ОСЛЫН УЛМААС НИЙСЛЭЛД ХОЁР, ОРОН НУТАГТ ХОЁР ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЧЭЭ
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-аас нэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1110 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 878 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтэж бэртсэний гурав нь хүүхэд байсан бол зам тээврийн ноцтой ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ.
Хүн бэртсэн нийт ослыг хэлбэрээр нь авч үзвэл,
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -11
- Мөргөлдөх хэлбэрээр- 4 тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 хүнийг шүүхээр баривчилж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Зам тээврийн ноцтой зослоос дурдвал,
- Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр 13.45 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сант сумын 2-р баг Орхон гол гэх газар асфальтан замд Toyota land cruiser маркийн автомашин Toyota Voltz маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 47 настай, эмэгтэй Г нас барсан.
- Арванхоёрдугаар сарын 31-ний 21.37 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Наадам центерийн баруун замд марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч овог, нэр гэрийн хаяг нь тодорхойгүй, /45-50 орчим насны эрэгтэй/ хүнийг мөргөж, амь насыг нь хохироогоод, хэргийн газрыг орхиж явсныг ТЦА-ны ЭЦХ-ийн алба хаагч нар шуурхай илрүүлж, хэргийг хуулийн дагуу шалгаж байна.
- Нэгдүгээр сарын 2-ны өдрийн 21.50 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Толгойтын гудамж, “Сод Монгол” ШТС-ын урд замд Hyundai Grace маркийн автомашины жолооч явган зорчигч хоёр иргэнийг мөргөж, 35 настай, эрэгтэй А гэмтэж, 52 настай, эмэгтэй Ш-ийн амь насыг хохироожээ.
- Мөн энэ өдрийн 08.52 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6-р баг, Цагаан хясаа гэх газар асфальтан замд Hyundai Sonata маркийн автомашин онхолдож, зорчигч 26 настай, эрэгтэй Б нас барсан хэрэг тус тус бүртгэгдсэн байна.
Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 23 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 26,3 хувиар буурсан бол нас барсан хүний тоо хоёр дахин өссөн гэж албаны хүмүүс мэдээлэв.
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ХОЁР АВТОБУС ШАТАВ
Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2019.01.03/ объектын түймрийн долоон дуудлага бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Дурдвал,
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Од” ХХК-ийн хашаанд 10х8 метрийн хэмжээтэй гараж, “Ниссан” загварын бага оврын автобус, Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, “Зорчигч тээврийн нэгтгэл” ХХК-ийн хашаанд “Даевоо дэси” загварын автобусны хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид арван минут ажиллан унтраажээ.
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны “Рашаант”-ын 7 дугаар гудамжинд иргэн Б-ын 18х10 метрийн хэмжээтэй нийтийн байр шатаж байсан, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны “Хайрхан”-ы 2 дугаар гудамжинд иргэн Г-ийн 9х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ