Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Холбооны цом-2015” тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр болж, аварга баг тодорлоо.
Сонирхогчдын болоод “Хүрхрээ 1-р лиг” мөн “Хүрхрээ” үндэсний дээд лигийн нийт 24 баг оролцсон энэхүү тэмцээний шигшээ тоглолтод “ФС Улаанбаатар” болон “Эрчим” гэсэн өнөө цагийн хүчирхэг хоёр баг туллаа.
Та бүхэн сайн санаж байгаа биз ээ. Дөнгөж хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн “Арвайн Үндэс” компанийн 100 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ” үндэсний дээд лигийн аварга болж, 40 сая төгрөг, мөнгөн медалийг хүртэж, 30 сая төгрөгөөр шагнуулсан шилдэг багууд ийнхүү дахин аваргын төлөө талбайд өрсөлдөв. “Эрчим” клуб ялалт байгуулж чадвал улирлыг давхар цомтой өндөрлүүлэх байсан бол “ФС Улаанбаатар” багийн хувьд улирлыг цомтойгоор дуусгах боломж нээлттэй байлаа.
Тус тоглолтын талбайн ерөнхий шүүгчээр Б.Хаш-Эрдэнэ, туслах шүүгчдээр Б.Ариунболд, Ч.Жавхлахтөгс, Д.Түмэнбаяр нар ажиллаа. Энэ улиралд 2 баг хоёр удаа тааран тоглоход “Эрчим” клуб бүгдэд нь ялалт байгуулсан. Гэхдээ “ФС Улаанбаатар” зүгээр ч нэг ялагдаагүй сонирхолтой өрсөлдөөнийг тоглолт бүрд үзүүлж чаддаг байлаа. Ийм л хоёр гайхалтай баг өнөөдөр талбайд ахин нэг цомын төлөө өрсөлдөж улмаар тоглолтын үндсэн цаг 0:0 харьцаатай өндөрлөсөн юм. Ингээд дүрмийн дагуу нэмэлт 30 минутыг сунгасан бөгөөд энэ хугацаанд аль нэг баг нь гоол оруулж чадаагүй тохиолдолд торгуулын цохилтоор ялагчийг тодруулах байсан.
Байдал хаашаа ч эргэж болох эгзэгтэй мөчид “Эрчим” багаас Никола Дуричич 92 дэх минутанд энэ тоглолтын анхны гоолыг оруулж багтаа маш том тэргүүллийг авчирсан. Мэдээж аль нэг баг ийм хүнд нөхцөлд гоол оруулахад сэргэх нь дамжиггүй байлаа. Харин сунгасан цагийн сүүлийн 15 минутанд Эрнани Мауро гайхалтай байж 108’, 112’ дахь минутанд дараалсан гоолыг оруулсанаар “Эрчим” хожил байгуулах нь тодорхой болж ирсэн. Ийнхүү тус тоглолтын эцсийн цэгийг сэлгээгээр орж ирсэн Ц.Энхтөр өөрийн гоолоор өндөрлүүлж, тэд 4:0 харьцаатай хожил байгуулж, улирлын 2 дахь цомоо магнайдаа мандууллаа. “ФС Улаанбаатар” багаас Б.Амартүвшин болон О.Баяржаргал нар цаг дуусахын өмнөхөн мөн улаан карт хүртэн тоглолтыг орхисон юм.
Шагнал гардуулах ёслолын өмнө Азийн Хөлбөмбөгийн Холбооноос дасгалжуулагчийн “B” зэрэглэлийн батламжийг мөн гардууллаа. Эдгээр дасгалжуулагчийн “B” зэрэглэлийн эрхийг:
- С.Эрдэнэ-Очир
- Г.Даваа-Очир
- Э.Ганзориг
- Ц.Энхжаргал
- Л.Доржжав
- Ж.Баяртулга
- Ж.Саруултоль
- Э.Шинэбаяр зэрэг дасгалжуулагчид гардан авлаа. Батламжийг МХБХ-ны техникийн хэлтсийн захирал Ш.Жаргалсайхан гардуулав.
- Ийнхүү “Хүрхрээ” үндэсний дээд лигийн аварга “Эрчим” клуб цомоо ихэрлүүлж, давхар амжилтыг гаргалаа. Тэд “Холбооны цом”-ын эзэн болж, алтан медаль, шилжин явах цом, 12 сая төгрөгийн эзэд боллоо.
- “Холбооны цом” тэмцээний дэд байрт “ФС Улаанбаатар” баг шалгарч, мөнгөн медаль, 8 сая төгрөг гардлаа. Шагналыг МХБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Буман-Учрал, МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүн Б.Болд, Гүйцэтгэх Хорооны гишүүн Б.Батзаяа Гүйцэтгэх Хорооны гишүүн М.Батболд болон МХБХ-ны техникийн хэлтсийн захирал Ш.Жаргалсайхан нар гардууллаа. “ФС Улаанбаатар” энэ улирал тун сайн байгаа хэдий ч гол хоёр тэмцээндээ мөнгөн медалийг хүртлээ.
- МХБХ-ны зүгээс “Холбооны цом”-ын тэмцээний хагас шигшээд шалгарсан багуудад 2,5 сая төгрөгийн шагналыг олгож байгаа. Хагас шигшээд шалгарсан “Дэрэн” болон “Улаанбаатарын Унаганууд” багууд мөн энэ өдөр шагналаа гардав.
ЭХ СУРВАЛЖ: МХБХ