Шинэ он, шинэ хууль.
АНУ даяар хэрэгжих шинэ хуулиуд америкчууд төдийгүй дэлхийд ч их бага хэмжээгээр нөлөөлөх нь дамжиггүй. Машины суудлаас эхлээд үсний тухай 2020 онд хэрэгжих шинэ хуулиудыг танилцуулъя.
ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭ НЭМЭГДЭНЭ
2020 онд АНУ-ын 72 харьяалалд цалингийн доод хэмжээ нэмэгдэнэ гэв.
21 муж, Калифорнид голдуу 26 хотод цалингийн доод хэмжээ оны эхний өдрөөс эхлэн цагт 15 ам.доллар болон өссөн байна.
Харин өөр дөрвөн муж, 23 хотод энэ ондоо багтаан дээрх жишгийг дагах гэнэ. Ялангуяа Иллинойс, Миннесотагийн Сэйнт Паулд цалингийн доод хэмжээ хоёр дахин нэмэгдэх гэнэ.
Улс төр судлаач Яаннет Лэтроп блогтоо "Энэ өөрчлөлт улам бүр өссөөр буй өндөр өртөгтэй нийгэмд хамгийн бага цалин авч ажилладаг хүмүүсийн гарт яг хэрэгцээтэй мөнгийг нь олгох нүдээ олсон шийдвэр байна" хэмээн бичжээ. АНУ-ын цалингийн доод хэмжээ 2009 онд цагт 7.25 ам.доллар болсноосоо хойш огт нэмэгдээгүй байсан билээ.
ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ӨӨРӨӨ ЗОХИЦУУЛНА
Сүүлийн үед э-шуудан спамд ихээр өртөх болсон нь California Consumer Privacy Act(CCPA) байгууллагаас болж буй хэрэг. Энэхүү байгууллага нь хүмүүсийн хувийн мэдээллийг цуглуулж, зарах үйл ажиллагаа явуулдаг гэнэ.
Харин шинэ хуулиар хүмүүсийн хувийн мэдээллийг хадгалдаг ашгийн байгууллагуудад жилийн 25 сая ам.долларын татвар ногдуулж, хувийн мэдээлэл зарах болон 50 мянгаас дээш хүний мэдээлэл хадгалж буй байгууллагуудад 50 хувь илүү татвар ногдуулах нь.
БЭЛГИЙН ДАРАМТАД ӨРТСӨН ХЭМЭЭН ШҮҮХ БАЙГУУЛЛАГАД ХАНДАХ ЯВДЛЫГ ХЯЛБАРЧИЛНА
#MeToo хөдөлгөөний хүрээнд маш олон хүн бэлгийн дарамтанд орж байснаа илчилсэнд зарим засаг захиргааны байгууллагууд энэ тал дээр шинэ хууль батална хэмээн амалж байсан билээ.
Харин Калифорни нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гурван жилийн хугацаанд бүх насны хохирогчид прокурорт гомдол мэдүүлж болохоор болгож байна. Калифорни шинэ хуулийн дагуу бэлгийн дарамтад өртсөн хохирогч 40 нас хүртлээ эсвэл хэрэг гарснаас хойш таван жилийн дотор шүүх байгууллагад хандах эрхтэй болж байна. Мөн Иллинойст нас болон хугацаа харгалзалгүй бэлгийн дарамтад өртсөн бүх хохирогч хэзээ ч хуулийн байгууллагад хандах эрхтэй болжээ. Иллинойст өмнө нь 2017 онд хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхэд хэзээ ч шүүх байгууллагад хандах эрхтэй болж байсан ч насанд хүрэгчдийн хувьд хуулийн байгууллагад хандах нь гурван жилийн хугацаатай байсан юм.
МУЖУУД ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХӨНГӨРҮҮЛЭХ НЬ ХӨНГӨРҮҮЛЖ, ЧАНГАЛАХ НЬ ЧАНГАЛЖЭЭ
Галт зэвсгээс болж халдлагууд гарч олон хүний алтан амь эрсэдсэн дахин нэг жил өнгөрч засаг захиргааны байгууллагууд сая нэг галт зэвсгийн тухай хуулиа эргэн харлаа.
Колорадогийн Улаан туг хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн хүрээнд айл өрх, гэр бүлийн гишүүд, албан байгууллага, хувь хүн өөртөө болон бусдад хохирол учруулах аюултай хэмээн үзвэл галт зэвсгийг нь түр хугацаатай хурааж авч болохоор болжээ. Гэвч дээрх хуулийг олон хүн эсэргүүцэж, зарим цагдаа нар энэхүү хуулийг дагахын оронд шоронд орсон нь дээр хэмээцгээж байна.
Харин Теннеси муж дээрх хуулийн эсрэг зүгт хөдөлж, галт зэвсэг шинээр авах, эзэмшихэд тун хялбар болжээ.
ГЯЛГАР УУТЫГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ХАСЛАА
Олон удаагийн хэрэглээний уут хэрэглэх нь хэзээд хамгийн зөв санаа байсаар ирсэн. Харин 2020 оноос эхлээд уутаа гэртээ мартвал балрах нь.
Ореган муж дэлгүүрүүд нэг удаагийн гялгар уут зарахыг хориглосон АНУ-ын сүүлийн муж боллоо. Хуулийн дагуу дэлгүүрүүд үйлчлүүлэгчдээсээ олон удаагийн хэрэглээний уутаа гэрээсээ авчрах эсвэл цаасан уут худалдаж авахыг шаардах эрхтэй болж байна. Нэг удаагийн уут гэдэгт 2.25 мм-ээс нимгэн уутыг тооцож байгаа гэнэ.
ЖОЛОО БАРЬЖ БАЙХДАА УТСАА ОРОЛДОЖ БОЛОХГҮЙ
Нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Флорида дахь цагдаа нар жолоо барьж байхдаа гар утсаа хэрэглэсэн жолооч нарт торгууль бичихээр болж байна. Торгууль нь 30-60 ам.доллар байх бөгөөд хэр хурдан явж байснаас шалтгаалан нэмэгдэх боломжтой гэнэ.
Харин Массачусетст хоёрдугаар сарын 23-наас эхлэн блютуз болон машины зориулалттай горимоос бусад төрлөөр утсаа хэрэглэн хөдөлгөөнд оролцож байгаа жолоочдыг торгохоор болж байна. Ингэхдээ эхний нэг сарын хугацаанд сануулга өгөх ба гуравдугаар сарын 31-нээс эхлэн жинхэнэ торгууль ногдуулна гэнэ.
"ЗОГС" ТЭМДЭГ ДЭЭР ДУГУЙЧИД ЗОГСОХГҮЙ ЯВЖ БОЛНО
Унадаг дугуйнд моторт тээврийн хэрэгслүүдэд үйлчилдэгтэй адил хууль үйлчилсээр ирсэнд ихэнх дугуйчид бухимдалтай байдаг. Тэгвэл Ореганд энэ бүхэн өөрчлөгджээ.
Шинэ хуулийн дагуу дугуйчид зогсох шаардлагагүй улаан гэрэл болон "Зогс" тэмдэглэгээн дээр зогсохгүй явж болохоор болжээ.
АФРИК-АМЕРИКЧУУД ТӨРӨЛХИЙН ҮСЭЭ УРГУУЛЖ БОЛНО
Калифорни дахь хар арьст оюутнууд, ажилчид эцэст нь ийнхүү өөрсдийнхөөрөө байж болохоор боллоо.
Ингэснээр Калифорний ажил олгогчид, сургуулийн захиргаа нар оюутан, ажилчдаа европ маягийн үстэй байлгахыг шаардахааргүй болж, хар арьстай иргэд төрөлхийн үсний онцлогоосоо шалтгаалан Афро, Брэйд, твист, лок үстэй байж болохоор боллоо.
ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧИД МАШИНЫ ХҮҮХДИЙН СУУДАЛД СУУНА
Шинэ хуулийн дагуу Вашингтоны хүүхдүүд дунд сургууль хүртлээ буюу 144см хүртлээ машины хүүхдийн суудалд сууж зорчих ёстой болж байна.
Эх сурвалж: cnn.com