Зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

Зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав

Зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2020.01.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 45 минутад эхэлж,  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Ингээд Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалтыг явууллаа. Ажлын хэсгээс гаргасан саналын томьёололтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Лүндээжанцан, Ц.Цогзолмаа, Б.Бат-Эрдэнэ, Н.Оюундарь, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, М.Билэгт нар үг хэлж, санал хэлсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хэлсэн үгэндээ, Энэ хууль 2015 онд батлагдсан. Эрүү, Зөрчлийн хуульд олон удаа өөрчлөлт орж байгаа. Хууль зүйн байнгын хороо Зөрчлийн тухай хуулиар хүнийг шууд торгодог байдлаас татгалзаж, эхлээд албан шаардлага хүргүүлж, биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгодог бусад механизм руу шилжье гэсэн бодлого барьж байна. Бид өдөр бүр шинэ хууль баталдаг. Тэрхүү хуулиудын хариуцлагатай холбоотой хэсэг нь Зөрчлийн тухай хуульд ордгийг гишүүдэд сануулахын зэрэгцээ ирэх хаврын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  оруулж ирэх гэж байгааг тодотгож байлаа.


Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын 5.19 дүгээр зүйлийг мөн зүйлийн 14 дэх заалтын 6.26 дугаар зүйл болгон “1.Бусдад ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн бол хүнийг  нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. 2.Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.7 хувь нь дэмжлээ. Уг саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Цогзолмаа, “Хүний ёс зүйн гаргаж болохгүй хэм хэмжээг торгуулийн хэлбэрээр шийдэх нь хэр зөв бэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай болон бусад эрүүгийн хуультай ялын санкцыг хэр зэрэг жишиж авч үзэж байгаа вэ гэдэг асуудал дээр онцгойлон анхаарах шаардлагатай” гэсэн бол Н.Оюундарь гишүүн "Төсөлд бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл гаргасан хүнийг 100 мянган төгрөгөөр торгох заалт байсныг сая төгрөг болгосон байна. Гэхдээ бэлгийн дарамтад өртсөн хүний сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй үлдлээ" хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Мөн төслийн 1 дүгээр  зүйлийн 11 дэх заалтын 1 дэх хэсгийг “Олон улсын хөл хориот өвчин гарсан улс орноос ирсэн хүн эрүүл мэндийн тодорхойлолтыг мэдүүлэхээс татгалзсан, эсхүл үнэн зөв мэдүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, төслийн 1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг “Стандартад нийцсэн утааны шүүлтүүргүй дизель хөдөлгүүртэй автобус, ачааны машиныг замын хөдөлгөөнд оролцуулсан эсхүл агаарын бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой нутаг дэвсгэрт хориглолт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хориглосон бүсэд түүхий нүүрс тээвэрлэсэн, нэвтрүүлэхээр авч явсан бол зөрчилтэй эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус өөрчлөхөөр болов.

Харин төслийн 1 дүгээр зүйлийн 24 дэх заалтыг “Энэ зүйлийн 18 дахь хэсэгт заасан гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнгээс тооцон хугацаа хожимдуулсан хоног тутам 0,3 хувийн хүү ногдуулах ба уг хүүний хэмжээ нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна. Энэ тайлбарт заасан “хүү” нь Иргэний хуульд заасан “анз”-д хамаарахгүй” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар уг саналыг дэмжихгүй байгаагаа мэдэгдэхдээ, “Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлал нь бага эрүүгийн хууль биш. Миний эрх бусдын эрхээр хязгаарлагдаж байгааг хүнд сануулах агуулгатай. Гэтэл энэ зарчмаар үргэлжлэхгүй байна. Торгоно гэсэн агуулга нь сүүлдээ хүү, анз болж байна. Ийм байж болохгүй” гэж байлаа.

Төслийн 1 дүгээр зүйлийн 29 дэх заалтын 13.9 дүгээр зүйл буюу Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль зөрчихтөй холбоотой харилцааг зохицуулсан хэсгийн талаар үг хэлсэн гишүүдийн олонх эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.  Гишүүдийн зүгээс нийтийн хэрэгцээнд зориулан мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд мал төхөөрсөн бол зөрчлийг арилгуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэснийг эргэн харах шаардлагатай гэж байлаа. Сум орон нутагт халуун, хүйтэн устай орчин нөхцөл нь бүрдсэн мал боловсруулах үйлдвэр байхгүй. Орчин нөхцөл, дэд бүтэц нь бүрдээгүй байхад үйл ажиллагаа эрхэлж байгаа хэдэн хүмүүсээ торгох гээд байгааг эргэн харж, анхаарах шаардлагатай гэж байлаа.

Харин дээрх санал хэлсэн гишүүдэд хандаж Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар,  “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг өнгөрсөн хавар баталсан. Нийтийн хэрэгцээнд зориулан мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд мал төхөөрч, иргэдийн хүнсний хэрэгцээнд оруулах ёстой. Түүнчлэн малчин зөвшөөрөлгүй вакцин, эм тариа малдаа хийж болохгүй гэдгийг заасан. Та бүхэн үүнийг бүгд дэмжиж баталсан. Гэтэл үүнийг зөрчсөн тохиолдолд хариуцлагын асуудлыг Зөрчлийн хуулиар зохицуулах учиртай гэдгийг гишүүдэд тайлбарлаж байлаа.

Ингээд үдийн завсарлагааны цаг болсон тул чуулганы хуралдаан түр завсарлаж, үдээс хойших хуралдаанаар санал хураалтыг үргэлжлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж