“Өрийн дарамтыг бууруулах" Засгийн газрын зорилтын хүрээнд өнгөрсөн 2019 онд арилжааны нөхцөлтэй өндөр хүүтэй зээл авахгүйгээр төсвийн сахилга батыг сайжруулж 1.5 их наяд төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулсан байна.
Энэ Засгийн газар байгуулагдсанаас хойш 8 их наяд төгрөгийн өр төлбөрийг төлснөөр Засгийн газрын өр (ӨҮЦ) ДНБ-ий 55 хувь болж, 2016 оноос хойших хамгийн бага түвшинд хүрчээ. УИХ Засгийн газрын өрийн дарамтыг бууруулах зорилт, арга замыг тодорхойлсон стратегийн баримт бичгийг баталсан. Улмаар өрийн дарамт цаашид тасралтгүй буурч, 2022 онд ДНБ-ий 40 хувьд хүргэх зорилт тавьжээ.
Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж буй Засгийн газрын 29 тусгай санд хийсэн санхүүгийн хяналт, шалгалтын үр дүнд үндэслэн Засгийн газрын тусгай сангуудыг оновчтой зохион байгуулж, ил тод байдал, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг шинэчлэн батлуулсан байна. Хуулийн шинэчилсэн найруулгаар нийт долоон санг татан буулгаж, хоёр санг нэгтгэн зохион байгуулж, нэг санг шинээр нэмсэн. Засгийн газрын тусгай сангуудад хийсэн санхүүгийн хяналт, шалгалтаар 422.8 тэрбум төгрөгийн зөрчил, дутагдлыг илрүүлж, тэдгээрийг арилгах акт, албан шаардлага, зөвлөмжийг өгч ажиллажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ