Килограмм тутамд 10 юань нэмсэн мах экспортлох квотын наймаа

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

Килограмм тутамд 10 юань нэмсэн мах экспортлох квотын наймаа

Килограмм тутамд 10 юань нэмсэн мах экспортлох квотын наймаа

Монгол Улс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар 45.6 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. Өнгөрсөн 2018 онд 704 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 160 сая ам.долларын хөрөнгө оруулалт орсонтой харьцуулбал махны экспорт буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Засгийн газраас 2017 онд гаргасан тогтоолоор, мал сүргийн тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац, хадлан, тэжээлийн хүрэлцээ хангамжтай уялдуулан таваарын зориулалттайгаар малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумдаас үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспортлохыг зөвшөөрсөн билээ.

Манай улс 2020 онд нийт эдийн засгийн эргэлтэд оруулах мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээг 20 сая малаар тооцжээ. Үүнээс 13 сая мал буюу 500 гаруй мянган тонн махыг дотооддоо хэрэглэх бол долоон сая мал буюу 174 мянган тонн орчим мах экспортлох нь.

Өнгөрсөн жил мах бэлтгэх 10 аж ахуйн нэгж хүсэлтээ явуулсан ч гурав нь л банкны шаардлага хангасан тул бага мах бэлтгэсэн байна. Энэ жил 14 аж ахуйн нэгж 20 мянган тонн мах бэлтгэх ажээ. Шинэ онд хамгийн их тоо толгойтой байгаа хонь, ямааны маханд квот тогтоогоогүй бол үхэр, адууны мах болон дулааны аргаар боловсруулсан маханд квот тогтоожээ. Харин эцсийн бүтээгдэхүүн болох зайдас зэргийг экспортлоход квотгүй байна.

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтохын мэдээлснээр, Монгол Улсын 29 аж ахуйн нэгж ОХУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй бол БНХАУ руу зөвхөн адууны мах экспортлох зөвшөөрөлтэй 10 гаруй компани, мөн дулааны аргаар чанасан мах экспортлох зөвшөөрөлтэй 10 гаруй компани бий ажээ. Махны экспорттой холбоотой шударга бус бизнес цэцэглэж, шүгэл үлээгчид үгүйлэгдэж байгааг бизнес эрхлэгчид хэллээ. Учир нь үйлдвэрийн бус аргаар бэлтгэсэн махаа чанаад, зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн нэр дээр экспортолдог зөрчил дутагдал их гарах болжээ.

ХХААХҮЯ-наас зөвшөөрөлтэй үйлдвэрүүд зөвхөн өөрийн үйлдвэр дээр махаа боловсруулж, экспортолсон хэмжээ боловсруулсан хэмжээ ижил байх ёстой гэсэн бодлого барьж буй аж. Хэдийгээр энэ асуудлыг мэргэжлийн хяналтын байцаагч нар хянаж байгаа ч тэр бүр үр дүнд хүрэхгүй, шударга бус бизнес цэцэглэсээр байгааг албаныхан өгүүлж байна.

МАХНЫ ЭКСПОРТТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Манай урд хөрш Хятад улсын махны хэрэглээ жилээс жилд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2026 онд тус улсын дундаж иргэн жилд 55 кг мах хэрэглэнэ гэсэн судалгаа гарчээ. Хятад улс манай хамгийн ойр, томоохон боломжит зах зээл. Тийм ч учраас манай нийт махны экспортын 80 хувь орчим тус улс руу гардаг.

Улсын хэмжээнд 50 гаруй төхөөрөх үйлдвэр, 100 гаруй боловсруулах үйлдвэр байдаг бөгөөд БНХАУ руу адууны хөлдүү мах экспортлох эрхтэй 10 үйлдвэр, дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах экспортлох эрхтэй 15 үйлдвэр байгаа аж.

Махны экспортын тусгай зөвшөөрөл авахад экспортлогч болон импортлогч улс хоорондоо Мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн нөхцөлийг тохирсон байх, экспортлох мах, махан бүтээгдэхүүнийг зайлшгүй үйлдвэрийн аргаар боловсруулсан байх шаардлага тавигддаг. Мөн мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйлдвэр нь импортлогч улсын Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын байгууллагаар хяналт шалгалт хийлгэж, тухайн улсад мах, махан бүтээгдэхүүн импортлох магадлан итгэмжлэл авсан байх гэх зэрэг шаардлагыг давсан байх зэрэг шалгуур тавьдаг байна.

Өнгөрсөн онд мах экспортлох сонгон шалгаруулалтад тэнцсэн 18 компани хамгийн багадаа 15, түүнээс дээш 2100 тн хүртэл хэмжээгээр адууны шинэ, хөргөсөн, хөлдүү, ястай, ясгүй мах өмнөд хөрш рүү гаргах зөвшөөрөл авчээ. Дээрх аж ахуйн нэгжийн зарим нь Засгийн газраас авсан квотоо “Эмээлт” зэрэг газарт мах бэлтгээд хадгалж буй хятад, монгол хүмүүст борлуулсан байж болзошгүй гэх мэдээллийг цагдаа, тагнуулын байгууллагаас шалгаж эхэлжээ. Шалгалтын явцад зарим аж ахуйн нэгж авсан квотынхоо нэг кг тутамд 10 юань нэмж эрхээ зарсан байж болзошгүй үйлдэл илэрсэн тул шалгаж буй юм байна.

Хууль хяналтын байгууллагаас хийсэн шалгалтаар өөрсдийн үйлдвэргүй ч адууны мах бэлтгэж, хил давуулах тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийг илрүүлжээ. Өнгөрсөн онд 1200 тн адууны мах экспортлох тусгай зөвшөөрөл авсан “Грийнгрэсс ланд” ХХК мал төхөөрөх, мах боловсруулах өөрийн гэсэн үйлдвэргүй байсан нь илэрсэн аж. Тус компанийнхан 2017 онд 5000 гаруй, 2018 онд 2000 илүү, 2019 онд 2800 тн түүхий мах экспортлох зөвшөөрөл авчээ.

БНХАУ-ын иргэн Сүний үүсгэн байгуулсан тус компани 2009 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр 1800 гаруй тн адууны мах хилээр гаргасан зэрэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

Квот авсан компани хятадуудын нэг кг махыг долоон юаниар ачиж, Монголын хилээр гаргаж өгдөг бөгөөд зөвхөн 100 тонн махнаас 200 гаруй сая төгрөгийн ашиг хүртдэг гээд бодвол тухайн аж ахуйн нэгжүүд мах худалдаж аваад, бэлтгэхгүйгээр квотоо хятадуудад зарж их хэмжээний мөнгө олдог гэсэн мэдээллийг эх сурвалж өгсөн юм.

Өнөөдрийн байдлаар “Эмээлт” зах дээр үйл ажиллагаа явуулдаг ченжүүдийн 90 гаруй хувь нь хятад иргэд байдаг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж