БИДНИЙ МЭДЛЭГ, БОЛОВСРОЛГҮЙН ҮР ДҮН МУХАР СҮСЭГ
Шинэ оны анхны нар харах аялалын такс 35 мянган төгрөг. УБТЗ-аас энэхүү аялалыг жил болгон зохион байгуулдаг бөгөөд шинэ оны анхны нар харж, аз хийморь, амжилтаа дуудах гэсэн хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр. Шинэ оны нар харснаа нүүр номдоо олон хүн тавьжээ.
Шинэ оны анхны нар харвал ажил үйлс бүтэмжтэй гэж монголчууд сүсэглэн залбирах нь сүүлийн жилүүдэд хэвийн үзэгдэл болсон. Гэвч, оны анхны нар, оны сүүлчийн нарнаас юугаараа ч ялгаагүй. Нар манддагаараа мандаж, жаргадгаараа жаргана. Шинэ оны анхны нар харлаа гээд тэр жилдээ ханиад томуу, өвчин зовлон тусахгүй, эд мөнгө бороо шиг шаагиад ирдэг гэвэл үүн шиг гэнэн философи үгүй биз.
"Хагалгаа амжилттай болбол лам багшийн ач, хагалгаа тааруухан болбол эмчийн буруу болдог" ийм л мухар, сохор сүсэгт монголчууд хэдийнэ автжээ. Найман настай балчираас наян настай буурал хүртэл лам багш өвчин ангаагч, мөнгө дуудагч, ажил бүтээгч шидтэн гэж эндүүрнэ. Тиймээс ч монголчууд ажил хийж мөнгө олохоос илүү Сарандаваагийн лекцэнд суувал амархан баяжина гэсэн ахархан бодолтой болцгоосон. Тэдний мухар, сохор сүсгийг нь далимдуулж баяжигсад ч олширсон. Энд тэндхийн овоо чулуунд мөргөж, эд хөрөнгө гуйн байгаль орчноо бохирдуулах нь ч бий. Төрийн цагдаа нь хүртэл наран саран гэх "хутагт"-уудад хадаг яндар болж, хамтран ажиллагаа гэрээ байгуулж суудаг, ийм "ядуу" сэтгэлгээ бүр ч эрчээ авч байгаа нь аймаар. Өөрөөр хэлбэл, могойн чуулган, бурхан, мөнгөний зураг постолж “Бурзай бурзай бурзай” , “Та цааш өөртөө шэйрлэж аваарай, лайк дараарай. Тэгвэл та тэд хоногийн дотор баяжна” гэх ч юм уу “Энэ мессежийг тэдэн хүнд явуулбал танд сайхан зүйл тохиолдоно” гэдэгт итгэдэг залуус олширсоор.
Хуримтай таарвал муу ёр, оршуулгатай таарвал сайн гэх ч юм уу эсвэл Мягмар, Бямба гаригт мөнгө гаргаж болохгүй, Пүрэв гаригт хумсаа авбал баяжина гэдэг зүгээр л мунхагийн зовлон. Зураг шейрлээд баяждаг, ламд хандаад эдгэчихдэгсэн бол Монголд ядуу бас өвчтэй хүн байхгүй байсан биз. Лам, бөө, удган, мэрэгч, төлөгчгүй айл Монголд цөөн. Нэгэн цагт Ленин багшдаа "үнэнч" явсан монголчууд аав, ээжээсээ ч илүү лам багшдаа хайртай.
Харамсалтай нь, монголчуудын энэ мухар сүсэг мэдлэг, боловсролгүйн үр дүн гэж мэргэжлийн судлаачид, сэтгэлзүйчид хэлж буй.
Үр хүүхдээ хар багаас нь мухар, сохор сүсэгт автуулж, “Ширээн дээр сууж болохгүй, орон дотроо дуулж болохгүй, босгон дээр гишгэж болохгүй гэхчлэн үй олон “муу ёр”-оор айлгадаг. Уг нь, мухар сохор сүсэгт үр хүүхдээ автуулах биш ёс заншил, уламжлал, зөв хандлагын тухай зөв үлгэрлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, ганданд мөргөөд, ганц мод шүтээд өвчин эдгэрэхгүй гэдгийг, өөрөө өөрийнхөө амьдрал, хувь заяаны эзэн гэдгийг хүүхэд багачууддаа ойлгуулах цаг болж. Тэгэхгүй бол өвөө, эмээ нар шигээ мунхагийн зовлонтой, мөнхийн харанхуйчууд бий болно. Мухар сүсэг хүний өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг. Өөртөө итгэлгүй хүмүүс төөрөгдөлд ордог. Төөрөгдөлд орсон хүмүүс улс орондоо хийж бүтээж, улс орноо хөгжүүлэх боловсролтой иргэн болж чадна гэж үү!
Энэ талаар “Отгонтэнгэр" их сургуулийн /ОТИС/ багш, философийн ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Б.Галиндэв гуайтай ярилцлаа.
"НИЙГЭМ СОЁН ГЭГЭЭРЧ, МЭДЛЭГЖИХ, ШИНЖЛЭХ УХААНЖИХ ТУСАМ МУХАР СҮСЭГ АЯНДАА ХУМИГДАНА"
-Мухар сүсэг ба итгэл үнэмшил хоёр юугаараа ялгаатай вэ. Монголчууд мухар сүсгээ итгэл үнэмшил гэж эндүүрдэг?
-Мухар сүсэг нь нэг талаасаа сэтгэлзүйн, нөгөө талаасаа нийгмийн үзэгдэл юм. Мухар сүсэг бол гэр бүлээс эхтэй. Бидний өвөө, эмээ нар ач, зээ нараа дэргэдээ суулгачхаад аливаа зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэй биш амьдралынхаа туршлагыг шашинтай холбож тайлбарладаг. Жаахан хүүхдүүдээс “Бурхан байдаг уу гэж асуувал "байдаг" гэдэг. Хаана байдаг вэ гэхээр Ганданд байдаг. Эмээтэйгээ хамт явж харсан” гэлцдэг. Эндээс харахад өвөө, эмээ нар хүүхдүүдээ бүр багаас нь ямар нэгэн хэмжээгээр шашны боловсрол гэж хэлж болохооргүй мухар сүсгийн анхны суурийг бүрдүүлдэг гэсэн үг. Харин шашин бол хоёр талтай. Эхнийх нь нийгмийг соён гэгээрүүлэх явдал.
Гэгээрүүлнэ гэдэг нь хүн өөрийн амьдралынхаа утга учрыг ухаарах, нөгөө талаасаа хэрэв чадвал нүгэл хийхгүй байх явдал. Гэтэл 1990-ээд оноос дахин дэлгэрсэн буддын шашин мухар сүсэг рүү ихэд хөтөлсөн. Үүний учир нь, хүмүүс буддын шашны философи үзэл ойлголтыг тайлбарлахаас илүүтэй шашны зан заншлыг үйлдэж эхэлсэнд байгаа юм.
Шашин зан заншлаараа дамжуулаад хүмүүсийг гэгээрлийн зам руу эсхүл мухар сүсгийн зам руу хөтөлдөг. Ерөнхийдөө гэгээрлийн зам руу яагаад хүмүүсийг хөтөлж чадахгүй байна вэ гэхээр буддын шашны философи утга санааг олон түмэнд ойлгуулж чадаагүйд оршино. Тухайлбал, үйлийн үр , орчлон ертөнц шүтэн барилдлагатай байх, оршин байгаа бүх юмс үзэгдэл хоосон чанартай байна зэргийг зөв тайлбарлаагүйгээс хүмүүс бурхан байдаг гэдэгт итгэж өөрсдийн хувь заяагаа даатгадаг болсон.
-Тэгэхээр шашин хэрэггүй гэсэн үг үү. Мухар сүсгийг яаж болиулах ёстой юм?
-Хүний амьдралын чухал хэсэг бол шашин. Шашинд үнэ цэнтэй асар том ололт, амжилтууд бий. Тэрхүү ололт амжилтыг таньж мэдэн амьдралдаа хэрэгжүүлж, мухар сүсгийг орхимоор байгаа юм. Буддын шашинд байгаа нэг хэцүү зүйл нь лам нар Төвөд хэл дээр номоо уншчихдаг. Сүсэгтэн олон түмэн түүнийг нь ойлгодоггүй учраас буддын шашин сэтгэл заслын маягтай болж хувирч байгаа юм.
Ер нь хүн оюун санааны эрсдэл буюу оюуны ядууралд өртөхөөр мухар сүсэгт автдаг. Харин мухар сүсэг, шашинтай холбогдоод ирэхээр хүмүүс бурхан гэх хий хоосон зүйлд итгэдэг. Тэгээд амьдралдаа тулгарах олон саад бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд бөө, лам, үзмэрчдэд ханддаг. Нийгэм соён гэгээрч, мэдлэгжих, шинжлэх ухаанжих тусам мухар сүсэг аяндаа хумигдана. Гэхдээ мухар сүсэг үгүй болохгүй л дээ, нийгэмд байсаар л байна.
–Нийгэм соён гэгээрсэн ч мухар сүсэг арилахгүй гэсэн үг үү?
-Хувь хүн болон нийгмийн амьдралд хүнд, хэцүү сорилт тулгарахгүй байна гэж үгүй. Германы философич Фридрих Ницше “Буддын шашин бол үнэн шударга шашин. Учир нь хүний нүүр рүү харж байгаад амьдрал зовлонтой юм гэдгийг шууд хэлдэг. Харин Христос шашин бол зохиомол шашин. Ертөнцийн эзэн гэж хаана ч байхгүй” хэмээн хэлсэн байдаг. Мухар сүсгийг, шинжлэх ухаан болон нийгэмд тулгарч байгаа шийдвэрлэж чадахааргүй хүнд хэцүү асуудал бэрхшээлтэй холбоод үзэхэд нийгмийн асуудлын нэгээхэн хэсэг нь байдаг
Мухар сүсэг бол нэг талаасаа сэтгэлзүйн үзэгдэл, нөгөө талаасаа нийгмийн үзэгдэл гэж би ярианы эхэнд дурдсан. Хүн аливаа нэгэн шийдвэрийг гаргахдаа сэтгэлийн баяр хөөр, уйтгар гуниг нөгөө талаасаа ёс суртахуун дээр тулгуурлан гаргадаг. Анзаараад байхад өнөөдрийн нийгэмд сэтгэлзүйн үзэгдэл нь давамгайлж байгаа учраас мухар сүсэг рүү явчих гээд байна.
-Хүнд хэцүү үед шашин "хань" болдог гэж ойлголоо. Гэхдээ хүн өөрөө өөртөө эзэн биш үү?
-Тийм ээ. Дэлхий нийт “Хүн л өөрийнхөө хувь заяаг шийднэ. Өөрөө амьдралаа бүтээнэ” гэсэн хандлага руу алхаж байна. Өөрөөр хэлбэл, хүн амьдралдаа тохиолдож болох бэрхшээлийг хөнгөвчлөх нэг арга нь мухар сүсэг болчхоод байгаа юм. Сэтгэл зүйчид “Хүн бол энэ ертөнцөд хаягдсан цорын ганц ганцаардмал амьтан. Тэрхүү ганцаардлаасаа гарахын тулд шашныг зохиож олсон” гэлцдэг. Гандан орж засал номоо уншуулахгүй бол ажил, үйлс нь бүтэхгүй гэдэг нь хүмүүсийн сэтгэл доторх хуурамч зүйл.
Би хувьдаа зурхай зуруулах , бөө мөргөлийг мухар сүсэг гэж боддог. Зурхай зурууллаа гээд миний амьдрал сайжрахгүй. Би л өөрийнхөө амьдралыг дархална. Бүтээнэ. Гандан гарч ном уншууллаа гээд намайг зүгээр сууж байхад миний амьдрал дардан болно гэвэл бас л үгүй. Би л өөрөө амьдралаа бүтээнэ.
Ном уншуулаад, зурхай зуруулаад байгаа нь бидний аливаа юмс үзэгдлийн учир утгыг хагас дутуу таньж мэдсэнтэй л холбоотой. Тиймээс мухар сүсэг нь цаад утгаараа танин мэдэхүйн философи юм.
БИДНИЙГ УЛС ТӨРИЙН ҮНЭН БУС ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНЭН ЗАЛЖ, ЖОЛООДОХ ЁСТОЙ
-Тэгвэл мухар сүсэг танин мэдэхүйн философи гэлээ, яагаад ?
-Мухар сүсэг хүний өөртөө итгэх, итгэл найдварыг үгүй хийдэг. Фридрих Ницше яагаад “Бурхан үхсэн” гэж хэлсэн бэ гэхээр шашны ёс суртахуун чиний нэрийн өмнөөс сонголт хийчхээд байна шүү. Тэгэхээр чи ёс суртахууны сонголтыг бурхны нэрийн өмнөөс биш өөрөө хийх ёстой. Бурхны нэрийн өмнөөс сонголт хийгээд байх юм бол чамд бие даасан хариуцлага гэдэг зүйл алга болно” гэсэн утгыг илэрхийлээд байгаа юм. Товчхондоо ”Бурхан үхсэн” гэдэг нь шашин шүтэхээ боль. Чиний өмнөөс бурхан шийдвэр гаргахгүй. Чи өөрөө л шийдвэр гаргана гэсэн үг. Хоёрдугаарт мухар сүсэг зарим хүнийг эргэж буцахааргүй болтол төөрөгдүүлдэг. Төөрөгдөх нь их аюултай. Цаашлаад нэг хүн байтугай, бүхэл бүтэн нийгмийн давхарга, улс үндэстэн төөрөлдөхөд хүрнэ шүү дээ.
–Сүүлийн үед монголчуудын сүсэг бишрэл хэрээс хэтэрсэн. Ардчилсан нийгэмд шашин шүмэх эрх чөлөөтэй болсонтой холбоотой юу. Эсвэл монголчууд эргээд сэтгэлгээний доройтолд оров уу?
–Аливаа нийгэм эрсдэлтэй тулгардаг. Социалист нийгэмд хөдөлмөрч, бүтээлч хүний бүтээсэн баялгаар ядуучуудыг тэтгэн бүгдийг адил тэгш амьдралтай авч явж байсан.
Харин Ардчилсан нийгэм энгийнээр бол хийж чаддаг бүтээлч хүн сайхан амьдарна. Чадахгүй залхуу нь ёроолд хоцор. Чамд хэн ч туслахгүй гэсэн үг. Энэ нь нийт хүн амын олонход эрсдэл болж байгаа юм. Эрсдэлтэй тулгараад ирэхээр хүн янз бүрийн гарц хайдаг. Тэр гарцуудын нэг нь мухар сүсэг.
Амьдралынхаа шийдлийг олж байгаа арга нь тэр. Боловсролгүй, шинжлэх ухааны суурь боловсролгүй хүмүүс л тэр замыг сонгож байна. Нэг хэсэг нь мухар сүсэгт төөрөлдөн итгэж үнэмшдэг бол нөгөө хэсэг нь тэднийг даган дуурайдаг. Тэгэхээр нийгмийн оюун санааг шинжлэх ухаанжуулах хэрэгтэй байгаа юм. Нийгмийн оюун санааны орон зай дотор шашин, шинжлэх ухаан, урлаг соёл гэхчлэн маш олон зүйл багтдаг. Харин шашны хэсэг нь ихдээд ирэхээр нийгмийн оюун санаа бүхэлдээ эсхүл нэгээхэн хэсэг нь төөрөгдөлд орж эхэлдэг. Нийгмийн оюун санааг хэрхэн оюунжуулах вэ гэхээр бүх шатны сургууль, шинжлэх ухааны байгууллагууд, гэр бүл, хэвлэл мэдээллийн байгууллагууд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Оюунжуулна гэдэг нь миний ойлголтоор аливаа юмс үзэгдлийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэнийг танин мэдэж олон түмэн элдэв цуурхалд хөтлөгдөх биш үнэнд хөтлөгдөх ёстой гэж ойлгодог.
Бидний гол баримжаалдаг зүйл бол үнэн. Япон Улсаас Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан Т.Шимизү “ Монголчууд өнөөдөр эв нэгдэлтэй амьдарч чадахаа байж. Учир нь монголчуудын зан үйлдлийг чиглүүлдэг үнэн тэдэнд мөхөстөж байна” гэж хэлж байсан удаатай. Өнөөдрийн нийгэмд улстөрийн үнэн, намын үнэн, хэн нэгэн эрх мэдэлтэй хүний үнэн яваад байдаг. Гэтэл биднийг шинжлэх ухааны үнэн залж, жолоодох ёстой.
Тэр нь хаанаас гарч ирдэг вэ гэхээр нийгмийн оюун санааны орон зай оюунжсан нөхцөлд л гарч ирдэг. Нийгмийн оюун санааны орон зай руу юу ч хамаагүй чулуудаад байхаар олон түмэн төөрөлдөх, аливаа цуурхлыг дагаж хувирахад бэлэн болдог. Энэ талаас нь харвал хэвлэл мэдээллийн байгууллага нийгмийн оюун санааг эрүүлжүүлэхэд онцгой том үүрэг гүйцэтгэх ёстой.
–Хүмүүс оны эхний өдрийн нарыг харахын тулд эртлэн босдог болж. Шинэ оны анхны наранд хүслээ шивнэж, аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхыг бэлгэшээдэг. Оны эхний өдрийн нарыг харснаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморь лундаатай явдаг гэж итгэдэг?
–Ард түмэнд бэлгэдэл гэж нэг зүйл бий. Шинэ оны эхний нар харах нь энэхүү бэлгэдлийн нэг хэлбэр юм. Ер нь өглөөний нарыг харах нь тэр өдрийг бүхэлдээ сайхан өнгөрөөх сэтгэл санаа тэнэгэр байх эерэг сэтгэлзүйн л үзэгдэл. Нар жаргахыг харах, бүрэнхий болохыг харах гээд хүмүүс цугладаггүй шүү дээ. Хүн сэтгэлзүйн хувьд өөдөө, гэрэл гэгээ рүү тэмүүлж байдаг амьтан. Түүнээс биш харанхуй руу тэмүүлдэг хүн хаана ч байхгүй. Нар харсан тэр жилдээ Батаагийн бизнес нь амжилттай, Болд сонгуульд ялна гэсэн үг биш. Энэ нь зүгээр л сэтгэл засал гэж хэлж болно.
МУХАР СҮСЭГ НЬ АЙДАС, ТҮГШҮҮРЭЭС ҮҮДЭЛТЭЙ
ОТИС-ийн Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Доктор (Ph.D) Б.Энхбаяр “Мухар сүсэг нь айдас, түгшүүрээс үүдэлтэй. Хүн төрөлхтний сэтгэл хөдлөлийн хамгийн хүчтэй авахыг хүсдэггүй мэдрэмжүүдийн нэг нь ганцаардал болон айдас байдаг. Айдас нь өөрөө хүний зан үйлийг чиглүүлдэг. Тухайн хүнд айдас, түгшүүр байгаа учраас түүнээс сэргийлж байгаа зан үйл нь мухар сүсэг болж таарч байгаа юм. Мухар сүсгийг хүн ямар ч шалтгаангүйгээр даган дуурайдаггүй. Хүн эхлээд ойлгочхоод дуурайдаг ч мухар сүсгийг хийхдээ ухамсрын түвшний тодорхой үйлдлээр хийгддэггүй гэсэн үг.
Жишээлбэл, тухайн хүнд өгүүлбэртэй бодлого өгөөд бодуулахад тархи нь идэвхжиж ажиллана. Харин мухар сүсгийг хийхэд хүний тархи тэгж идэвхжиж ажилладаггүй. Яагаад гэхээр тухайн хүнд мухар сүсэгт автах нь тархиа ажиллуулахаас илүү амар. Өөрөөсөө үл хамааралтай зүйлд найдах нь илүү хялбар л гэсэн үг.
Тухайлбал, оюутнууд шалгалтад орохын өмнө Гандан гардаг. Гандан гарах нь шалгалтад сайн авахад нөлөөлнө гэх иймэрхүү хоорондоо уялдаа холбоогүй зүйлийг хооронд нь холбож ойлгон түүндээ итгэх нь мухар сүсэг юм. Гэхдээ хүний амьдралдаа хийж байгаа бүхий л зан үйлийг ихэнхийг нь мухар сүсэгтэй холбоотой гэж ойлгож болохгүй. Сагс тоглохоор талбай дээр гарахын өмнө тухайн зүйлийг амжилттай хийхэд чиглэсэн агуулгатай тарни унших нь мухар сүсэг биш. Харин талбай дээр гараад миний хамгийн эхний шидсэн бөмбөг орох юм бол энэ тоглолтыг амжилттай дуусгах нь гэж итгэх нь мухар сүсэг.
Мухар сүсэгт автсан хүмүүс сул дорой болдог. Хүний ухамсраараа аливаа асуудлыг шийдэх бололцоог хааж эхэлдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл тархины эд, эс хөгжих бололцоог хааж хүн бодитоор юмс үзэгдлийг хүлээж авахаа больдог.
Шалгалтад орохын өмнө ном уншуулдаг, ирээдүйн хань ижлээ ламаас асуух зэрэг иймэрхүү зүйл нийгэмд түгээмэл ажиглагдаад эхлэхээр хүний ухамсарт тархины оролцоо багасаад нийгмийн хөгжилд садаа болж эхэлдэг.
Философичид мухар сүсэг ба итгэл үнэмшлийн талаар ийн ярьж байна. Монголчуудын хувьд хамгийн их үгүйлэгдэж байгаа мэргэжил бол сэтгэл засал. Сэтгэлээ засахын тулд лам бөөд хандах нэгэн байхад бүр лам бөөгүйгээр амьдралаа төсөөлөх нөгөө ч нь бий. Яг үнэндээ бурханд итгэх үү, өөртөө найдах уу гэдэг таны л сонголт. Бурхан сэтгэлээс, буг ч сэтгэлээс гэж үгтэй.
Холбоотой мэдээ