Шинэ он гарахын өмнөхөн “ЖДҮ хулгай” нэртэй ном хэвлэгдсэн нь олны анхаарлыг татаад байна. Уг номыг хаанаас эрхлэн гаргасан нь тодорхойгүй ч уншигчдын гарт хэдийнэ очжээ.
Уг номд УИХ дахь МАН-ын бүлгийн хэн гэдэг гишүүний хамаарал бүхий компанид нь хэдий хэмжээтэй зээл олгогдов, мөн бүлэг энэ асуудлаар хуралдахад гишүүдээс нь хэн нь юу ярив гэдэг проткол ч давхар баримт болж оржээ.
Жилийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн 40 орчим гишүүн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгодог гурван хувийн хүүтэй зээлийг өөрийн хамаарал бүхий компанидаа авсан тухай мэдээлэл олон нийтэд ил болж, нийгэмд дуулиан тарьсан юм.
Хэрэв энэ зээл жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд хүрсэн бол Монголд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэж, ажлын байр олноор бий болох байсан. Харин МАН-ын УИХ, Засгийн газрын хамаарал бүхий этгээдүүд энэхүү зээлийг авснаар зарим нь банк бус санхүүгийн байгууллага руу оруулж, мөнгө хүүлсэн байж болзошгүй асуудал ч сөхөгдсөн. Энэ хэрэг хууль хяналтын байгууллагад хүрч, шалгагдсан ч тухайн үед Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын алба хашиж байсан, УИХ-ын гишүүн Б.Батзориг хариуцлага хүлээж, сайдынхаа суудлаас огцорсон. Шүүхээр энэ хэрэг орсон ч прокурор руу буцсан. Энэ мэт үйл явдал нь МАН ЖДҮХС-гаас зээл авч иргэдийн боломжийг хулгайлсан үйлдлээ зөвхөн Б.Батзоригтоо тохож, бусад нь уснаас хуурай гарахыг оролдож байна гэх хардлага ч дагуулах болсон юм. Тэгвэл эл ном 2020 оны УИХ-ын сонгууль дөхөж буй үед сонгогчдод сэрүүлэг өгч, хэн нь хэдэн төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас “хуссан” бэ гэдгийг тодруулах боломжийг олгоод байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ