Үр тарианы асуудлаар Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай дайн зарласнаар хэвлэлийн хуудаснаа бичигдэх болсон Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг нэлээн чанга нэгэн бололтой.
УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үед тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргалыг сар “зовоожээ”.
Энэ тухай Х.Золжаргал хэвлэлд өгсөн ярилцлагадаа,
-“Цандэлэгийг би сайн мэднэ. Бурмаа сайдыг үгүй мөн их зовоох юм аа. Цагтаа намайг бас нэг сар орчим тамласан. Яг ний нуугүй хэлэхэд Цандэлэг жаахан давраад байгаа л даа. 2012 оноос өмнө улаанбуудайн нэг тн-д улсаас 50 мянган төгрөгийн урамшуулал өгдөг байсан.Үүнийг шинэчлэлийн Засгийн газар 100 мянган төрөг болгон нэмсэн. Нэмсэн шалтгаан нь гурилын үнийг л өсгөхгүй гэсэн юм. Улаанбуудайн нэрлэсэн үнийг хямд байлгаж байж талхны үнэ хямд, гурилын үнэ хямд байна. Тийм байлгах гэхээр тариаланчид хөрөнгө оруулалтаа нөхөхөд мөнгө дутаад байсан учраас нэмж урамшуулал өгсөн. Тэгээд хоорондоо хамтарч ажиллаад сайхан явж байтал Цандэлэг бослого гаргасан. Улаанбуудайн үнийг 700 мянга болгоо л гэсэн. Тухайн үед нэг тонн улаан буудай 450 мянга байсан. Бид үүнийг хүлээн авах боломжгүй. Цандэлэгийн хүсэлтийг хүлээж авбал яамны бодлого байхгүй болчихож байгаа юм. Гурил талхны үнийг хямд байлгахын тулд нөгөөдүүлд 100 мянган төгрөгийн урамшуулал олгоод байдаг. Нөгөөдүүл чинь 100 мянгыгаа ч авна, үнээ ч өсгөнө гээд дайрчихсан. Ингэвэл хэдэн тариаланч хожоод ард түмэн хохирно биз дээ. Тийм учраас бидний хооронд зөрчил гарсан. Зөрчил нь сүүлдээ намайг гурилын үйлдвэрийн эрх ашгийг хамгаалагч болгоод л дууссан даа. Одоо Бурмаа сайд дээр үргэлжлээд явж байна. Гэхдээ бүх тариаланч Цандэлэг шиг биш юм шүү” хэмээн ярьжээ.
Г.ХОРОЛ