Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн шийдвэр болох тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх зөвлөмж гарсныг шинэ оны босгон дээр танилцуулсан. Энэ нь нийгэмд багагүй талцал үүсгээд байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн шинэ оны мэндчилгээ өнөөдөр нийгэмд талцал үүсгээд байна. Ахмадуудын тэтгэврийг тэглэх асуудал нь ҮАБЗ-ийн зөвлөмж гэдгийг хэлсэн. Энэхүү мэдэгдлийг та юу гэж харж байна вэ?
-Монгол Улсын төсөв санхүүтэй холбоотой асуудал нь Үндсэн хуулиар олгогдсон УИХ-ын бүрэн эрхийн хүрээний асуудал байдаг. ҮАБЗ-ийн зөвлөмж, чиглэл байна уу аль нь ч байсан УИХ-аар хэлэлцэгдэж, эцсийн шийдвэр гарах ёстой гэж бодож байна. Мөн ҮАБЗ-өөс зөвлөмж, чиглэл нь аль нэг байдлаар өр авлага, ялангуяа дотоодын иргэдийн өр авлагыг тэглэхтэй холбоотой асуудлыг шууд хөндөж гаргаж тавиад, УИХ-аас давсан шийдвэр гаргаж байгаа нь Үндсэн хуульд хэр нийцэж байна вэ гэж бодож сууна. Энэ өр бага өр биш. Миний авсан мэдээллээр 776 орчим тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн өр байгаа юм байна. Үүний 95 хувь нь Хаан банк, төрийн банкин дээр төвлөрч байна. Энэ өрийг хэрхэн тэглэх ямар тооцоо судалгаа, үндэслэлийг Сангийн яам болон бусад холбогдох албаныхан гаргаж өгсний үндсэн дээр ийм зүйл ярьж байгаа юм болов уу гэж бодож сууна. Сангийн сайдтай холбогдох гэсэн боловч гадаадад томилолттой яваа юм байна. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны даргатай холбогдож энэ асуудлаар ярьсан, хэлэлцсэн зүйл байна гэдгийг тодруулсан ч одоогоор мэдсэн зүйл алга.
Салхитын мөнгөний ордыг барьцаанд тавих байдлаар зохицуулалт хийнэ гэсэн албан бус мэдээлэл л байна.
Намын бүлэг, УИХ дээр орж ирэхийг нь хүлээж ямар байдлаар, ямар судалгаатай, үндэслэлтэй орж ирэхийг нь хүлээхээс өөр аргагүй л байна. Улсын болон Засгийн газрын өртэй холбоотойгоор өрийн таазыг нэмэхгүй байх зохицуулалт бүхий Өрийн удирдлагын тухай хуульд УИХ саяхан өөрчлөлт оруулсан. Улсын өрийг нэмэхгүй байх чиглэл батлагдсан, өнгөрсөн гурван жилийн хугацаанд дотоодын өрийн бондыг төлж дуусгаснаа Сангийн сайд мэдэгдэж, дахиж өр зээл тавихгүй гэдэг асуудлыг ярьж байсан. Гэтэл энэ бүх ярьж байсан, хэлсэн зүйлээсээ, хүрсэн амжилтууд маань яах юм болдоо гэж бодож байна.
-Өр тэглэх асуудлыг зүгээр гурван хүн сууж байгаад шийдвэр гаргахгүй. Ямар нэг байдлаар тооцоо, судалгаа, үндэслэлтэй байж Ерөнхийлөгч мэдэгдсэн болов уу. Ер нь эдийн засаг талаас нь нэг удаад их хэмжээний мөнгийг төр тэглэнэ гэхээр эдийн засагт ямар үр дүн авчрах бол?
-Сүүлийн гурван жил Засгийн газар дотоодын бондын өрийг тэглэж, дотоодоос бонд авахгүй байгаа нь нэг том дэвшил гэж бид үзэж байсан. Улсын хэмжээнд бид 30 орчим тэрбум ам.долларын өртэй бол Засгийн газрын өр долоо орчим тэрбум ам.доллар байгаа. Ирэх жилээс эхлээд бид томоохон өр зээлүүд, БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцэл гэх мэт шийдэх ёстой том асуудлууд хүлээж байгаа. Тухайлбал, Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийг сунгах эсэх асуудал 2020 оны долдугаар сард шийдэгдэнэ. ОУВС-ийн хөтөлбөр тавдугаар сард дуусгавар болно. Түүний дараа Самурай, Чингис, Дим Сам бондуудын өр төлбөрүүд шил дараалан хүлээж байгаа. Тэгэхээр одоо ОУВС-ийн хөтөлбөр үргэлжлэх эсэх, своп хэлцэл сунгагдах уу, нөгөө саарал жагсаалт нь хар луу орох вий гэх мэт гадна талд томоохон эрсдэлүүд байна. Энэ бүхнийг тооцож, судалгаан дээр тулгуурлаж л ийм шийдвэр гаргасан байлгүй дээ. Хэвлэл дээр гарсан мэдээллийг ажиглаж байхад улс төрийн ашиг хонжоо харсан, буцаад халамж руугаа явах вий, сонгууль ойртож байна гэх мэтээр шүүмжилж байна.
Ер нь бэлэн мөнгө тараахын алдаа, оноог бид мэднэ. 2010 оноос хойш 3,1 их наяд төгрөгийг бэлнээр тараасны үр дүнг бид шүүн тунгааж, ярилцсан. Өмнө нь гаргасан алдаагаа дахин давтахгүй л байх ёстой юм.
-ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Намын удирдлагын түвшинд, бүлгээр хэлэлцээд явах байх. МАН-ын хувьд энэ шийдвэрийг дэмжээд явахаар өөр гарц харагдахгүй байна. Ялангуяа сонгууль ойртож байгаа энэ үед дэмжихгүй бол сонгуулийн оноо алдах эрсдэл үүсч болох юм?
-Ийм асуудлыг намын удирдлагын түвшинд гэхээс илүү эдийн засгийн тооцоо, судалгаатай судалж байж УИХ дээр ярих ёстой асуудал гэж бодож байна. Гэхдээ УИХ-ын гишүүд намын сонгуулийн эрх ашгийн үүднээс хандахгүй болов уу гэж бодож байна. Би хувь хүнийхээ хувьд сонгуулийн ямар нэг эрх ашиг харж хандаж чадахгүй. Яагаад гэвэл энэ улс орны эдийн засагтай холбоотой чухал асуудал учраас тооцоо, судалгаа үндэслэлтэй хийж, тооцож үгээ хэлэх ёстой болов уу гэж бодож байна. Мэдээж 230 мянган ахмадад баярлахгүй байхын аргагүй шийдвэр. Ямар ч тохиолдолд өр зээлийг нь тэглэнэ гэхэд баярлахгүй хүн гэж байхгүй. Ер нь ахмадуудад тэтгэвэр барьцаалж зээл өгдөг асуудлыг өөрчлөх ёстой юм. Тэтгэвэр барьцаалж зээл олгохдоо хугацааг нь багасгах, улирлаар, зургаан сараар гэх мэт хязгаарлалт хийж өгөх нь зөв шийдэл. Хөдөө, орон нутагт, тойрогтоо ажиллаж байхад ахмадууд өөртөө зээл аваагүй, ач зээ, үр хүүхдийнхээ сургалтын төлбөр, байрны урьдчилгаа, унах унаанд л ихэнхийг нь зориулсан байдаг юм билээ. Тэгэхээр ийм хүмүүст зээлийг нь тэглэнэ гэвэл баярлаж л таараа. Гэхдээ тэтгэврийн зээлийг тэглэлээ гэхэд малчны, оюутны сургалтын, ипотекийн зээлийг тэглэх үү эсвэл яах гэсэн нийгмийн бусад бүх давхаргад зээлээ улсаар чөлөөлүүлэх сэтгэхүй бий болгож, зээл төлөлтөд эсрэгээр нөлөөлж, эрсдэлүүд үүсч магадгүй гэсэн болгоомжлол байна.
-Сөрөг үйл явц нь эхнээсээ гарч байна л даа. Төв банкны ерөнхийлөгч өчигдөр тэтгэврийн зээл олгохыг өчигдрөөс эхлэн зогсоох шийдвэр гаргасан, үүнийг дагаад банкууд ч зээл олгохгүй гэдгээ мэдэгдчихлээ. Гэтэл удахгүй Цагаан сар болох гэж байна, үнэхээр тэтгэврийн зээл хэрэгтэй байгаа хүмүүстээ асуудал үүсгээд эхэллээ?
-Манайхан нэг асуудал шийдэхээрээ заавал нэг талын туйл руу нь хандаад байдаг болж. Өнөөдрөөс эхлээд хязгаарлах бус хугацааг нь багасгах маягаар тодорхой үе шаттайгаар, анхааруулж шийдвэр гаргах хэрэгтэй байсан. Шууд л өнөөдрөөс тэтгэврийн зээл өгөхгүй гээд л шийдвэр гаргачихаар ганц өөртөө хэрэглэх гэж тэтгэврийн зээл авдаг үе нь Цагаан сар. Идээтэй, гарын бэлэгтэй байх гэж зорьдог нь ахмадуудад хамгийн чухал нь. Гэтэл тэтгэврийн зээл олгохгүй гээд шийдвэр гаргахаар тэтгэврээ аваад, Цагаад сараар л ганц зээл авдаг хүмүүсийн асуудлыг хөндлөн тэглэчихээр хоёр асуудлын дундах эрсдэл үүсчихлээ л гэж харж байна. Эдийн засгийн аливаа асуудал дээр үнэхээр тооцоо, судалгаатай л хандмаар байна. Бид сэтгэлийн хөөрлөөр огцом шийдвэр гаргаж, түмэнд зарлачихаар олон түмэнд шууд утгаараа хүрдэг. Ерөнхийлөгчийн энэ мэдэгдлийг ихэнх хүмүүс шууд утгаар нь ойлгож, хүлээж авсан. Гэтэл энэ асуудлыг УИХ хэлэлцэнэ.
Хэрэв УИХ дээр унавал яах вэ. Би гэхэд энэ асуудлыг эсэргүүцвэл энэ Хаянхярваа гэдэг хүн хөгшчүүдэд дургүй хүн байна, битгий сонгоорой, сонгож болохгүй гээд эхэлнэ. Би зөв гэж үзвэл энэ шийдвэрийнхээ эсрэг явна.
Тэгэхээр өөрөө өөртэйгөө тэрсэлдэн байж буруу, зөвийн тухай ярина гэдэг хэцүү. Ойрын үед УИХ-аар орж ирэхээр нь тодорхой үе шаттай арга хэмжээ авах байх. Монгол Улсын хэмжээнд иргэдийнхээ авсан өрийг төр барагдуулна гээд яваад байвал буруу тогтолцоо руу явж байна даа гэж бодож байна. Улсын эдийн засаг даах уу, гадна, дотны эрсдэлүүд ямар байх вэ зэрэг олон зүйлийг бодож байж л энэ шийдвэрээ гаргахгүй бол хэцүү л асуудал.
–ҮАБЗ өнгөрсөн хугацаанд хэд хэдэн томоохон чиглэл өгсний дагуу УИХ шийдвэр гаргасан. Тухайлбал, зөвлөмжийн дагуу хуулийн байгууллагын удирдлагыг сольсон, УИХ-ын даргыг чөлөөлөх гэх мэт. Одоо нийгэмд маш том эрсдэл дагуулсан мэдэгдэл хийлээ. Энэ шийдвэрүүд улс төрийн хүрээний шийдвэрүүд гэж харах хүмүүс байна?
-ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаж, хуульд өөрчлөлт оруулж хуулийн байгууллагын удирдлагыг сольсон асуудлыг би анхнаас нь эсэргүүцсэн. Хуулийн байгууллагын удирдлагыг хүн солих асуудлыг эсэргүүцээгүй, бүх зүйл Үндсэн хуульд захирагдах ёстой гэдэг зарчмаар хандсан. Одоо ҮАБЗ-ийн зөвлөмж, чиглэл гаргаж улс орныг хамарсан зайлшгүй хэрэгжүүлэх бичиг баримтын түвшинд авч үзээд эхлэх юм бол Үндсэн хуулийн шууд зөрчил рүү явна. Энэ бол болохгүй зүйл. Бодвол Үндсэн хуулийн Цэц ямар нэг зүйл хэлэх байлгүй дээ. Цаашид ҮАБЗ чиглэл, зөвлөмж гаргалаа гээд УИХ дагаж шийдвэр гаргаад эхэлбэл бид парламентын тогтолцооны утга учир алдагдаж, Үндсэн хуулийн зөрчил рүү өдрөөс өдөрт явж байна гэж ойлгогдож байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ