Гэр дотроо гэртэй айл

Хуучирсан мэдээ: 2020.01.03-нд нийтлэгдсэн

Гэр дотроо гэртэй айл

Гэр дотроо гэртэй айл

Таван хошуу малаа танихгүй болтлоо хотожсон өнөө үед үр хүүхдээ монгол ахуйтай ойр байлгах үүднээс гэр дотроо гэр барисан нэгэн айлд бид зочиллоо. Өрхийн тэргүүн Э.Төрмөнх Зэвсэгт хүчний 013-р ангид ажилладаг бол эхнэр Э.Хэрлэнчимэг нь ЕБС-д бага ангийн багш. Тэд гэр бүл болоод найман жил болж буй. Бага насны хоёр хүүтэй. Хүүхдүүд нь багаасаа байшинд амьдарсан тул монгол гэрийн хэрэгсэл, бүтэц, зохион байгуулалтыг мэдэхгүй. Тиймээс тэдэндээ бодитоор зааж, сургах үүднээс хоёр ханатай монгол гэр өөрсдийн гараар хийж, гэр дотроо барьж өгчээ.

50 МЯНГЫН ГЭР

Гэрийн модыг өвөөгийн хэрэггүй болсон ханаар босгож, гаднах эсгий, туургаа зулхайгаар орлуулж, цаваг, бүрээсээ нимгэн цууны материалаар эсгэж оёжээ. Ойролцоогоор 50 мянган төгрөгт багтаан хийжээ. Хаана ч хамаагүй өргөөд зөөчих боломжтой уг гэрийн тойрог нь ердөө 1 метр 50 см. Аавын хөл жаахан илүү гардагийг эс тооцвол дөрвүүлээ ороод хэвтэхэд хангалттай багтана. Зундаа хөдөө аяллаар аваад явчихна. Халуун өдөр хаяаг нь сөхөөд хэвтэхэд сэрүүхэн гэж жигтэйхэн. Хэсэгтээ л нам унтдаг аж.

Хүүхдүүд ч гэртээ тоглох дуртай. Хамаатны хүүхдүүд ирэхэд хамтдаа айл гэрдэж тоглоно. Тэд одоо гэрийн баруун талд эрэгтэй, зүүн талд эмэгтэй хүн суудаг гэдгийг сайн мэддэг болжээ. Ийм ёс уламжлалыг аав ээж нь алхам тутамд нь хэлж өгнө. Өвөө, эмээ нь ч зааж, сургамжилна. Энэ тухай гэрийн эзэн ярихдаа “Манай хүүхдүүд гэрт амьдарч байгаагүй тул унь, тооно, баганаа ч мэддэггүй байв. Харин одоо гэр барих дарааллыг хүртэл сайн мэддэг болсон” гэв.

ХЭЛЭХЭЭС ИЛҮҮ БОДИТООР ХАРУУЛАХ ЧУХАЛ

Заримдаа хүүхдүүд гэрээ гоёх гээд аав, ээжийнхээ хамаг эдийг нүүлгэчих тохиолдол гардаг байна. Ханын цаг, хөнжил, дэвсгэр, дэр, аяга, шанага гээд хайсан бүхэн жижиг гэрээс олдоно. “Саяхан бид хоёр гацуурын гэрлэн чимэглэлээ “хажуу айл”-даа алдчихсан. Гэрээ чимнэ гээд авчихсан юм. Ороод харахад ханандаа өлгөөд их хөөрхөн тохижуулсан байсан. Ер нь манай хүүхдүүд аавыгаа дуурайгаад бүтээлч сэтгэлгээ сайтай. Юмхнаар юм хийх гэж оролдоно. Бид аливаа ажлыг хэлэхээс илүү хийж харуулахыг хичээдэг. Нүдээр үзэж, харж өссөн хүүхэд хамгийн сайн суралцдаг” хэмээн Э.Хэрлэнчимэг ярьж байв.

Тэрбээр бага ангийн багшаар ажиллаад арваад жил болж буй. Энэ хугацаанд хүүхдэд монгол гэрийн бүтэц, таван хошуу малыг ялган таниулахын тулд янз бүрийн арга хэрэглэж байжээ. Хамгийн үр дүнтэй арга бол бодитоор харуулж, мэдрүүлэх аж. Монгол гэрт нэг ч орж үзээгүй хүүхэд унь, тооно гэж чухам юуг хэлээд буйг төсөөлөхгүй ч гүй. Тиймээс тогтоохдоо муу. Ядаж ийм макет байдлаар хийгээд хүүхдэд заавал илүү ойлгодог байна. Э.Хэрлэнчимэг зуны амралтаар нутаг явахдаа замын турш хүүхэдтэйгээ байнга ярилцдаг тухайгаа ярьж байсан юм. Тэрбээр “Таван хошуу малыг зураг дээр заахаас илүү бодитоор харуулаад, бүр хамт зураг авхуулбал хүүхэд хэзээ ч мартахгүй. Монгол хүн байна даа ядаж гэрийн бүтэц, таван хошуу малаа сайн мэддэг байх хэрэгтэй шүү дээ” гэв.

ЮМХНААР ЮМ ХИЙХ УХААН

Ер нь эднийх монгол ёс заншил, түүх уламжлалаа их дээдэлдэг айл шиг санагдсан. Хоёул хөдөө өссөн болоод ч тэр үү хоймортоо сийлбэртэй авдар, бөхийн зодог шуудаг, морины тохом, хазаар залжээ. Гэрийн эзэн Э.Төрмөнх юмхнаар юм хийчихдэг гарын уртай нэгэн. Ор, шүүгээ, ширээ гээд гэрийн тавилгуудаа тэр өөрийн гараар хийжээ. Айл бүхэнд авдар байх ёстойг дуулаад цагаан сараар хорь гаруй сийлбэртэй авдар урлаад, хамаатан садандаа цагаан сарын бэлэг болгон өгсөн байна.

Мөнгөний гахайг ч мөн монгол хийцээр хийж үзжээ. Босоо монгол бичгээр нэг талд нь төрийн дуулал сийлж, нөгөө талд нь монгол улсын газрын зураг байна. Дээр нь алтан нарыг дүрсэлж, түүн рүү хадгалах мөнгөө хуйлаад хийх аж. Удахгүй болох сар шинийн баяраар настан буурлууддаа есөн тахилгатай цацал хийж бэлэглэхээр болжээ.

ТООСГО БҮРТ БИДНИЙ ДУРСАМЖ БИЙ

Гэрийн доторх тавилга, эд зүйлээс гадна Э.Төрмөнх байшингаа хүртэл өөрөө барьжээ. Суурийг нь эхлүүлчихээд Афганистанд энхийг сахиулахаар явж. Энэ хооронд эхнэр Э.Хэрлэнчимэг нь аав, ээж, ах дүү, хамаатан садангийн хамт байшингаа барьсаар л байж. Харин дотор чимэглэл, тохижилтыг гэр бүлийн хоёр ажлаа тараад оройн цагаар өөрсдөө хийсээр байгаад өвлөөс өмнө дуусгаж амжжээ. Ингээд өөрсдийн хүчээр босгосон өргөө цагаан гэртээ хуримаа хийж, анхны хүүхдээ өлгийдөн авсан байна. Энэ талаар гэрийн эзэн Э.Төрмөнх дурсахдаа “Бидний амьдрал нойлоос эхлээд өдийг хүрсэн болохоор үнэхээр амттай санагддаг. Уг нь бид хоёр саяхан хашаа, байшингаа зарж, байранд орохоор ярилцсан юм. Гэтэл бид яагаад ч эндээс холдож чадахгүй юм байна лээ. Энэ байшингийн тоосго бүрт бидний хамтдаа бүтээсэн дурсамж бий. Уг нь орой ирэхэд дулаан гэрт хүүхэд тухтай байвал зүгээрсэн. Даанч хашаа, байшингаа бодохоор сэтгэл хоргодоод холдож чадахгүй юм. Хөдөлмөр, дурсамж шингэсэн зүйлдээ хүн хайртай байдаг юм байна” гэсэн юм.

Э.Төрмөнх хашаандаа үхрийн нүд, чацарганы модтой. Хажууд нь бас хүлэмжтэй. Хүлэмжинд гүзээлзгэнэ, помидор, өргөст хэмх тарьдаг. Энэ ажлыг түүний  аав, ээж хариуцана. Хүлэмжний хажууд зундаа тойроод суух сүүдрэвчтэй. Үүнийг бас л Э.Төрмөнх өөрөө хийжээ. Эзэмшлийн 0,7 га хашаанд байшин, гэр, жимсний талбай, хүлэмж, сүүдрэвч гээд олон зүйлийг нэг дор багтаажээ. Ирэх жил илүү гарсан жаахан зайнд хоёр хүүхдээ жижигхэн байшин барьж өгөхөөр төлөвлөж буй аж. Гэхдээ хамгийн гол нь энэ бүхэнд тэд их мөнгө зардаггүй. Байгаа боломж юу байна түүнийг ашигладаг. Бүтээлч сэтгэлгээ, гарын ураа ашиглаад юмхнаар юм хийхийг илүүд үздэг. Үүнийгээ ч үр хүүхэддээ бодитоор зааж сургадаг байна. Өөрийн сэтгэл, зүрхээ шингээж хийсэн бүтээлээс илүү үнэтэй зүйл үгүй. Хүч, хөдөлмөр, хайраар босгосон амьдрал хамгийн бат бөх байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ХөөрхөнХөөрхөн
18
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж