Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл Ерөнхийлөгч он солигдох мөчид мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээгээрээ дамжуулан ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг ҮАБЗ гаргасан гэдгийг зарласан нь араасаа олон асуулт дагуулж, нийгэмд талцал, маргаан үүсгээд байна. Энэ шийдвэр гэнэтийн байв уу, үндэслэл судалгаа нь юу байв, зээл тэглэх процессийг хэзээ, хэн, хэрхэн хийх вэ гэсэн асуултуудад УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газраас тайлбар өгөх хүн олдохгүй байна. Гэхдээ энэ шийдвэр гэнэтхэн гарч ирээгүй гэдгийг улс төрийн хүрээнд ярьж байна.
ҮАБЗ 2019 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 18-НЫ ӨДӨР ХЭЛЭЛЦЖЭЭ
Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ний өдөр хуралдахдаа энэ тухай хэлэлцсэн байна. Ингэхдээ энэ асуудлыг Засгийн газар нэг удаагийн хуралдаанаараа авч хэлэлцэж, Монголбанкны удирдлагын түвшинд үүрэг даалгавар өгчээ. Энэ асуудлыг ҮАБЗ хэлэлцсэн бөгөөд хэрэв тус зөвлөлийн гурван гишүүн гурвуулаа зөвшөөрвөл УИХ, Засгийн газарт чиглэл өгөх ёстой аж. Эх сурвалжуудын хэлж буйгаар энэхүү шийдвэрийг ҮАБЗ-ийн хоёр гишүүн нь дэмжиж, нэг нь эсэргүүцжээ.
Монгол Улсад тэтгэврийн насны 400 гаруй мянган иргэн байгаагийн 230 мянга орчим нь тэтгэврийн зээлтэй. Тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь ХААН банкаар, 30 орчим хувь нь Төрийн банкаар дамжуулан тэтгэврээ авдаг.
ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу тодорхой хэмжээнд судалгаа хийж, үндэслэлүүдийг гаргасан бөгөөд дотооддоо бонд босгох замаар шийдвэрлэхээр зохих түвшинд яригдсан байна. Энэ нь Салхитын мөнгөний ордыг барьцаалж, 800 тэрбум төгрөгийн бонд босгох хувилбар ажээ. Зохих түвшин гэдэгт Төв банк хамаарч байгаа ажээ. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ шийдвэрийг огт мэдээгүй хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн нь ч учиртай.
ХААН БАНКНЫ ХУВЬЧЛАЛ ХӨНДӨГДӨХ ҮҮ?
Ерөнхийлөгчийн дуулиант мэдээлэлтэй зэрэгцэн улс төрийн хүрээнд нэгэн анхаарал татахуйц үйл явц өрнөж буй тухай мэдээллүүд хөшигний ард хөвөрч эхлэв. Тодруулбал, ХААН банкны 54,4 хувийг худалдах, худалдан авах асуудал сүүлийн хоёр сар гаруй хугацаанд хөндөгдөж байгаа юм. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал ч мөн энэ зүг рүү хөтөлж байна. ХААН банкны 54,4 хувийг эзэмшдэг Японы иргэн Хидео Савада өөрийн эзэмшиж буй хувьцаагаа худалдах яриа дуулдаж буй. Түүний энэ “наймаа” бизнесийн хүрээнд ч асуудал дагуулж, 36,28 хувийг эзэмшдэг “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан ч оролцоод амжилт олоогүй гэх яриа ч бизнесийн хүрээнд яригдах болсон нь нууц биш ээ. Тэгвэл энэ хэлэлцээрт Ерөнхийлөгч оролцож эхэлсэн гэх албан бус яриа гарах болжээ.
Нэгэнт том хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа зарах сонирхолтой, нэг хэсэгт нь авах сонирхол байгаа учраас тэтгэврийн зээл тэглэх шийдвэр хаашаа эргэхээс энэ банкны хувь заяа хамаарч болохоор байгааг хэлэх хүмүүс байна. Мэдээж тэтгэврийн зээл төлөх эсэх эцсийн шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг гаргана. Тэд улсаа бодвол энэ шийдвэрийг хүлээж авахгүй баймаар байвч зургаан сарын дараа болох ээлжит сонгуулийн өмнө ахмадууддаа “ад үздэг” нэр зүүхийн хүсэхгүй. Харин хүлээж авбал улс орны эдийн засаг, нийгэмд нөлөөлөхүйц шийдвэр гаргасан муу нэр зүүх ацан шалаанд ороод байна. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч МАН-аас “том” авлагатайгаар энэхүү шахалтыг 2020 оны босгон дээр өглөө. Энэ авлага нь ХААН банкны 54,4 хувь биш байгаа гэх хардлага.
Энэ бүхний эцэст МАН ямар ч шийдвэр гаргасан Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэх “зориг” гаргасан ард түмний баатар болж үлдэхээс гадна томоохон банкны хувьцаа эзэмшигч болох боломж бүрдэж магадгүй нь. Харин МАН хэрхэн шийдвэр гаргахаас тэтгэврийн зээлээ тэглүүлэгчдийн болоод томоохон наймааны шийдвэр ч гарч мэдэхээр байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ