнд хэлэх үг”

1984 он. Ардын уран зохиолч Д.Цоодол,  “Нэр нь тодроогүй баатрууд”

1985 он. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, “Шагнал”

1986 он. Яруу найрагч Т.Очирхүү, “Чулууны магтаал”

1987 он. Ардын уран зохиолч П.Бадарч,  “Тэмээ”

1988 он. Ардын уран зохиолч Т.Галсан, “Жирмийн сүлжээ”

1989 он. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж, “Малчин”

1990 он. Д.Нацагдоржийн шагналт Б.Ичинхорлоо,  “Тэнгэр”

1991 он. Д.Нацагдоржийн шагналт Б.Ичинхорлоо,  “Эх нутаг”

1992 он. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, “Хил дээр бичсэн шүлэг“

1993 он. Ардын уран зохиолч Д.Цоодол, “Миний муусайн найз нар”  

1994 он. Д.Нацагдоржийн шагналт Ц.Хулан,  “Ганцхан ижийдээ унших шүлэг”

1995 он. Яруу найрагч Б.Дорпалам, “Хөөрлийн шүлэг”

1996 он. Төрийн шагналт Д.Төрбат,  “Ижий шүлэг”

1997 он. Ардын уран зохиолч Д.Цоодол,  “Хуучин дэр модны дууль”

1998 он. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн,  “Ижийтэйгээ байхад”

1999 он. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж, “Элсэн тасархай”

2000 он. Яруу найрагч Г.Мөнхцэцэг, “Янжинлхам бурханд гуйж мөргөх шүлэг”

2001 он. Төрийн соёрхолт Ц.Бавуудорж,  “Хүрэл чоно”

2002 он. Д.Нацагдоржийн шагналт А.Эрдэнэ-Очир, “Зам”

2003 он. Яруу найрагч Д.Урианхай, “Шөнийн онгоц”

2004 он. Д.Нацагдоржийн шагналт Ж.Баяржаргал, “Арга билгийн ертөнц”

2005 он. Яруу найрагч Ж.Мөнхбат, “Бурхан хүсэл”

2006 он. Яруу найрагч Б.Галсансүх, “Англи хэлэнд итгэж зориулав”

2007 он. Яруу найрагч Ш.Лхамноржмаа, “Газрын үг”

2008 он. Яруу найрагч Л.Хасар, “Миний нэг өдөр ингэж санагдаад…”

2009 он. Яруу найрагч Х.Эрдэнэбаатар,  “Нэргүй шүлэг”

2010 он. Д.Нацагдоржийн шагналт Ц.Хулан,  “Би-Цагаан Дарь эх”

2011 он. Яруу найрагч Д.Болдхуяг: “Монгол хэл”

2012 он. Яруу найрагч Н.Гантулга,  “Уулсын сэтгэлгээний тэлэлт“

2013 он. Яруу найрагч Л.Моломжамц, “Хэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс”

2014 он.  Яруу найрагч С.Мягмаржав,  "Тэнгэрийн татах хүч"

2015 он. Яруу найрагч Ц.Эрдэнэбаатар, "Суурин иргэншлийн цаг"

2016 он:  Яруу найрагч Борхүүгийн Батсайхан, "Тэр эмэгтэй"

2017 он: Яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр, "Ижийдээ нас гуйлаа"

2018 он: Яруу найрагч Б.Баттулга, "Гүн ухааны сүлжээ бодролууд"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж