Хүүгээ гар утаснаас холдуулахын тулд Монгол руу аялжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

Хүүгээ гар утаснаас холдуулахын тулд Монгол руу аялжээ

Хүүгээ гар утаснаас холдуулахын тулд Монгол руу аялжээ

Канадын жүжигчин, кино найруулагч Жэйми Кларк гар утаснаас салахаа байсан хүүтэйгээ амьд харилцаа үүсгэхийн тулд Монгол руу аялсан тухай “BBC” онцолжээ.

Техник технологийн эрин зуунд ухаалаг утас, цахим сүлжээгүйгээр амьдралаа төсөөлөхөө больсон өсвөр насныхантайгаа ойлголцож, харилцан ярилцах нь эцэг, эх бүрийн хувьд маш том асуудал болоод байгаа билээ. Чухам энэ л асуудал Кларкт тохиолдсон учраас тэр энэ бүхнийг эцэслэхээр шийдэн, хүүгээ дагуулан Монголд ирсэн байна.

Адал явдалд дурлагч Кларк ууланд авирах, явган аялалд явах зэргээр байнга өөрийгөө сорьж байдаг нэгэн аж. Өдөржин утасны дэлгэц ширтэн, тоглоом тоглох хүүгийнхээ энэ байдалд тэр өөрийгөө буруутгадаг байна. Учир нь тэр хүүгээ бага байхад нь “Blackberry” утсан дээр хамтдаа тоглоом тоглодог байсан нь хүүгийнх нь гар утсанд донтох эхлэлийг тавьжээ.

Кларк 50 насныхаа төрсөн өдрийн баяраар гэр бүлээрээ цанын баазад очсон байна. Тэнд ямар ч интернет, гар утасны сүлжээгүй байсан учир хүү нь найзуудаасаа холбоо тасарсандаа ихэд бухимдаж буйг ажигласан Кларк гар утас, технологи гэр бүлийнх нь харилцааг хэрхэн сүйтгэж байгааг ухаарчээ.

Тэрбээр Монголын тал нутгаар мотоциклтой хөндлөн гулд давхих олон жилийн мөрөөдлөө биелүүлэхийн сацуу дэлгэцэнд донтсон хүүтэйгээ харилцаагаа сэргээхээр 18 настай хүүгээ дагуулан ийн Монголд ирсэн байна.

Кларк өмнө нь хоёр ч удаа Эверестийн оргилд авирч байсан туршлагатай уулчин бол хүү Хобе нь мотоциклтой хоёр удаа холын аялалд явсан ч аав шигээ ууланд авирч байсан удаагүй аж.

Тэд долдугаар сарын 28-нд Монгол руу нисч, ирсэн даруйдаа мотоцикл, тэмээ, мориор 2,200 км зам туулжээ. Монголд байх хугацаандаа тэд ганц ч удаа гар утсаа ашиглаагүй, олон гайхалтай зураг авхуулсан бөгөөд нэгийг нь ч сошиал сүлжээндээ нийтлээгүй байна.

Хобед утасгүйгээр олон хоног аялахад хэцүү байсан ч аавынхаа талаар илүү олон зүйл мэдэж авсандаа баярлаж буйгаа илэрхийлжээ. Кларк ч хүүгээ одоо хүртэл жаахан мэт санаж дутуу үнэлж байснаа ярьсан байна. Мөн тэд энэ аяллаас олж авсан туршлагаа амьдралдаа хэрэгжүүлж, техник технологийн муу талыг түрүүлж харахаасаа илүү өөрт ашигтайгаар амьдралдаа ашиглаж сурахаар болсноо ч хуваалцжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж