Л.Мандула: Найтаасан ч гэсэн надад Ерөнхий сайд бэлэг өгсөн

Хуучирсан мэдээ: 2020.01.04-нд нийтлэгдсэн

Л.Мандула: Найтаасан ч гэсэн надад Ерөнхий сайд бэлэг өгсөн

NEWS АГЕНТЛАГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БЭЛТГЭСЭН ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГУУДАА ХҮРГЭЖ БАЙНА-


Д.Хаянхярваа: Сэтгэлийн хөөрлөөр огцом шийдвэр гаргаж болохгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн шийдвэр болох тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх зөвлөмж гарсныг шинэ оны босгон дээр танилцуулсан. Энэ нь нийгэмд багагүй талцал үүсгээд байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн шинэ оны мэндчилгээ өнөөдөр нийгэмд талцал үүсгээд байна. Ахмадуудын тэтгэврийг тэглэх асуудал нь ҮАБЗ-ийн зөвлөмж гэдгийг хэлсэн. Энэхүү мэдэгдлийг та юу гэж харж байна вэ?

-Монгол Улсын төсөв санхүүтэй холбоотой асуудал нь Үндсэн хуулиар олгогдсон УИХ-ын бүрэн эрхийн хүрээний асуудал байдаг. ҮАБЗ-ийн зөвлөмж, чиглэл байна уу аль нь ч байсан УИХ-аар хэлэлцэгдэж, эцсийн шийдвэр гарах ёстой гэж бодож байна. Мөн ҮАБЗ-өөс зөвлөмж, чиглэл нь аль нэг байдлаар өр авлага, ялангуяа дотоодын иргэдийн өр авлагыг тэглэхтэй холбоотой асуудлыг шууд хөндөж гаргаж тавиад, УИХ-аас давсан шийдвэр гаргаж байгаа нь Үндсэн хуульд хэр нийцэж байна вэ гэж бодож сууна. Энэ өр бага өр биш. Миний авсан мэдээллээр 776 орчим тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн өр байгаа юм байна. Үүний 95 хувь  нь Хаан банк, төрийн банкин дээр төвлөрч байна. Энэ өрийг хэрхэн тэглэх ямар тооцоо судалгаа, үндэслэлийг Сангийн яам болон бусад холбогдох албаныхан гаргаж өгсний үндсэн дээр ийм зүйл ярьж байгаа юм болов уу гэж бодож сууна. Сангийн сайдтай холбогдох гэсэн боловч гадаадад томилолттой яваа юм байна. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны даргатай холбогдож энэ асуудлаар ярьсан, хэлэлцсэн зүйл байна гэдгийг тодруулсан ч одоогоор мэдсэн зүйл алга.

Салхитын мөнгөний ордыг барьцаанд тавих байдлаар зохицуулалт хийнэ гэсэн албан бус мэдээлэл л байна.

Намын бүлэг, УИХ дээр орж ирэхийг нь хүлээж ямар байдлаар, ямар судалгаатай, үндэслэлтэй орж ирэхийг нь хүлээхээс өөр аргагүй л байна. Улсын болон Засгийн газрын өртэй холбоотойгоор өрийн таазыг нэмэхгүй байх зохицуулалт бүхий Өрийн удирдлагын тухай хуульд УИХ саяхан өөрчлөлт оруулсан. Улсын өрийг нэмэхгүй байх чиглэл батлагдсан, өнгөрсөн гурван жилийн хугацаанд  дотоодын өрийн бондыг төлж дуусгаснаа Сангийн сайд мэдэгдэж, дахиж өр зээл тавихгүй гэдэг асуудлыг ярьж байсан. Гэтэл энэ бүх ярьж байсан, хэлсэн зүйлээсээ, хүрсэн амжилтууд маань яах юм болдоо гэж бодож байна.

-Өр тэглэх асуудлыг зүгээр гурван хүн сууж байгаад шийдвэр гаргахгүй. Ямар нэг байдлаар тооцоо, судалгаа, үндэслэлтэй байж Ерөнхийлөгч мэдэгдсэн болов уу. Ер нь эдийн засаг талаас нь нэг удаад их хэмжээний мөнгийг төр тэглэнэ гэхээр эдийн засагт ямар үр дүн авчрах бол?

-Сүүлийн гурван жил Засгийн газар дотоодын бондын өрийг тэглэж, дотоодоос бонд авахгүй байгаа нь нэг том дэвшил гэж бид үзэж байсан. Улсын хэмжээнд бид 30 орчим  тэрбум ам.долларын өртэй бол Засгийн газрын өр долоо орчим тэрбум ам.доллар байгаа. Ирэх жилээс эхлээд бид томоохон өр зээлүүд, БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцэл гэх мэт шийдэх ёстой том асуудлууд хүлээж байгаа. Тухайлбал, Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийг сунгах эсэх асуудал 2020 оны долдугаар сард шийдэгдэнэ. ОУВС-ийн хөтөлбөр тавдугаар сард дуусгавар болно. Түүний дараа Самурай, Чингис, Дим Сам бондуудын өр төлбөрүүд шил дараалан хүлээж байгаа. Тэгэхээр одоо ОУВС-ийн хөтөлбөр үргэлжлэх эсэх, своп хэлцэл сунгагдах уу, нөгөө саарал жагсаалт нь хар луу орох вий гэх мэт гадна талд томоохон эрсдэлүүд байна. Энэ бүхнийг тооцож, судалгаан дээр тулгуурлаж л ийм шийдвэр гаргасан байлгүй дээ. Хэвлэл дээр гарсан мэдээллийг ажиглаж байхад улс төрийн ашиг хонжоо харсан, буцаад халамж руугаа явах вий, сонгууль ойртож байна гэх мэтээр шүүмжилж байна.

Ер нь бэлэн мөнгө тараахын алдаа, оноог бид мэднэ. 2010 оноос хойш 3,1 их наяд төгрөгийг бэлнээр тараасны үр дүнг бид шүүн тунгааж, ярилцсан. Өмнө нь гаргасан алдаагаа дахин давтахгүй л байх ёстой юм.

-ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Намын удирдлагын түвшинд, бүлгээр хэлэлцээд явах байх. МАН-ын хувьд энэ шийдвэрийг дэмжээд явахаар өөр гарц харагдахгүй байна. Ялангуяа сонгууль ойртож байгаа энэ үед дэмжихгүй бол сонгуулийн оноо алдах эрсдэл үүсч болох юм?

-Ийм асуудлыг намын удирдлагын түвшинд гэхээс илүү эдийн засгийн тооцоо, судалгаатай судалж байж УИХ дээр ярих ёстой асуудал гэж бодож байна. Гэхдээ УИХ-ын гишүүд намын сонгуулийн эрх ашгийн үүднээс хандахгүй болов уу гэж бодож байна. Би хувь хүнийхээ хувьд сонгуулийн ямар нэг эрх ашиг харж хандаж чадахгүй. Яагаад гэвэл энэ улс орны эдийн засагтай холбоотой чухал асуудал учраас тооцоо, судалгаа үндэслэлтэй хийж, тооцож үгээ хэлэх ёстой болов уу гэж бодож байна. Мэдээж 230 мянган ахмадад баярлахгүй байхын аргагүй шийдвэр. Ямар ч тохиолдолд өр зээлийг нь тэглэнэ гэхэд баярлахгүй  хүн гэж байхгүй. Ер нь ахмадуудад тэтгэвэр барьцаалж зээл өгдөг асуудлыг өөрчлөх ёстой юм. Тэтгэвэр барьцаалж зээл олгохдоо хугацааг нь багасгах, улирлаар, зургаан сараар гэх мэт хязгаарлалт хийж өгөх нь зөв шийдэл. Хөдөө, орон нутагт, тойрогтоо ажиллаж байхад ахмадууд өөртөө зээл аваагүй, ач зээ, үр хүүхдийнхээ сургалтын төлбөр, байрны урьдчилгаа, унах унаанд л ихэнхийг нь зориулсан байдаг юм билээ. Тэгэхээр ийм хүмүүст зээлийг нь тэглэнэ гэвэл баярлаж л таараа. Гэхдээ тэтгэврийн зээлийг тэглэлээ гэхэд малчны, оюутны сургалтын, ипотекийн зээлийг тэглэх үү эсвэл яах гэсэн нийгмийн бусад бүх давхаргад зээлээ улсаар чөлөөлүүлэх сэтгэхүй бий болгож, зээл төлөлтөд эсрэгээр нөлөөлж, эрсдэлүүд үүсч магадгүй гэсэн болгоомжлол байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ


Ш.Сайхансамбуу: Төрд шургалсан эрүүгийн элементүүдээс салъя

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай ярилцлаа.


-УИХ-аас гарч буй шийдвэрүүд хууль бус гэж та үзэж буй юм байна. Яагаад тэр вэ? 

-60 тэрбумаар албан тушаалыг үнэлж, хуваарилсныг нийт ард түмэнд зарласан. Би энэ Их хурлыг анх бүрэлдсэний маргааш л хэлсэн. Ерөөсөө хууль бус Их хурал бүрэлдлээ гэж сонин хэвлэлд өгсөн миний ярилцлагад бий. Хэрвээ юм мэддэг, чаддаг, хууль дүрэм биелүүлдэг шинэ хүчин гарч ирвэл энэ улсуудыг бүгдийг нь хариуцлагад татна. Хууль бусаар төрийн эрх хуйвалдаж авсан. Албан тушаалыг үнэлсэн. Миний 2016 онд хэлсэн үг Сандуй, Ганбаатар хоёрт ял оноосноор нотлогдож байна. Хэрвээ тэр хоёр хүн буруугүй байсан бол шүүх ял оноохгүй байсан. Ял оноогоод, таслагдаад явсан. Тиймээс одоогийн энэ Их хурлын гаргасан бүх шийдвэрийг би хүчингүй гэж үзэж байгаа юм.

-Дийлэнх нь нэгэн цагт хүчээ өгч байсан намынхан чинь байгаа шүү дээ?

-Намайг хүмүүс нэг их сайн мэддэггүй юм. Би хуучин МАХН-ыг эрх барьж байхад, 1983 оноос хойш энэ намд явсан. Сүүлд хотын гүйцэтгэх захиргаанд ажиллаж байхад Мөнхжаргал, Алтангэрэл, Энэбиш дарга, нийслэлийг хариуцаж ажилладаг МАХН-ын Улс төрийн товчоо, Ардын их хурал, Сайд нарын зөвлөлд байсан хүмүүстэй ажиллаж байсны хувьд төрийн ажил яаж явдгийг сайн мэдэж, сурсан байна, одоо бодоход. Одоогийн энэ УИХ-ын гишүүдтэй харьцуулахад би хамаагүй илүү боловсорсон юм байна. Ер нь олон улсад ч ярьж байгаа, энэ Их хурлыг. Гадны сайтыг уншиж байхад тийм байна. Энийг юмны учир гадарладаг, улс төр жаахан сонирхдог, тэндээс гарч буй хууль тогтоомж шийдвэрүүдийг уншдаг, уншсанаа өөрийнхөөрөө ойлгодог иймэрхүү түвшний хүмүүс бол мэдэж байгаа. Ер нь ихэнх хуульч ч хууль бус Их хурал гэж ярьдаг. Надтай санал нэгддэг хүмүүс байна. Тэгэхээр эндээс гарсан Засгийн газар бас хүчингүй засгийн газар. Энэ Засгийн газраас гарсан бүх шийдвэр хүчингүй. Өнөөдөр нэг юм яриад, маргааш нь тэс өөр юм ярьдаг. Тэр нь саяын Үндсэн хуулийн өөрчлөлт болоод Сонгуулийн хууль гарахад айхтар мэдэгдэж байна. Аливаа юманд ер нь 100 хувь гэж байдаггүй. МАН-ын Удирах зөвлөл дотор нь ядахдаа нэг хүн санал зөрж болно шүү дээ. Гэтэл тэгсэнгүй. Тэгэхээр энэ бол хуурамч. Энэ нам нэг хүний удирдлагаар явдаг, төрийн дээр гарчихсан гэдэг нь маш сайн мэдрэгдэж байна.

-Бид хүн бүр сонголтоо зөв хийвэл улс орон өөдлөн дэвжинэ гэж ярьсаар л сонгуультай золгодог. Манай улсад зөв хүн байна уу, таны бодлоор? 

-Монголын ард түмэн болоод сонгогч нар сүүлийн 15 жил, гурван сонгууль дамжин зөв хүнээ сонгоно гэж ярьж байна. Зөв хүн гэж хэнийг хэлээд байгаа юм бэ, зөв хүнээ нэрлэ дээ гэхээр хэлдэг хүн байхгүй. Тэрийгээ мэддэггүй. Иргэд дээр очиж өөрийгөө таниулах, мэдүүлэх хаалттай. Одоо нэг сарын 1-нээс хаачхаж байна, хэн ч, хаашаа ч явж болохгүйгээр. Тэгсэн мөртлөө сонгогдсон луйварчин гишүүд тайлангаа тавьж болно гэсэн шийдвэр гарч байна. Би яг бүтэн уншаагүй, телевизээр баталж байгааг нь харахад. Мань мэт бол яах вэ. Батсүрэн гэдэг шинэ хүн яваад очвол урдаас нь сонгогчид шоолоод инээнэ. Энэнээс нь залхаад хүмүүс улс төр лүү ойртдоггүй. Зориг гаргадаг хүн байдаггүй. Ерөөсөө Монголын нийт ард түмэн айдас дунд амьдарч байна. Хуулийн байгууллагынхан, шүүх прокурорынхон, цагдаа сэргийлэхийнхэн нь ч тийм байна. Өөрсдийгөө хашир туршлагатай парламентын гишүүд гээд нэрлэчихсэн хэсэг бүлэг дээрэмчид байна шүү дээ. Эд нар чинь базаад, хуулийнхныг айлгаад сурчихсан. Тэд нар нь ажлаасаа салахгүйн тулд хэлсэн үүрэг даалгаврыг нь биелүүлээд явдаг. Хууль жирийн иргэнд айхтар ширүүн үйлчилж байна.  Бид ийм л ертөнцөд амьдраад байгаа юм.

-Таны бодлоор энэ бүхнийг яаж залруулах боломж байна вэ?

-Би Монголын ард түмэнд мөн их олон хэлж байна аа. Элдэв жагсаал цуглаан хийгээд нэмэргүй болсон. Жагсуулах ч үгүй, цуглуулах ч үгүй албадан тараадаг. Зөвшөөрөл авъя гэхээр өгдөггүй. Тийм учраас радио өргөн нэвтрүүлэг, телевизор, сошиал ертөнцөөр иргэдтэйгээ харьцахаас өөр аргагүй болсон. Яг ийм улс дэлхий дээр Хятад, Монгол, Орос гурав л байх шиг байна. Бусад орон бол чөлөөтэй байна. Франц гэхэд өнгөрсөн хоёр дах өдөр бүх орон даяар ажил хаялт хийж байна. Өөрсдийнхөө төлөө жагсаач ээ гээд ганц уриалахад гараад ирж байх жишээтэй. Манайхан тэгж эвлэлдэн нэгдэхгүй байна л даа. Эвлэлдэн нэгддэггүйн гай эргээд өөрсдөд нь тусаад, түүнийг нь хэсэг бүлэг хүмүүс ашиглаад, 30 жил явчихлаа. Хүмүүс энэ бүхнийг амьдрал, бие махбодоороо ойлгочхоод байна л даа. Би нэлээн олон аймаг, хөдөө орон нутгаар явж байна. Сонгуулиас гурав, дөрвөн хоногийн өмнө хүмүүс дүлий юм шиг болчхоод, сонголтоо хийчихсэн байдаг юм. Хүмүүс энэ хоёр намыг сонгохгүй л гэсэн юм ярьж байна. Миний бодол, хүмүүс сонгохгүй нь энэ гээд баахан цагаан хуудас хийгээд баллаад хаячих вий дээ гэдгээс жаахан айж байна.

-Монголд МАН, АН-тай дүйцэхүйц нам үнэндээ байхгүй. Тэгэхээр 2020 онд сонгууль болдгоороо л болох юм биш үү?

-Түүнийг өөрчлөхийн төлөө бид залуучуудыг бэлтгэж байна. Аливаа нам, эвсэл ард иргэдтэйгээ тулж ажиллах зарчимтай. Бид тэр зарчмыг барьж ажиллаж байна. Ард иргэд сонгогчдоо хууран мэхэлдэг, залилдаг МАНАН шиг нам улс орныг хөгжүүлнэ гэдэг асуудал ярих ямар ч ёс зүй байхгүй болчхож байгаа юм. Хамгийн аймшигтай жишээ гэвэл манай эрх бүхий байгууллага АТГ-аас албан ёсоор зарласан 12 триллион төгрөг байна. Идэж уусан, үр дүнгүй зарцуулсан. Улсад их хэмжээний хохирол учруулсан байгаа байхгүй юу. Миний мэдэхийн тэр мөнгөөр Улаанбаатар хотыг иж бүрэн тохижуулаад, бүх хүмүүсийг орон сууцжуулаад, илүү гарснаар нь аймгийн төвүүдээ орон сууцжуулах, цахилгаан станц барьчих хангалттай мөнгө байсан байна лээ. Одоо тэгэхээр тэдэнд итгэж болохгүй. Бүр дахиж гарна гээд ажиллаж эхэлж байна. Би одоо болъё гэсэн хүн нэг ч байхгүй. Тэр битгий хэл тойргоо булаацалдаад, бөөн хэрүүл байна гэж байх чинь билээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ


Л.Мандула: Найтаасан ч гэсэн надад ерөнхий сайд бэлэг өгсөн

Цахим орчинд арванхоёрдугаар сарын 29-нд нэгэн хүүгийн найтааж буй бичлэг тарж, Монголчууд биднийг хөгжөөгөөд авсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард түмэндээ хандаж, шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх агшинд тэсэлгүй найтаасан тэр хүү бол Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн ач юм байна. Түүнтэй уулзаж, ярилцлаа.

Эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Лүндэгийн Мандула гэдэг. Нийслэлийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн хоёрдугаар ангид сурдаг.

-Тэр өдөр яг юу болсон юм бэ, тэсэлгүй найтаах шиг болсон, ханиадтай байсан юм уу?

-Ханиадтай байгаад эдгэж байсан юм. Бичлэг хийж байхад найтаах гээд, хамар загатнаад сонин болоод байсан. Уг нь найтаахгүй гэж би их хичээсэн. Эхлээд нэг найтаасан, дараа нь дахиад найтаасан. Хүмүүс мэдсэнгүй гэж бодож байтал ахиад л найтаачихсан. Бүр тэсээгүй. Тэгтэл хамраас шингэн нус гоожчихсон.

-Загнах байх гэж айсан уу, тэр үед Ерөнхий сайд юу гэж хэлсэн бэ?

-Ерөөсөө айгаагүй. Харин хүүхдүүд шоолох байх даа гэж бодсон. Ерөнхий сайд "Чи ч их тэслээ, би ч их тэслээ" гэсэн. Дараа нь надаас "Танай ангид хэдэн хүүхэд сурдаг вэ, хэчнээн охид, хөвгүүд байдаг вэ" гэж асуусан. Найтаасан ч гэсэн надад Ерөнхий сайд бэлэг өгсөн.

-Чи юу гэж хариулсан бэ?

-Би санахгүй байна гэж хариулсан. Яг тэр үед ангийнхаа хүүхдүүдийг тоолох манатай байсан.

-Чиний бичлэгийг их олон хүн үзэж, өхөөрдсөн. Эргэн тойрны хүмүүс чамайг юу гэж байна?

-Од болжээ л гэсэн. Харин би өөрөө үзээд ичээд байгаа юм. Нус гараагүй байсан бол бүр гоё байхгүй юу.

-Танай өвөө Монголын нэртэй яруу найрагч хүн байжээ. Чи өвөөгөө мэддэг үү?

-Мэднэ. Би өвөөдөө их эрхэлдэг байсан. Өвөө маань намайг ерөөсөө загнадаггүй, дандаа л эрхлүүлнэ. Би бүр өвөө дээрээ гараад суучихдаг байсан. Надад ном уншиж, үлгэр ярьж өгдөг байв. Би өвөөгийнхөө "Миний ном" дуунд нь дуртай. Багадаа цээжээрээ мэддэг, байнга дуулдаг байсан гэж аав, ээж ярьдаг. Даанч одоо мартчихсан.

-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?

-Дэлгүүрийн эзэн болно гэж бодож байгаа.

-Яагаад?

-Дуртай амттанаа хүссэн үедээ иднэ шүү дээ.

-Шинэ жил чиний хувьд ямар баяр вэ, юу нь гоё вэ?

-Миний хамгийн дуртай баяр. Гацуур засаад л, доор нь гоё бэлгүүд байдаг.

-Энэ жил өвлийн өвөөгөөс юу авмаар байна?

-Би өвлийн өвөөд монкартын дракастай робот захиалчихсан. Захиалгаа эрт өгсөн юм чинь хүслийг маань биелүүлэх байх аа.

-Тэгэх байх аа. Хүсэл нь удахгүй биелэх болтугай!

-Баярлалаа.


Оны онцлох хүүхэд: Хүүхэд гэж өөрийгөө басч болохгүй

Айлын том охин аав, ээждээ тусалж, дүү нараа асарна. Тэргээр ус зөөж, галаа түлж, гэрээ цэвэрлэнэ. Хажуугаар нь хичээл, номдоо шамдаж, үеийн найз нартаа үлгэр дууриалал үзүүлнэ. Сум орон нутагтаа сургуулийнхаа нэрийг гаргаж, багш нарыгаа баярлуулна. Бас дээр нь “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарч, олон түмнийхээ бахархал болно. Ийм л эгэл амьдралаас эх орны ирээдүйн эзэд төрөн гарч байна. Тэдний нэг бол Увс аймгийн Улаангом сумын ЕБС-ийн тавдугаар сургуулийн 12-р ангийн сурагч Шадархүүгийн Ариунзаяа. Аймгийнхаа 30 мянга гаруй хүүхдийн манлайлал болж, энэ жил “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарчээ. Түүнтэй уулзаж, ярилцлаа.

-Сайн байна уу, юуны өмнө баяр хүргэе! Шилдэг сурагчаар шалгарсан тухай мэдээг анх сонсоод яаж хүлээж авсан бэ?

-Итгэж чадахгүй л байлаа. Анх энэ мэдээг сургууль дээрээ сонссон. Хичээлтэй байхад нэг дугаараас олон дуудлага ирсэн байв. Тэгээд эргээд залгахад шилдэгээр шалгарсан тухай мэдээ дуулгасан. Үүнийг сонсоод би тэр дороо л орилоод, үсэрсэн. Ангийнхан маань хүртэл өөрсдөө шагнуулж байгаа юм шиг баярлаж байв. Аав, ээждээ дуулгах гэж их яарсан шүү.

-Увсаас хэзээ ирэв, урьд нь хотод ирж байв уу?

-Өмнө нь би хотод ирж байсан. Гэхдээ дандаа зуны улиралд ирдэг байжээ. Өвөл анх удаа л ирж байна. Увсаас дулаахан юм байна. Автобусаар хоёр өдөр, нэг шөнө явж ирсэн. Яагаад ч юм зам их урт санагдсан. Замаасаа буугаад л гүйчихмээр байлаа. Догдолж, яараад тэр байх.

-Тэгээд шагналаа авах мөч ямар байсан бэ, Төрийн ордонд орж, Ерөнхий сайдаас шагнал хүртэнэ гэдэг хэн бүхэнд олдохгүй ховор завшаан шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ, хэзээ ч мартамгүй сайхан мөч. Шагнал авахын өмнө миний танилцуулга явсан юм. Хамгийн түрүүнд Увс аймгийн гээд уншаад эхлэнгүүт надад маш том хариуцлага ирж байгааг мэдэрсэн.

Хүний нэрийг нутаг ус нь дагадаг юм байна. Тиймээс илүү хичээх ёстой гэдгийг ойлгосон.

Аав ээж, ах дүү, багш нар, найз нөхдөөс гадна аймгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ах эгч нар намайг маш их дэмжиж, хурцалж өгдөг. Энэ бол миний ард байгаа аймгийн 30 гаруй мянган хүүхдийн шагнал. Бүгдэд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өглөө босоод Facebook хаяг руугаа ороход маш олон хүн урмын үгтэй пост, захидлууд илгээсэн байсан. Үнэхээр сайхан санагдсан.

-Үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд нэрээ гаргасан шилдэг 119 хүүхдээс, онцгойлж 35 хүүхдийг шалгаруулсан. Өөрийн чинь хувьд ямар төрөлд шилдэг болсон бэ?

-Би багаасаа л их нийгмийн идэвхи сайтай хүүхэд байсан. Хичээлээ хийхийн хажуугаар хүүхэд гэж өөрийгөө голж, басалгүй бусдынхаа дуу хоолой болж, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцвол хөгжил, төлөвшилд сайнаар нөлөөлнө гэж боддог. Тиймдээ ч сурагчдын өөрөө удирдах байгууллага, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Увс аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийг хоёрдахь жилдээ удирдаж байна. Мөн “Эрх хараацай” эко клубын удирдагч сурагч. Чөлөөт цагаараа янз бүрийн эссе бичих, илтгэл тавих уралдаан, тэмцээнд их оролцдог. Бид өөрсдийн өмнө тулгарч буй асуудлаа тодорхой хэмжээнд гаргаж чадвал, магадгүй шийдвэр гаргах түвшинд хүртэл нөлөөлж чадна гэж боддог.

-Тухайлбал, өөрийн чинь хувьд үзэл бодлоо илэрхийлэх хэмжээний ямар уралдаан тэмцээнүүдэд амжилт гаргаж байсан бэ?

-Манай аймагт сурагчдын дунд илтгэл, эссе бичлэгийн уралдаан их зарладаг. Энэ бүхэнд би хоцрохгүй оролцохыг хичээдэг. Тухайлбал, “Мөрөөдлийн гэр бүл”, Манлайлал сурагч” гэх мэт илтгэлийн тэмцээнд нэгдүгээр байр, “Шударга ёсыг хангахад шүүхийн оролцоо”, “Гэр бүлийн хүчирхийлэл, урьдчилан сэргийлэх нь” зэрэг эссе бичлэгийн уралдаанд мөн нэгдүгээр байр эзэлж байсан. Ер нь би их бичих сонирхолтой. Сургуулиа төгсөөд сэтгүүлч болно гэж бодож байгаа. Багаасаа “Монгол тулгатны 100 эрхэм”-ийг хөтөлдөг байсан П.Анужин эгч шиг болох юмсан гэж мөрөөддөг байсан.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ


ААН илгээгээгүй баримтыг ингэж засаарай

Бүтэн жилийн хугацаанд бүртгүүлсэн и-баримтын буцаан олголтоо авахад хэдхэн сар үлдээд байна. Тиймээс энэ талаар Гааль, татвар, санхүү, технологи, мэдээллийн төв" улсын үйлдвэрийн газрын олон нийттэй харилцах албаны менежер С.Чулуунхүүгээс тодрууллаа.


Хэдхэн сарын дараа НӨАТ-ын буцаан олголтоо авах гэж байна. Хувийн мэдээллээ үнэн зөв бөглөж, баталгаажуулаагүйгээс НӨАТ-ын буцаан олголтоо авч чадахгүй тохиолдол цөөнгүй гардаг шүү дээ. Тиймээс иргэдийн зүгээс анхаарах зүйл юу байна вэ?

-Өнгөрөгч 2018 онд 15464 иргэний хувийн мэдээлэл дутуугаас НӨАТ-ын урамшуулал нь Төрийн сан руу буцаагдсан. Энэ оны эцсийн байдлаар 13090 иргэний хувийн мэдээлэл дутуу, алдаатай байна. Манай байгууллагын зүгээс эдгээр иргэдэд хувийн мэдээллээ засварлах мэдэгдлийг и-баримт гар утасны аппликейшн  болон портал сайтаар дамжуулан илгээсэн. Хувийн мэдээллээ үнэн зөв бөглөж, баталгаажуулсан тохиолдолд таны 2019 оны НӨАТ-ын урамшуулал 2020 оны нэгдүгээр улиралд олгогдох юм.

Дашрамд хэлэхэд, бүртгэлийн нууц дугаараа мартсан тохиолдолд 131313 гэсэн тусгай дугаарт (асуултын тэмдэг) илгээж, нууц дугаараа сэргээх боломжтой. Мөн www.ebarimt.mn цахим хуудасны хувь хүн хэсгээс нууц үг сэргээх сонголтыг хийх боломжтой.

-Зарим иргэд давхар бүртгэлтэй байдаг. Энэ тохиолдолд заавал бүртгэлээ нэгтгэх шаардлагатай байдаг бил үү?

-Тийм. Давхардсан бүртгэлээ нэгтгээгүй тохиолдолд НӨАТ-ын буцаан олголт иргэн таны дансанд орохгүй гэдгийг анхааруулъя. Зарим иргэд регистрийн дугаараараа НӨАТ-ын урамшууллын системд давхар бүртгэл үүсгэсэн байдаг. Эдгээр хүмүүс 2019 оны арванхоёрдугаар сарын 25-н гэхэд хувийн мэдээллээ нэгтгэх шаардлагатай. Зарим нь хоёр, гурван ч бүртгэлтэй байна. Ер нь татварын албанаас нэг иргэний регистрийн дугаар дээр нэг л бүртгэл байх зарчмыг баримталдаг. Тиймээс иргэдэд бас мэдэгдлийг хүргүүлсэн.

Давхар бүртгэлтэй иргэдэд зориулан и-баримт портал сайтад “давхар бүртгэл нэгтэх” гэсэн цэсийг нэмж байршуулсан. Уг цэс рүү нэвтэрч давхар бүртгэлээ нэгтгэх боломжтой. Мөн butsaalt.ebarimt.mn сайтад давхар бүртгэлээ нэгтгэх зааварчилгааг байршуулсан байгаа.

-Бас ААН илгээгээгүй төлөвтэй баримтууд олноор үүсчихсэн байдаг. Эдгээр баримтуудаа НӨАТ-ын буцаан олголтоо авахаас өмнө засварлаж болох уу?

-ААН илгээгээгүй төлөв хэд хэдэн шалтгаанаас болж үүсдэг. Жишээлбэл, иргэн та и-баримтын сугалааныхаа дугаарыг буруу бүртгүүлбэл энэ төлөв рүү орчихдог. Тэр тохиолдолд баримтаа устгаад, сугалааныхаа дугаарыг үнэн зөвөөр бүртгүүлбэл засварлагдана. Мөн аж ахуй нэгж байгууллагууд 72 цагийн дотор борлуулалтынхаа мэдээллийг НӨАТ-ын урамшууллын системд мэдээлэх үүрэгтэй байдаг. Хэрвээ 72 цаг хэтэрчихвэл иргэд 1800-1288 тусгай дугаарт гомдол гаргах боломжтой. Гомдлын дагуу харьяа дүүргийн татварын хэлтсээс баримт олгосон аж ахуй нэгж дээр очиж татвар төлөгчийн баримт “ААН илгээгээгүй” байгаа шалтгааныг тодруулж, хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авдаг.

-Тэгвэл иргэд “Үнийн дүн зөрүүтэй” төлөвтэй баримтуудаа хэрхэн засварлах вэ?

-Энэ тохиолдолд иргэд өөрсдөө и-баримт сугалааныхаа үнийн дүнг бүртгүүлэхдээ буруу биччихдэг. Тэгэхээр НӨАТ-ын урамшууллын системд иргэний илгээсэн үнийн дүн, аж ахуй нэгжийн илгээсэн үнийн дүн нь таарахгүй байна гэсэн үг. Тэгсэн тохиолдолд дахин давтагдашгүй 33 оронтой тоог талбар хэсэгт оруулж, баталгаажуулснаар засварлагдана. Үнийн дүн зөрүүтэй баримтыг устгах шаардлагагүй.

-Ер нь и-баримтын сугалааны энэ оны бүртгэл дуусах эцсийн хугацаа хэзээ вэ?

-Иргэд ирэх нэгдүгээр сарын 8-ны 23.59 минутаас өмнө и-баримтын сугалааныхаа дугаарыг бүртгүүлж, засварласан байх шаардлагатай. Тухайн баримт нь баталгаажсан байх шаардлагатай. Эцсийн хугацаанаас хойш и-баримтаа бүртгүүлбэл НӨАТ-ын урамшуулал орохгүйг анхааруулж байна.

Татварын ерөнхий газраас сар бүрийн и-баримтын сугалааны тохирлыг зохион байгуулах хуваарийг баталдаг. Одоохондоо манай байгууллагад батлагдсан хуваарь нь ирээгүй байна. Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгаар НӨАТ-ын урамшууллыг улирал тутам олгохоор болсон. Уг хуулийн хэрэгжих хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Тэгэхээр иргэд 2020 оны НӨАТ-ын урамшууллаа улирал тутам авах юм.

–Иргэдийн зүгээс и-баримттай холбоотой ихэвчлэн ямар гомдлыг ирүүлж байна вэ?

-Манай байгууллагад хандаж байгаа иргэдийн дийлэнх нь “Худалдаа эрхлэгчид и-баримт өгөхгүй байна”, “Хямдарсан бараанд баримт олгохгүй байна” гэдэг гомдол саналыг тавьдаг. Хуулийн дагуу хямдарсан бараа худалдан авсан бол и-баримт олгох ёстой. Мөн иргэд и-баримтаа бүртгүүлчихээд байхад “ААН илгээгээгүй” төлөв рүү шилжиж байна гэдэг.

-Энэ онд НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор хэчнээн супер азтан тодров?

-Нийт таван супер азтан тодорсон. Энэ оны нэгдүгээр сарын 20-ны тохирлоор 225 сая төгрөгийн азтан, тавдугаар сарын 19-нд хоёр супер азтан тодорч, 40 саяар нь хувааж авсан. Мөн зургадугаар сарын 16-нд 50 саятан тодорсон бол арваннэгдүгээр сарын 17-нд 90 саятан нэг тодроод байна.

Өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал, азтан болсон иргэдийн тоо нэмэгдсэн байгаа. Учир нь хэвлэгдсэн баримтын тоо өсч байгаа. Үүнийг дагаад баримтын баталгаажуулалтын хувь нэмэгдэж байна. Нийт баталгаажсан баримтуудын дунд сугалааны тохирлыг явуулдаг бөгөөд 1000 баримтаас нэг сугалааны азтан тодордог жишигтэй. Азтаны тоо багассан үзүүлэлт байхгүй. Бид супер азтанаар тодорсон иргэнд шууд нэвтрүүлэгт оролцох саналыг тавьдаг. Тухайн иргэн зөвшөөрсөн тохиолдолд олон нийтэд нээлттэй мэдээлдэг. Хувь хүний нууцтай холбоотой асуудал учраас иргэд зөвшөөрөөгүй тохиолдолд мэдээлэх боломжгүй. Бидний хүсэлтийг хүлээн авсан 225 сая төгрөгийн супер азтан шууд нэвтрүүлэгт оролцсон байгаа.

-Зах болон томоохон худалдааны төвүүдэд пос машин ашигладаг ч и-баримт олгодоггүй. Хэзээнээс иргэд и-баримт авч үйлчлүүлдэг болох вэ?

Жишээлбэл, Мишээл худалдааны төвийн худалдаа эрхлэгчид иргэдэд пос машин ашиглан и-баримт хэвлэн өгч байгаа. Харин Хархорин, Нарантуул зэрэг томоохон худалдааны төвүүдэд зарим худалдаа эрхлэгчид бас пос машин ашиглан л и-баримт олгож байна.

Манай улсын үйлдвэрийн газраас томоохон худалдааны төвд жижиг лангуу түрээслэгчдэд зориулсан  хялбар шийдлийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Лангуу түрээслэгчид илүү зардал гаргаж, пос машин худалдан авахгүйгээр и-баримт аппликейшн ашиглан баримтынхаа мэдээллийг илгээх боломжийг нь бүрдүүлэх юм. Ингэхийн тулд ухаалаг утастай байх шаардлагтай. Худалдаа эрхлэгчид өөрийн бүртгэлтэй и-баримт дээрээ борлуулалтаа шивж, хэрэглэгч QR кодыг нь уншуулаад л и-баримтаа бүртгүүлэх боломжтой болно гэсэн үг л дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж