“Томчууд”-ын он дамжсан шийдэгдээгүй хэргүүд

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

“Томчууд”-ын он дамжсан шийдэгдээгүй хэргүүд

“Томчууд”-ын он дамжсан шийдэгдээгүй хэргүүд

Өнгөрсөн 2019 онд авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй зэрэг шийдвэрлэгдээгүй цөөнгүй гэмт хэргүүд он дамжив. Энэ удаад бид олны анхаарлын төвд байгаа, шийдэгдээгүй хэргүүдийг дахин сөхөж байна.


ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛЭХГҮЙ БУЮУ Б.МАХБАЛД ХОЛБОГДОХ ХЭРЭГ

2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны байранд хүн амины хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэмээн тогтоосон билээ. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал найман удаа хойшилж, бараг хоёр он дамнан үргэлжилж байгаа юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-ны өнөөдрийн 14:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болсон.

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хурлыг товлон хуралдуулсан. Хурлын үеэр шүүгдэгч Б.Махбал өөрийгөө мөн хохирогч хэмээн мэдүүлсэн гэх мэдээлэл бий бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргасан юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Махбалд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн, хэргийг прокурорт буцааж, түүнд өмнө нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн билээ.

С.БАЯРЫН АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ, БУСДАД ДАВУУ ЭРХ ОЛГОСОН ГЭХ ХЭРЭГ 

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээд багагүй хугацаа өнгөрсөн билээ. АТГ-аас 2015 оноос түүнийг Оюутолгойн гэрээг хийхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж, байцаалт авч, цагдан хориод байсан юм. Хэдэн он дамжин шалгагдаж байгаа түүнд холбогдох хэргийг өнгөрсөн есдүгээр сард шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлсэн ч 2-3 сар болж байгаа билээ.

АТГ-аас С.Баярыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар яллагдагчаар татан, 60 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон юм. Ерөнхий сайд асан С.Баяр нарсанд өнгөрүүлсэн жар хоногийн хугацаанд үзсэн, харсан, сонссон, уулзсан бүх дурсамжаа “Жаран хоног, “Жаран”-ы бутархай” номдоо бичсэн юм.

Тэрбээр уг номдоо “…Одоо тэнэгтээд дуугүй суухгүй. Дуугарна, тэмцэнэ. Гэхдээ дуугарч байна, тэмцэж байна гээд эндээс том том үгтэй ил захидал бичээд уналтай биш. Эсвэл ярилцлага өгөөд, хэвлэлийн бага хурал хийнэ гэлтэй биш. Тийм бололцоо ч алга. Ямар бололцоо байна гэвэл бодох бололцоо байна, бодсоноо тэмдэглэн үлдээх бололцоо байна…

…Төмөр хаалга тачигнан онгойж харгалзагч “Та гарна аа. Мөрдөн байцаагч ирсэн. Байцаалтад орно” гэлээ. Нөгөө л дүрс бичлэг хийдэг биерхүү ахлагч нарын нэг нь араас намайг туулаа. Тэд энэ ажлаа тууварт явна гэдэг аж…” гэхчилэн нарсанд өнгөрүүлсэн 60 хоногийнхоо талаар маш нарийн, нэг бүрчлэн тоочин бичсэн юм.

Г.БАТХҮҮ АГСНЫ АМИА АЛДСАН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Н.НОМТОЙБАЯРЫН ХЭРЭГ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурал нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр болсон. Түүнийг хуурамч мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр төрийн алба хаших эрхийг нь хоёр жил хүрэх хугацаагаар хасах, 5,4 сая төгрөгөөр торгох, 720 цагийн нийтийн хөдөлмөр эрхлүүлэх, эсвэл нэг жилийн хугацаатай гадагшаа зорчих эрхийг нь хасах ялтай зүйл ангиар буруутгажээ.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Т.Есөнтөмөр, Б.Эрдэнэбат нартай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлжээ. Шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан юм.

Энэ оны тавдугаар сард УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн асан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан Төрийн ордонд өндрөөс унасан байдалтай амиа алдсан хэрэг гарсан. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тус асуудлаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн юм. Тэрбээр твиттер хуудастаа “Худал мэдүүлсэн гэж гүтгээд 2 жил хүртэл төрийн алба хаах эрх хасч, 5.4 саяар торгох эсхүл, 720 цаг нийтийн ажил хийх, 1 жил зорчих эрх хасах ялтай ангиар татсан. Дөнгөж цагийн өмнө шүүх хурал зарлаж. Яасан ч хурдан юм бэ. Пицца хүргэлтээс ч хурдан. Очно доо. Хэвлэлд нээлттэй” гэж жиргэж байв.

З.БАЯНСЭЛЭНГИЙН УЛСЫН ТӨСӨВТ 972.4 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭХ ХЭРЭГ

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг 2019 оны аравдугаар сарын 21-ний өдөр цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан. Улмаар арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс түүнд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргасан юм.

З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Шүүгдэгч З.Баянсэлэнгэ нь өмнөх шүүх хуралд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг нэг сар гаруй хугацаагаар хойшлуулсан. З.Баянсэлэнгэ болон хэргийн бусад шүүгдэгч нарын өмгөөлөгч нар З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг тусгаарлуулах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч, хэргийг тусгаарлан, бусад шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг үргэжлүүлэн хэлэлцсэн юм.

Өмнө нь Улсын Дээд Шүүхээс З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн харъяаллыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тогтоож байсныг үндэслэн хэргийг тухайн шүүхэд шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй бөгөөд уг эрхээр нь шүүх хангаж, боломжит хугацааг олгосон боловч 2019 оны 11 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч З.Баянсэлэнгэ өмгөөлөгч сонгож аваагүй байв.

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 14.30 цагт товлогдсон ч хойшилсон. Өнгөрсөн хугацаанд түүнийг хэрэг шийдвэрлэх явцад саад учруулсан гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулж байв. Түүнийг нийслэлийн прокурорын газраас албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм.

Энэ хэргийн талаар тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Надад хийсэн хэрэг байхгүй. Улсаас нэг ч төгрөг аваагүй, улсыг хохироогоогүй. Түрээсийн орон сууц нь улсын мэдлийнх, түрээслэгчдийн мөнгө улсын төсөвт орж, эдийн засагт ашигтайгаар эргэлдэж байгаа. Ийм учраас би давж заалдах шатны шүүхэд хандана, нэр төрөө сэрээлгэнэ” хэмээн ярьсан билээ.

ДАРГА, НЯГТЛАН ХОЁРЫН 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ХУВЬДАА ЗАВШСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГ

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын  дарга Ш.Одончимэг болон ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, 1.5 тэрбум орчим төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газрынхан 2017 оны аравдугаар сард баривчлан, шалгаж эхэлсэн байдаг.

Эл хэрэг хоёр жил шалгагдсаны эцэст Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 /нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглах/, 22.10.1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн оны сүүлээр хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Ш.Одончимэг, Д.Энхжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд болж, хоёр өдөр үргэлжилсний эцэст шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн. Өнгөрсөн хугацаанд шүүгдэгч нар нь батлан даалтад байв. 

Н.ЗОЛЖАРГАЛЫН БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ӨГСӨН, ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ГЭХ ХЭРЭГ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийн шүүх хурал гурван удаа хойшилсон. Шүүх хурлыг энэ сарын 13-ны өдөр хүртэл хойшлуулсан юм. Түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээгээр мөнгө шилжүүлсэн хэмээн буруутгасан билээ.

Хэргийг сануулахад, Н.Золжаргал нь банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч8 тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шалгуулж эхэлсэн байдаг.

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгуулах хүсэлтээ УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд шалгалтын дүгнэлтдээ илэрхийлсэн байдаг. Үүнд, гурван их наяд төгрөгөөр хэмжигдэх “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” болон 2016 оны сонгуулийн өмнө мэндэлсэн “Сайн” хөтөлбөрүүдийг эш татrээ.

ЖДҮ-ТЭЙ ХОЛБООТОЙ УИХ-ЫН ГИШҮҮДЭД ХОЛБОГДОХ ХЭРЭГ

Нийгмийн даатгалын сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан тэргүүтэй Засгийн газрын 28 тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтын асуудал шийдлээ хүлээж байна. Гол нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлээс Засгийн газар, УИХ-ын гишүүд хамаарал бүхий компанидаа зээл гаргуулсан нь олны шүүмжлэлд өртсөн билээ.

Прокурорын байгууллагаас зөвхөн уг асуудалтай холбогдуулан УИХ-ын таван гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах асуудал оруулж байсан бөгөөд Засгийн газрын тусгай сангуудад шалгалтын ажил хийж эхэлсэн юм. УИХ-ын 49 гишүүн холбогдсон тус хэргээс 15-ынх “хэрэг” цагаадсан гэх мэдээлэл бий.

Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАРТ ХОЛБОГДОХ 60 ТЭРБУМЫН ХЭРЭГ

60 тэрбумын гэх хэрэгт нэр холбогдсон НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нарт Баянгол дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон байдаг. Тэд давж заалдах хүсэлт гаргасны дагуу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан болсон. Тус хуралд Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцсон бол тэдний өмгөөлөгчөөр М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун, Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашбямба, илтгэгч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ оролцсон юм.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаав. Улмаар тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон шүүх хуралд оролцсон шүүгдэгч А.Ганбаатар "Би хүний бэлдэж ирсэн зүйлийг сонсож, дарга нартаа үзүүлснийхээ төлөө ял сонсмооргүй байна. Энэ бол хэрэг биш. Тиймээс намайг яллаж байгаа зүйлчлэлтэй санал нийлэхгүй" хэмээн хэлж байв. Хэргийг сануулахад, Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр буруутгасан юм. Тэдэнд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан аравдугаар сарын 7-ны өдрийн 10.00 цагт товлогдон, шүүх хуралдаанаар яллагдагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд 12 цаг гаруй үргэлжилсэн шүүх хурлаас Ц.Сандуй, А.Ганбаатар нарт Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ монгол хаад” группийн Ерөнхийлөгч А.Ганбаатар нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан хэмээн буруутгаж, дөрвөн  жил хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргаж байв.

САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДЫГ ЗАРСАН АСУУДАЛД ХОЛБОГДСОН 17 ШҮҮГЧИЙН ХЭРЭГ

Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон гэх 17 шүүгчийн бүрэн эрхийг 2019 оны зургадугаар сарын 28-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж түдгэлзүүлсэн. Дээрх хэрэгт холбоотой, авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр зургаан шүүгчийн хэргийг прокурорт шилжүүлсэн юм.

Тэдний холбогдсон хэрэг “Ван гэх хятад иргэн Ян гэж өөрийн улсын иргэнтэйгээ нэгэн орд газраас болж маргасан хэрэг. Монгол хүнд байсан лицензийг худалдан авч, улмаар хоорондоо муудалцаад, шүүх хүчний байгууллагад хандсан байдаг.

Хууль, хяналтын байгууллагын зүгээс Хятадын иргэн Янгийн талд ажиллаж байсан гэх хууль, хяналтын байгууллагын өндөр албан тушаал хашиж байсан этгээдүүдийг шалгаж, тэдний хууль бус ажиллагааны халуун мөрөөр орж, шалгалтын ажил явуулсан байна.

Дээрх асуудалтай холбогдуулан илт үндэслэлгүй дүгнэлт гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах шинжээч Д.Авидхүү, мөн саяхан Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний ажлаа өгсөн Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяа тэргүүтэй хууль, шүүхийнхний хууль бус үйл ажиллагааг гүнзгийрүүлэн шалгаж буй мэдээлэл бий юм.

Нэр дурдагдсан шүүгчдийн нэрсийг дахин сануулъя.

  1. Б.Цолмонбаатар–Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч
  2. Э.Халиунбаяр–Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
  3. Б.Сайханцэцэг–Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч
  4. Д.Цолмон–Улсын дээд шүүхийн шүүгч
  5. Г.Цагаанцоож–Улсын дээд шүүхийн шүүгч
  6. Ж.Оюунтунгалаг–Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч
  7. Д.Дэлгэрцэцэг–Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
  8. Д.Байгалмаа–Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
  9. Х.Сонинбаяр–Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн
  10. П.Золзаяа–Улсын дээд шүүхийн шүүгч
  11. С.Амардэлгэр–Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч
  12. Т.Энхжаргал–Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
  13. Б.Нармандах–Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
  14. С.Төмөрбат–Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
  15. Н.Нарантуяа–Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
  16. П.Туяат–Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
  17. Ц.Амарсайхан–Улсын дээд шүүхийн шүүгч нар юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭНГИЙН АТГ-ЫН ХААЛГА ТАТСАН ХЭРЭГ

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг Авлигатай тэмцэх газраас авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Тодруулбал, Д.Тогтохсүрэн нь 2016 оны сонгуулиас өмнө Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт шалгаруулсныхаа төлөө бусдаар дамжуулан 70 сая төгрөгийн авлига авсан гэдгийг авлига өгсөн иргэн илчлэн, АТГ-т хандсан байна.

Тэрбээр авлига авсныхаа дараа тухайн иргэнд олон төрлөөр дарамт үзүүлж байсан гэх ба энэ хэрэгт Өвөрхангай аймгийн өнөөгийн Засаг дарга Г.Ганболд, ЗДТГ-ын Ерөнхий санхүүч Ч.Болормаа нар оролцсон болохыг тухайн иргэн шалгуулахаар баримтаар хавсаргажээ. Энэхүү авлигын хэрэг нь 2016 онд Өвөрхангай аймагт зарлагдсан сургууль, цэцэрлэгийн тендертэй холбоотой аж.

ЕРӨНХИЙ САЙД АСАН Ж.ЭРДЭНЭБАТАД ХОЛБОГДОХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХЭРЭГ

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1462.82 га талбай бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдан авч, улмаар “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд зарсан гэх мэдээллийг иргэд АТГ-т өгсөн. Үүний дагуу АТГ-аас Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татах саналыг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байдаг.

Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодитоор бус хэт доогуур үнэлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлт нээн шалгаж байсан бөгөөд түүнийг яллагдагчаар тооцох тогтоол батлан, АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг Тост, Тосон бумбын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь үнэн. Өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өгч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж